Шууд Chart

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д айлчилж байна

2021-12-03 11:35:46

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын үеэр төр засгийн өндөр түвшний хүмүүстэй уулзалтыг хийж, газрын тосны үйлдвэрийн хамтарсан төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгах, Монголд "Цахиурын хөндий"-г байгуулахад хамтран ажиллах, "Болливүд"-ын киноны зураг авалтыг Монголд хийх, коксжсон нүүрсийг Энэтхэгт экспортлох зэрэг асуудлуудыг хөндөж ярилцлаа.

Монгол Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлал БНЭУ-ын Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалтаар эхэлж, УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа талаар дурдаж, уг төслийг хэрэгжүүлж дуусгах, коксжсон нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэнийг ноён С.Жайшанкар дэмжиж байгаа гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын дарга мөн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд бараалхлаа. БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковин БНЭУ, Монгол Улсын стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэхийг Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хичээн ажиллах болно гэдгээ хэлсэн байна.

Түүний дараагаар УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла-тай албан ёсны уулзалт хийсэн. Энэ үеэр УИХ-ын дарга Энэтхэгийн мэдээллийн технологийн салбарын ололт, амжилтаас суралцах, энэ зорилгоор хамтарсан сургууль байгуулах, Монголд "Цахиурын хөндий"-г байгуулахад Энэтхэгийн туслалцааг авах, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлж, "Болливүд"-ийн салбарыг Монголд байгуулах, кино зураг авалтыг Монголд хийх зэрэг санал дэвшүүлэхэд саналыг дэмжихээ Энэтхэгийн тал илэрхийлсэн байна. Ноён Ом Бирла Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжиж, худалдааны шинэ урсгал нээх боломжийг судлан, тус салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлээд, энэ хүрээнд БНЭУ-д Монголоос коксжсон нүүрс экспортлох асуудлаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-д айлчилж байна  
Үзсэн: 396 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй