Шууд Chart

Сурагч наснаасаа амьдралын замаа сонгосон хосууд

2021-12-03 11:03:41

Энэ удаад төмөр замчин залуусын төлөөлөл болгож Сайншанд татах хэсгийн зааварлагч машинч Төмөрбаатарын Ууганбаярыг гэргий Даваанямын Эрдэнэсувдынх нь хамт зочин хоймортоо урилаа. Т.Ууганбаяр энгийн ажилтнаас гадна сумын заан цолтой бол эхнэр нь уртын дуучин билээ.

-Юуны өмнө бидний урилгыг хүлээн авсан та хоёрт баярлалаа. Хэдүүлээ танилцуулга байдлаар яриагаа эхлүүлбэл зүйтэй болов уу?

Т.У:

-Манай гэр бүлийг сонгон зочноор урьсан танай сайтын хамт олонд баярлалаа. Би 2013 онд ОХУ-ын Омск хотын Зам харилцааны их сургуулийг төгсөөд өөрийн хүсэлтээр Сайншанд татах хэсэгт ирсэн. Өнгөрсөн хугацаанд технологич инженер, туслах машинч, машинч, зааварлагч, ашиглалтын инженер зэрэг ажлыг хийж байна. Би унаган төмөр замын хүүхэд л дээ. Манайх Замын III ангийн II хэсэг буюу одоогийн Оорцог-Энгэр зөрлөгт байсан. Чойрт сургуульд сурна. Баасан гарагийн орой 285 дугаар галт тэргэнд сууж, 02.00 цагт гэртээ очдог вагоны хүүхэд байлаа. Вагонд унтаад Улаанбаатар орж, төмөр замынхныг нэг шөнө хөдөлгөж явсан түүхтэй л хүн (инээв). Вагон тоолсоор тоо сурч байлаа. Нэг л мэдэхэд төмөр замчин болсон доо.

Д.Э:

-Миний хувьд 2013 онд тухайн үеийн Хөгжим бүжгийн коллежийн уртын дууны ангийг Монгол Улсын ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Д.Түвшинжаргал нарын удирдлага дор төгссөн. Эдүгээ "Саран хөхөө" театрт уртын дуучнаар ажиллаж байна.

-Хосуудын хувьд анх танилцаж байсан дурсамж хамгийн нандин байдаг шүү дээ. Тэр тухайгаа эргэн дурсах уу?

-Т.У:

-Манай хүн аравдугаар ангид байдаг жил манай ангид шилжиж ирсэн. Тэгээд арваннэгдүгээр ангид л ерөнхийдөө эхнэр минь болсон доо (инээв).

Д.Э:

-Сүүлд гэр бүлээ албан ёсоор батлуулж "Гэрлэлтийн гэрчилгээ"-гээ авахдаа манай хүн үерхэж эхэлсэн жилээ буюу "2005 онд гэр бүл болсон" гээд бүртгүүлчихсэн байсан. Түүнийг нь хараад "Би 15 настайдаа хүний эхнэр болчихсон юм уу?" гээд л нөхрөө дооглосон (инээв). Тэр түүхийг л манай хүн ярьж байна л даа.

-Хүүхэд насны үерхэл насан туршийн хайр сэтгэл болох нь тийм ч олон биш. Энэ нандин холбоог хэн нь илүү сайн гагнаж, бэхжүүлсэн юм бол?

-Т.У

-Хувь тавилан нь л тэгж таарсан юм байлгүй дээ. ОХУ-д 5,6 жил сураад ирэхэд манай хүн намайг хүлээсээр л байсан. Тэгж бодохоор би бас дажгүй залуу юм шиг байгаа юм (инээв)

-Д.Э:

-Жил гаруй хугацаанд үерхээд л би Хөгжим бүжгийн коллежид элсэж, манай хүн хойшоо сургуульд явсан. Миний хань чинь их уйгагүй залуу шүү дээ (инээв). Оюутан байхдаа над руу Орос дугаар явуулаад л. Өөрөө тийш явахдаа Монгол дугаараа аваад явчихсан. Орос дугаараасаа миний утас руу зурвас илгээнэ. Би хариуг нь Монгол дугаар руу нь бичнэ. Өдөр бүр хамт байгаа юм шиг ярилцана. Тэгж байтал фэйсбүүк гараад бүр ч сайн холбоотой болсон. Өвөл зуны амралтаараа байнга ирнэ. Ер нь нэг ч өдөр холбоо тасраагүй нь зургаан жил хүлээхэд нөлөөлсөн л дөө.

Т.У:

-Надад яриагүй юмаа ярьж байна шүү (инээв). Ангийн хүүхдүүд амралтаараа аялж зугаална гээд л явцгаана. Би харин эхнэр, хүүхэд рүүгээ л ирдэг байсан.

Д.Э:

-Бид хоёр дөрөвдүгээр курст сурч байхдаа аав, ээж болсон.

-Нөхрийнхөө ямар зан чанарт нь татагдсан бэ. Хайртай гэдгээ хэрхэн илэрхийлж байв?

Д.Э:

-Эхлээд надад сайн гэдгийг нь ер анзаараагүй. Ангид нь шилжиж ороод удаагүй байхад саарал костюмтай залуу надад үг хаяад л байсан. Тэгэхээр нь жаахан дургүйцэж, уурлаад л өнгөрсөн. Тэр өдөр нь дахин сургууль руугаа явах гээд хувцсаа өмсөж байтал хаалга тогшсон. Гэтэл нөгөө үг хаяад байсан залуу цагаан фудволк, жинсэн өмд өмсчихсөн, "Явах уу, 14:00 цаг болчихлоо" гэчихсэн зогсож байсан. Тэгэхээр нь "Манай ангид ийм хүүхэд байсан билүү" гэж бодож билээ. Анх удаа тогтож харсан нь тэр. Бид хоёр нэг байранд байдаг болохоор хамт хичээлдээ явна. Хамтдаа харина. Нэг өдөр "Бор-Өндөрийн уурхайн хөшөө очиж үзэх үү" гэсэн. Тэр өдрөөс л үерхэж эхэлсэн дээ. Манай хүн тийм ч даруухан биш. Гэхдээ бусад хөвгүүд шиг онгироод л, зодоон хийгээд явахгүй. Үеийн хөвгүүд дотроо ер нь хамгийн намбатай нь санагддаг байлаа. Нэг харахад л ороод ирчихсэн хажууд сууж байна. Их уйгагүй зантай (инээв).

-Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ. Миний мэдэхийн үндэсний бөхөөр багагүй амжилт гаргасан байх?

Т.У:

-Долоодугаар ангиасаа 11 дүгээр анги төгстлөө үндэсний бөхөөр хичээллэсэн. Оюутан байх хугацаанд жаахан хөндийрсөн. 2014 оноос ажлынхаа хажуугаар дахин хичээллэсэн. 2016 онд Дорноговь аймгийн Алтанширээ суманд үзүүрлэж, сумын начин цолтой болсон. Дараа нь, төрөлх нутаг Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зодоглож, сумын заан цол хүртсэн. Манай зүтгүүрчдэд чөлөөт цаг гэж ер нь бага шүү дээ. Би хувьдаа нийгмийн идэвхтэй байхыг их эрмэлздэг. Ялангуяа, чадах чинээгээрээ хүмүүнлэгийн ажилд хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Оюутан байхдаа фэйсбүүкт "Монгол бичиг" нэртэй бүлгэм нээсэн. Төгсөөд ирснийхээ дараа Дорноговь аймгийн Залуучуудын хөгжлийн төвийг түшиглэн. Монгол бичгийн дугуйлан ажиллуулж байсан. Одоо бол тухайн бүлгэмд маань олон мундаг хүн нэгдэж, нэлээд өргөжсөн. Миний хувьд Монгол бичгээ сурах сонирхолтой хүмүүсийг чадварлаг хүмүүстэй холбож өгөх үүрэгтэйгээр ажиллаж ирсэн. Дээр нь, УБТЗ-ынхаа Залуучуудын зөвлөлийн ажилд идэвхтэй оролцоно.

-Олон нийтийн сүлжээнд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг сурталчилж, түгээн дэлгэрүүлэхэд нэлээд идэвхтэй байгаа харагддаг?

Т.У:

-Үндэсний үйлдвэрлэгчдийг нэгдсэн сүлжээтэй болгочих юмсан гэсэн хүсэл эрмэлзэлтэй явдаг. Дотоодод үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүхэн "Нэг цонх"-нд орчихвол илүү өгөөжтэй шүү дээ. Хүн ер нь гадаадад байхдаа эх орныхоо үнэ цэнийг илүүтэйгээр мэдэрдэг юм билээ. Оюутан байхдаа "Монгол хүн Монгол хүнээ дэмжиж, Монголчуудын өөрсдийнх нь бүтээдэг баялаг, ёс заншил, соёлын өв нь улам өргөжин тэлэх ёстой юм байна. Би үүний төлөө юу хийж чадах вэ" гэж их бодсон. Тэр бодол, хүсэл эрмэлзлэлээ Монгол бичгээр эхлүүлж байсан бол одоо ч орхиогүй л явна. Өнөөгийн нийгэмд бахархал гэхээр 13 дугаар зууныг л ярьж цээжээ дэлдэхээс цаашгүй байна шүү дээ. Тиймээс залуус бид өнөө цагийн бахархлаа өөрсдөө бий болгох, хийх гээд оролдож байгаа юм бүхнийг гоочлохоос илүү дэмжих ёстой гэж би боддог. Ямар ч зүйлийн эхлэл нь огт алдаагүй байдаг шүү дээ. Цаг хугацааны явцад улам сайжруулаад л явдаг.

Д.Э:

-Хязгааргүй том газар нутаг, байгалийн баялагтай л гэнэ. Гэвч өөрсдөө юу ч хийж чадахгүй, бүх зүйл нь гадны улс гүрнүүдээс хараат байгаад байвал утгагүй шүү дээ. Ирээдүйгээ улам гэрэл гэгээтэй, үр хүүхдүүдээ аз жаргалтай байлгахын тулд энэ бүхнийг өөрчлөхийн төлөө залуус хичээх хэрэгтэй гэж боддог.

-Д.Эрдэнэсувдын уран бүтээлүүд ч ихэвчлэн л Монгол өв соёлыг тусгасан харагддаг?

Д.Э

-Миний хамгийн анхны уран бүтээл Монгол ардын уртын дуу "Саруул тал". Орчин үеийн этик хөгжимтэй хослуулж 2018 хийсэн бүтээл л дээ. Тэр цагаас хойш ардын, дуэт дуу болон театрынхаа уран бүтээлчидтэй хамтран "Үлэмжийн чанар" дууг таван бадгаар дуулсан гэхчлэнгээр ажиллаж л байна. Тэдгээр бүтээлээ одоогоор дүрсжүүлж амжаагүй байгаа. Хамгийн сүүлд "Ээжийн цацал" дуугаа дүрсжүүлэн  үзэгч, сонсогчиддоо хүргэлээ. Сүүлийн үед ер нь үндэсний урлагаараа дагнаж бүтээл хийх нь зүйтэй юм байна гэсэн бодолтой болсон. Яагаад гэхээр орчин цагийн уран бүтээлүүд хэдийгээр цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байгаа боловч чанар чансааны хувьд улам муудаад байх шиг. Миний л бодлоор шүү. "Уртын дуу гэдгийг зөвхөн мэргэжлийн дуучид л дуулдаг хэцүү зүйл"  гэсэн ойлголт өнөөгийн хүмүүст бий болсон байна. Гэвч бидний өвөг дээдэс бүгд уртын дууг ойлгодог, дуулдаг байсан. Дараа нь ардын богино дууг дуулдаг болж, тэгээд нийтийн дуу руу орсон байдаг. Улам л хялбарчлаад байна гэсэн үг. Энэ байдал удаан үргэлжлэхийн хэрээр уртын дууг дуулж чаддаг хүн улам ховор болно. Үр дүнд нь бидний үндсэн язгуур, суурь урлаг бүдгэрч байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр уран бүтээлч хүний хувьд уртын дуугаа улам бүр түгээн дэлгэрүүлэх нь ариун үүрэг юм гэж боддог. Одоо цагт үндэсний урлагаар уран бүтээл туурвих нь төдийлөн үр ашгийг нь хүртэхгүй ч байж магадгүй. Гэвч цор ганц өөрийн эрх ашиг, хувийн амьдралыг бодоод мэргэжлийн уран бүтээлчийн нийгэмд нөлөөлөх үндсэн үүргээ мартаж огтхон ч болохгүй шүү дээ.

-Урлагийн хүний амьдралыг ойлгох нь чухал гэдэг. Нөгөө талдаа төмөр замчны амьдралд ч ар гэр хамгийн чухал үүрэгтэй гэдэг шүү дээ?

Т.У

-Үерхэж эхэлж байхдаа л урлагийн хүн ажил ихтэй байна гэдгийг мэдэж байсан. Анхнаасаа хүлээн зөвшөөрчихсөн болохоор ханийн минь ажил хүндрэлтэй санагддаггүй. Хоёул ойлголцоод ажлаа ч, ар гэрээ ч авч яваад сурсан юм уу даа. Авьяаслаг дуучин бүсгүйн нөхөр байна гэдэг эр хүний хувьд бахархалтай сайхан л санагддаг юм. Би өөрөө ч урлаг, уран бүтээлд ойр байх дуртай хүн.

Д.Э

-Манай хүн уртын дуунд их дуртай. Утсан дээр нь миний сонсдог дуунаас олон уртын дуу бий. Зүгээр ч үгүй хамгийн мундаг дуучдын дууг нь цуглуулна аа. Надад маш сайн зөвлөнө. Ажил мэргэжлийг минь сайн ойлгоно. Ажлын онцлогийн тухайд, ер нь гэртээ байх нь ховор доо. Эхнэр хүүхэддээ өдрийн од шиг л харагдана шүү дээ. Би өөрөө хөдөө өссөн болохоор ч тэрүү. Хүүхдүүдээ аваад хөдөө явчихдаг. Эзгүй хээр хүүхдүүдээ тоглуулна. Хоёр хүүхдэдээ дуу зааж өгнө гээд л. Ялангуяа, цар тахлын нөхцөл байдал бий болсноос хойш ийм л хэлбэрээр чөлөөт цагаа өнгөрүүлж байна даа.

-Залуу гэр бүлийн хувьд хөдөө орон нутагт ажиллаж амьдрахад хэр байна вэ?

Т.У

-Сургуулиа дөнгөж төгсөөд л "Төрөлх нутгаа хөгжүүлнэ, хувь нэмрээ оруулна" гээд л чухам дэврүүн сэтгэлтэй залуу эхнэр хүүхдээ дагуулаад ирж байлаа. Зэрэг төгссөн, есөн хүүхдээс би ганцаараа л өөрийн хүсэлтээр Сайншандад ирсэн. Одоо эргээд харахад эхлээд их газрын хөлд орж үзчихээд дараа нь орон нутагт ирвэл арай илүү байсан ч юм шиг санагддаг. Нөгөөтэйгүүр хотын сургуульд хүүхдүүдээ өгвөл хөгжиж дэвших нь орон нутгаас арай илүү байх ч юм шиг бодогдох болсон.

Д.Э

-Нялх хүүхэдтэй үед бол агаар салхинаас эхлээд орон нутагт давуу талтай шүү дээ. Амьдралын хэв маяг талаасаа ч тайван амгалан. Хамгийн наад зах нь өдрийн хоолоо үргэлж гэртээ хийдэг. Өдрийн хоол хамгийн шим тэжээлтэй, чанартай байх ёстой шүү дээ. Хотод бол балга ус уух завгүй явсаар байгаад л өдөр өнгөрдөг юм билээ. Түгжрээнд хамаг цагаа өнгөрүүлэхээс эхлээд стресс ихтэй шүү.

-Залуу хүний хувьд ажил мэргэжлийнхээ онцлогийн тухайд ямар санал бодолтой явдаг вэ?

Т.У

-Жирийн хүмүүсийг бодвол төмөр замын ажил, алба өндөр үүрэг хариуцлагатай. 

Б.Э

-Биднийг багад огт танихгүй байсан ч насаар ахмад хүн шууд загнадаг байлаа шүү дээ. Гэтэл 2000-аас хойш оны хүүхдүүд тийм орчинд өсөөгүй учраас захиран тушаасан арга барилыг хүлээж авч чаддаггүй юм шиг ээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сурагч наснаасаа амьдралын замаа сонгосон хосууд  
Үзсэн: 2216 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй