Шууд Chart

Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

2021-12-02 18:56:21

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 2021 оны 12 дугаар сарын2-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнээр томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т “өөр ажил, албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон бол Зөвлөлийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж болно” гэж заасны дагуу “Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай” Монгол УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсныг онцлоод Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн Дорждамбын Зүмбэрэллхам нь өөр ажилд томилогдон ажиллах болсон тул Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх буюу 81.8 хувь нь дэмжсэн гэж байлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны саналаар Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.


Д.Зүмбэрэллхамыг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө  
Үзсэн: 428 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй