Шууд Chart

А.Дашням: Ковидоос өөр гамшиг гаргахгүйн тулд бид хичээн ажиллаж байгаа

2021-12-08 10:30:11

Энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашнямыг урьж ярилцлаа.

-Цар тахлын амаргүй нөхцөл байдлын дундуур Нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар томилогдоод чамгүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа товчхон танилцуулахгүй юу?

-Цэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг 1997 онд төгсөөд яг энэ буурин дээр тухайн үеийн Нийслэлийн байгалийн гамшигтай тэмцэх салбарт шүхэрчин аврагчаар томилогдож, ажлын гараагаа эхэлж байлаа. Түүнээс хойш 24 жилийн дараа ажлын анхны гараагаа эхэлж байсан яг энэ буурин дээрээ Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын үүрэгт ажлыг хүлээн авч, тамга тэмдгээ гардаж авсан нь миний хувьд их сонин түүх болон үлдэж байна.

2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр НОБГ-ын даргаар томилогдсоноос хойш нэлээд ажлыг хийж, хэрэгжүүлэхээр зорьж, зарим төлөвлөсөн зүйлээ бодит ажил болгон хэрэгжүүлсэн байна.

Ялангуяа алба хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг шинэлэг хэлбэрээр зохион байгуулахыг чухалчилсан. Бие бүрэлдэхүүн маань зөвхөн дарга, удирдлагынхаа амыг хараад, тэдний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд суух биш, өөрсдөө санал санаачлага гаргаж, шүүмжлэл өрнүүлж, удирдлагатайгаа хамтран ажилладаг байгаасай гэж хүссэн. Тиймээс газрынхаа дотоод журамд өөрчлөлт оруулж, орон тооны бус Ахлагчийн зөвлөл, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Соён гэгээрүүлэх зөвлөлүүдийг шинээр байгууллаа.

 Нийт бүрэлдэхүүний 70 орчим хувийг эзэлдэг ахлагч бүрэлдэхүүний дуу хоолой, хүсэл эрмэлзлийг өөрсдийнх нь төлөөллөөр дамжуулан сонсч, хэрэгтэй, боломжтой санал санаалчлагыг удирдлагын түвшинд дэмжиж ажиллая гэж бодож эдгээр зөвлөлийг байгуулсан юм.

-Таны энэхүү санал санаачлага ч үр дүнгээ өгч байгаа бололтой. Ахлагчийн зөвлөлөөс хийж хэрэгжүүлсэн эхний ажлууд үр дүнд хүрч, цаашид хамтарч ажиллах урам зоригийг алба хаагчдад өгч байна гэж ажигласан?

-Ахлагчийн зөвлөл байгууллаа гээд шууд үйл ажиллагаандаа нэгдээд ажиллана гэхэд хүндрэлтэй. Тийм учраас нийслэлийн Онцгой байдлын газрын даргын зөвлөлд өөрчлөлт оруулж, Ахлагчийн зөвлөлийн даргаар сонгогдсон үйлчилгээний гавьяат ажилтан, тэргүүн ахлагч Х.Цогбадрахыг даргын зөвлөлийн гишүүнээр томилсон. Ингээд нэн тэргүүнд алба хаагчдынхаа нүдэнд харагдахуйц зүйлийг хийж, бид нэгдэж чадвал юуг ч хийж чадна гэдгийг харуулахын тулд нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нэг алба хаагчдаа байшин барьж өгөх төслийг хэрэгжүүлэх саналыг тавьж, үүрэг чиглэл өгсөн.

Үүний дагуу Ахлагчийн зөвлөлөөс ТВ9 телевизийн “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлэгтэй хамтран нэг алба хаагчаа байшинтай болгох томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тэгэхдээ нэгэнт  барьж байгаагийнх бусдад жишиг болох цогц байшин барья гэснээр ажлын хэсэг байгуулаад ажилласан. Ажлын хэсгийг хэсгийг Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээ, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах ахалж  багаа бүрдүүлж, үнэхээр чин сэтгэлээсээ зүтгэж, төрөл бүрийн гамшгийн эрсдэлийг тооцсон, жишиг байшин барьж чадсан нь бахархалтай байлаа.

Уг байшингийн эзнээр Онцгой байдлын албанд 15 дахь жилдээ ажиллаж байгаа СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл сонгогдсон нь нүдээ олсон сонголт болжээ гэж харж байгаа. Энэ сонголтод нэг ч офицер оролцоогүй. Зөвхөн ахлагч нар маань өөрсдөө судалж, сонгосон юм.

“Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийн багийнхны хувьд 70 гаруй компанитай холбогдож, 110 сая төгрөгөөр 8х15 хэмжээтэй иж бүрэн тохижилттой байшинг алба хаагчид маань 37 хоногт барьж дуусгасан.

Энэ төсөлд нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүнээс оролцоогүй алба хаагч байхгүй. Бүгд боломж бололцоогоороо хандив тусламж өгч, ажиллаж байгаа хүмүүстээ хоол ундаар үйлчилж байсан нь манай хамт олны нэг нэгнийхээ ажлыг дэмжиж, санаа тавьж байдаг сайхан сэтгэлийг харуулсан.

-Тэгвэл бусад зөвлөлийн хувьд хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас нь сонирхуулахгүй юу. Та бүхний туршлага манай бусад газар, хэлтэс, анги, байгууллагынхны хувьд сайн туршлага болох байх?

-Эмэгтэйчүүдийн зөвлөл маань бас олон ажлуудыг санаачлан зохион байгуулж байна. Зөвлөлийн даргаар Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч  Буяннэмэх  ажилладаг.

Эмэгтэй алба хаагчдынхаа хүсэл эрмэлзэл, дуу хоолойг сонсох, санал санаачлагыг нь дэмжиж ажиллах зорилгоор энэ зөвлөлийг байгуулсан. Энэ онд эмэгтэй алба хаагчдынхаа эрүүл мэндийг дэмжих зорилгоор тодорхой хэмжээний хөрөнгө мөнгийг шийдвэрлэж, нарийн мэргэжлийн үзлэг оношлогоонд хамрууллаа. Мөн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон, үр бүтээлтэй өнгөрүүлэх үүднээс нийт алба хаагчдаа иогийн хичээлд хамруулах зэргээр олон ажлуудыг санаачлан хэрэгжүүлж байна.

Миний хувьд алба хаагчид маань ажилдаа дургүй, аргагүйн эрхэнд цалин авахын төлөө ирдэг биш, ажилдаа ирэхийг хүсч, догдолж, яарч ирдэг байгаасай гэж хүсдэг. Гэтэл коронавируст халдварын цах тахлын үед маш их ачаалалтай, өдөр шөнөгүй, нойр хоолгүй ажиллаж байгаагаас болоод ч тэр үү, сүүлийн үед алба хаагчдаас ажлаасаа чөлөөлөгдөе, тэтгэвэртээ гаръя гэх саналууд маш их ирж байна.

Судалгаа хийж үзэхэд ажлын ачаалал, ар гэртээ цаг гаргаж чадахгүй байгаагаас шалтгаалан ар гэрийн дарамт шахалт, нийгмийн бухимдал, стрессээс шалтгаалж байгаа нь харагдсан. Тиймээс бид алба хаагчдынхаа сэтгэлзүйг дээшлүүлэх, албаараа бахархах, ажилдаа дуртай болгох зорилгоор Соён гэгээрүүлэх зөвлөлийг байгуулсан.

Надад эртний нэг мөрөөдөл байдаг юм. Нийслэлийн Онцгой байдлын газар 1000 шахам хүнтэй байж яагаад хөгжмийн хамтлагтай байж болдоггүй юм бэ гэсэн. Тэгээд 2013 онд Хан-Уул дүүрэгт ажиллаж байхдаа хамтлаг байгуулахаар ажиллаж байсан юм.

-Тэгээд яагаад байгуулаагүй юм бэ?

-Ажил солигдоод больсон юм. Одоо үүнийгээ хэрэгжүүлэх боломж олдсон тул Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлд санал тавьж, хөрөнгийг шийдвэрлүүлж, иж бүрэн цахилгаан хөгжим худалдан авахаар болсон. Манай нийслэлийн Онцгой байдлын газрын хэмжээнд 50 гаруй урлагийн авьяастан байдаг юм билээ. Энэ хүмүүсээрээ дамжуулан нийт алба хаагчид, ар гэрийнхнийг нь идэвхжүүлэх, авьяас чадварыг нь хөгжүүлэх, стресс ядаргааг тайлах, албаа сурталчлах, урлаг уран сайхан, дуу хөгжмөөр сэтгэлзүйг засах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна.

Удахгүй нийслэлийн Онцгой байдлын газрын “Хангарьд” хамтлаг төрөн гарч та бүхэндээ уран бүтээлээ толилуулах байх гэж бодож байна.

-Шинэхэн хамтлагийн уран бүтээлийг удахгүй сонсоно гэж хүлээж байя. Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэснээс аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарын хувьд орон нутгийнхаа удирдлагатай нягт хамтарч ажиллах нь их чухал байдаг. Таны хувьд нийслэлийн удирдлагуудтай ямарч түвшин хамтарч чадаж байгаа бол?

-Ажлаа авснаас хойш нийслэлийн удирдлагад Онцгой байдлын байгууллагаа танилцуулах, албаны онцлог чиг үүргийн талаар зөв ойлголт, мэдээлэл өгөх зорилгоор  Нийслэлийн Иргэдийн хурлын дарга Ж.Батбаясгалан, Засаг дарга Д.Сумъяабазар нарыг Онцгой байдлын газартаа болон Хар усан тохойд байрлах усны сургалтын талбайд урьж, нийслэлийн гамшгийн эрсдэл, өнөөгийн нөхцөл байдал, ашиглаж байгаа техник, тоног төхөөрөмж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэж байгаа нөхцөл байдлыг танилцуулсан.

Нийслэлийн  удирдлага биднийг маш зөв ойлгож дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Ялангуяа  аврах ажиллагааны техник тоног төхөөрөмжийг шинээр худалдан авч өгөх, албан хаагчдад жилд 10-аас доошгүй хүнд түрээслэн өмчлөх байранд орох квот өгөх зэрэг асуудлыг шийдэж өгсөнд бид маш их баяртай байгаа.

-Та бол Монгол Улсын хүн амын талаас илүү хувь амьдардаг, 380 гаруй жилийн түүхтэй хотын иргэдийг аюул ослоос авран хамгаалах үүрэг хүлээсэн хамт олныг удирдан ажилладаг хүн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гамшиг ослын нөхцөл байдал хэр байна вэ?

-Нийслэл хот маань гамшгийн эрсдэл өндөр хот.Тэр дундаа өнөөдрийн байдлаар коронавируст халдварын цар тахалтай тэмцэх ажил өргөн хүрээнд явагдаж байна. Энэ ажилд Онцгой байдлын байгууллагын алба хаагчид маань тэргүүн эгнээнд ажиллаж байна. Түүнчлэн газар хөдлөлт, үер ус, гал түймрийн гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах  ажлуудаа ч тасралтгүй хийсээр байна.

Нийслэлээс гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд хөрөнгийг шийдвэрлүүлж, хамтран ажиллаж байна. 2021 он гаргаснаас хойш нийслэлийн хэмжээнд гамшиг ослын тохиолдол, хохирлын тоо буурсан үзүүлэлттэй байгаа. Энэ нь нэг талаараа “КОВИД-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгтэй холбогдох боловч нөгөө талаар мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоо, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн гэж хэлж болно.

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн өнөөдөр “КОВИД-19”-өөс өөр гамшиг гаргахгүйн тулд хичээж ажиллаж байгаа. Урьдчилан сэргийлэх ажлыг шинэлэг байдлаар зохион байгуулахыг зорьж, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Байгаль орчны газартай хамтраад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх “Алдвал галдана” аяныг зохион байгууллаа. Үргэлжлүүлээд ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх “Мартаж болохгүй” аяныг зохион байгуулж байна. Цаашид урьдчилан сэргийлэх нөлөөллийн аяныг цахимаар, илүү хялбар, ойлгомжтой хэлбэрээр иргэдэд хүргэхээр зорьж байна.

Өнөөдрийн нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын баг үе тэнгийн залуучууд байдгаараа бас онцлог. Бүгд л дороос нь эхэлж, шат шатны ажилд томилогдон ажилласан хүмүүс учраас бие биеэ дэмжиж  санаа нэгдэн ажиллаж байгаа нь ажлаа амжилттай зохион байгуулах үндэс суурь болж байгаа гэж боддог.

Таны хувьд л гэхэд аврагчаас газрын дарга, сонсогчоос хурандаа болтлоо Онцгой байдлын албанд зүтгэж байна. Тэгэхээр ажил амьдралаа энэ албатай холбосон тэр цагийн дурсамжийг эргэн нэг сөхвөл яаж байна?

-Би 1996 онд Архангай аймагт 10 дугаар ангиа төгсөөд, Цэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд хуваарь авч орж байлаа. Багадаа нэлээд хөдөлгөөнтэй, спорт их сонирхдог, бие хамгаалах урлагаар хичээллэдэг хүүхэд байсан. Манайх ам бүл есүүлээ. Дээрээ нэг эгчтэй, айлын том хүү. Аав минь насаараа Иргэний нисэхэд ажилласан хүн. Тухайн үед нисэхийн байгууллага хагас цэргийн зохион байгуулалттай байлаа. Тийм болохоор аав маань Хөвсгөл, Дундговь, Архангай аймгуудад томилогдож ажиллахад бид гэр бүлээрээ дагаад л нүүж явсан түүхтэй. Аймгуудад нисэхийн ажилчид нэг дор, одоогийнхоор нэг хотхонд амьдардаг байсан юм. Хүүхдүүд нь бүгд л онгоцны “өвчтэй”. Эрэгтэй нь нисгэгч, эмэгтэй нь онгоцны үйлчлэгч болно гэсэн мөрөөдөлтэй. Ер нь тухайн үед нисгэгч нарын хүүхдүүд л нисгэгч болдог байлаа шүү дээ. Миний хувьд ч тийм л мөрөөдөлтэй байсан. Тэгтэл 1994 онд ОХУ-ын Омск хотноо нисэхийн техникчийн сургуульд явах боломж олдсон юм. Харамсалтай нь тухайн  үед би наймдугаар анги төгсөж таараад, цаанаас нь заавал 10 дугаар анги төгссөн хүн авна гэснээр явж чадаагүй.

Ингээд л 10 дугаар ангиа төгсөөд Цэргийн их сургуулийн Ахлагчийн сургуульд Иргэний хамгаалалтын байгууллагын анхны шүхэрчин аврагчийн ангид орж, суралцаж төгссөн дөө. Олон сайхан багш нараар хичээл заалгаж байлаа. Тэдний нэг нь одоогийн Үндэсний аврах бригадын захирагч Д.Намсрай хурандаа. На дарга маань бидэнд олон сайхан юм зааж, амьдралд чиглүүлж өгч билээ. Манай курсээс хоёр хурандаа, нэг дэд хурандаа, гурван хошууч, гурван ахмад, дөрвөн ахлах дэслэгч төрсөн байдаг юм. Бусад курсийнхэн одоо таарахаараа танайхан ч тэнгэрийн амьтад байсан юм биш үү гэдэг /инээв/.

-Тэгэхээр ямар ч байсан нисгэгч болох мөрөөдөлтэй явсан жаахан хүү онгоц жолоодоогүй ч өндөр тэнгэрт халин нисэх мэргэжлийг л сонгож, ажил амьдралын түүхээ бичиж эхэлж. Хувь тавилан байх, тийм үү?

-Тэгэлгүй яах вэ. Сургуулиа төгсөөд нийслэлийн Байгалийн гамшигтай тэмцэх ангид шүхэрчин аврагчаар томилогдож, ажлын талбарт хөл тавьсан. Түүнээс хойш энэ байгууллагадаа салбарын дарга, нисэн ажиглагч, отрядын орлогч, отрядын дарга, Цагдаагийн академид Онцгой байдлын тэнхимийн Онцгой байдлын багш, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, газрын дэд, Дорноговь аймгийн Онцгой байдлын газраар даргаар тус тус ажиллалаа. Ерөнхийдөө Гал түймрийн улсын хяналтын байцаагчаас бусдыг нь хийсэн дээ. Аврагчаас газрын дарга, ахлагчаас хурандаа болтлоо ажилласан түүх маань товчхондоо энэ.

Олон сайхан дарга, олон сайхан хамт олонтой ажилласан түүх, туршлагын ач буянаар өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар томилогдон ажиллаж байна. Би өөрийгөө бас их азтай хүн юм гэж боддог.

Нийслэлийн Онцгой байдлын газрын үе үеийн мундаг удирдагчид болох хурандаа С.Цогтбаатар, бригадын генерал Х.Батбилэг, хурандаа Н.Уламбаяр, Ж.Чүлтэмсүрэн, Л.Баярсайхан нарынхаа удирдлагад ажиллаж, тэдэнд загнуулж, зэмлүүлж, түүгээрээ хурцлагдаж, суралцаж явснаараа өдий зэрэгтэй явна гэж боддог юм. 

Саяхан нийслэл хотын маань ой болж, энэ баярыг тохиолдуулан  үе үеийн дарга нараа хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгууллаа. Үнэхээр сайхан үйл ажиллагаа болсон. Дарга нар маань хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, ололт амжилт, алдаа оноогоо ярилцаж суулаа. Одоог хүртэл байгууллагынхаа төлөө санаа тавьж, дэмжиж явдаг эдгээр дарга нарынхаа хийж бүтээснийг үргэлжлүүлж, нийслэл гэдэг их хотын ажлыг унагачихгүй юмсан, ололт амжилттай ажлыг улам  хөгжүүлж,  зөрчил дутагдалтай талыг нь засаж өөрчлөхсөн  гэж хичээж явна.

-Дээр та хэрхэн шат ахиж ажилласан тухайгаа цухас дурдаад өнгөрсөн. Эдгээр шат шатны ажлаас тань Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилогдсон нь орон нутагт ажиллахаар томилогдсон анхны томилгоо байв уу. Хэрхэн хүлээж авч байв?

-Орон нутагт удаан хугацаанд ажиллахаар томилогдсон анхны томилолт, гэнэтийн шийдвэр байсан. Тухайн үед НОБГ-ын даргаар ажиллаж байсан Ж.Чүлтэмсүрэн дарга гадагшаа ажлаар явахаар болоод би түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод, үүрэг чиглэлээ аваад харьж явтал ОБЕГ-аас Б.Үнэнбаатар хурандаа утасдаад “Яаралтай хүрээд ир” гэдэг юм. Яваад очтол шууд Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар оруулаад л, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын даргаар томилохоор болсон. Тухайн үед салбар зөвлөлийн даргаар бригадын генерал Г.Ариунбуян дарга ажиллаж байсан юм. Тэгээд “аймаг орон нутаг руу ихэвчлэн хурандаа цолоо авах гэж явдаг. Таны хувьд аль хэдийнэ энэ цолоо авсан. Дээр нь албан тушаалын статус бараг адилхан. Та юу гэж бодож  байна” гэхээр нь би ажиллая гэсэн шийдвэр гаргаад л, хурлаас дэмжигдээд гараад ирсэн. Хариад гэр бүлийн хүндээ хэлтэл итгэдэггүй. Тэгснээ явж явж говь руу яваад байхдаа яадаг юм бэ, өөр аймаг руу явж болоогүй юм уу л гэж байна. Тэр шөнөдөө нойр хүрээгүй. Би нээрээ ямар шийдвэр гаргачихав аа гээд л… Маргааш өглөө нь Т.Бадрал генерал дуудаад “Одоо шууд яв. Нөхцөл байдал хүнд байна” гэснээр шууд явсан даа. Тэгээд сайхан газар, сайхан хамт олонтой гурван жил орчим ажилласан.

-Гэнэтийн гаргасан шийдвэрээ дүгнэж ч амжаагүй байдаг. Тэгээд шууд яваад очиход ямар орчин нөхцөл угтаж байв. Иймэрхүү л байх болов уу гэсэн төсөөлөл ер нь байсан уу, өөрт тань?

-Анх очихдоо малын өвчлөл гардаг, объектын түймэр хааяа нэг гардаг, бусад гамшиг осол багатай газарт ирлээ гэж бодсон. Гэтэл яг намайг очдог жил наймдугаар сард хүчтэй үер болоод, Айраг суманд олон айл усанд автаж, вагон хүртэл замаасаа гарч онхолдож, дараа нь Замын-Үүд суманд хүн тээврийн автобусны том осол гарсан гэх мэтчилэн гамшиг ослын нөхцөл байдал тасраагүй.

Мөн 2020 онд “Говийн чоно” олон улсын дадлага, сургууль зохион байгуулах, 2021 онд коронавируст цар тахлын нөхцөл байдал гээд маш их ачаалалтай ажилласан жилүүд байсан даа.

Энэ хугацаанд би гурван Засаг даргатай хамтран ажилласан. Т.Энхтүвшин, Г.Эрдэнэцэцэг, О.Батжаргал гээд дарга нартай гар, сэтгэл нийлж ажилласан. Эдгээр дарга нар Онцгой байдлын газрын үйл ажиллагааг маш сайн ойлгож,  газрын материаллаг баазыг бэхжүүлэхэд харамгүй сэтгэл гаргаж ажиллаж байлаа. Онцгой байдлын газарт 800 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, техник, тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн нь  Онцгой  байдлын албан  хаагчдын ажиллах боломжийг дээшлүүлсэн гэж боддог.

Дараа нь одоогийн энэ ажилдаа бас л гэнэт томилогдсон. Хошууч генерал Г.Ариунбуян дарга гэнэт залгаад Замын-Үүд сумын нөхцөл байдлын талаар ярьж байснаа “Дашням хурандаа, би таныг нийслэлийн Онцгой байдлын газрын даргаар томилохоор шийдвэр гаргаж, дөнгөж сая тушаал дээр гарын үсэг зурлаа. Би маш олон хоног бодож байж гаргасан шийдвэр шүү. Одоо ажлын хэсэг гарна. Яаралтай ажлаа хүлээлгэж өгөөд хурдан ир” гэсэн команд өгсөн. Би ч мэдлээ гүйцэтгэе л гэсэн. Хоёр хоногт ажлаа хүлээлгэж өгөөд ирсэн. Гэтэл бас л эхнэр маань итгэхгүй бөөн юм болж билээ.

Одоо ажлаа аваад 11 сар болж байна. Генералынхаа итгэлийг эвдчихгүй юмсан, буруу хүнээ сонгочихож гэж харамсуулахгүй байхсан гэж хичээж л байна даа.

-Энэ гэнэтийн томилгоонууд гэр бүлийн хүнийг тань багагүй самгардуулаад авсан бололтой. Ер нь Онцгой байдлын байгууллагын алба хаагч бүрийн хамгийн найдвартай ар тал бол гэр бүлийнхэн байдаг. Тийм болохоор гэр бүлээ танилцуулахгүй юу. Нууц биш бол хэрхэн танилцаж байв?

-Гэргийг маань М.Мөнгөнцэцэг гэдэг. Банкинд ажилладаг. Би Цэргийн сургуулийн сонсогч байхдаа ШУТИС-ийн оюутны байранд амьдардаг байсан юм. Тэнд анх гэргийтэйгээ танилцаж, гэр бүл болсон. Амьдрал маань айлын хажуу өрөөнөөс эхэлж, анхны хүүхдээ өлгийдөн авч байлаа. Манайх нэг охин, хоёр хүүтэй. Дунд хүү маань намайг Москвад сурч байхад төрсөн. Ер нь бол алба хаагчийн гэр бүл гэдэг Онцгой байдлын байгууллагын ажилтан шиг болчихдог юм билээ. Тэр хэмжээний мэдлэгтэй, сэтгэлзүйтэй болчихдог. Тэр хэрээр таны хэлснээр найдвартай ар тал, албаны бэлтгэл бэлэн байдал, ажлын онцлогийг ойлгож бэлтгэгдсэн хүмүүс байдаг гэж ойлгодог.

-Нээрээ та чинь Онцгой байдлын байгууллагаас ОХУ-д Иргэний хамгаалалтын академи төгссөн анхдагчдын нэг. Энэ боломж танд хэрхэн ирж байв?

-ОХУ-ын МЧС-ын сайд Шойгугийн урилгаар 2008 онд Монголоос анх удаа хоёр хүн Иргэний хамгаалалтын академид сургах шийдвэр гарч, тухайн үеийн удирдлагууд миний найз, тухайн үеийн Хэнтий аймгийн Аврах салбарын дарга, ахмад Б.Энхжаргал бид хоёрыг явуулахаар шийдвэрлэж байсан юм.

Анхдагч гэснээс би нэлээд олон юмны анхдагч болсон түүхтэй юм байна шүү. 

-Тийм үү, сонирхолтой юм?

–Красноярск хотод 2003 онд гүний шумбагчийн курст суралцаж, 35 метрийн гүнд шумбах дадлага сургууль хийж, Монголын анхны гүний шумбагчийн үнэмлэх авч байлаа.  Дараа нь ОХУ-ын Иргэний хамгаалалтын академид анхны Монгол сонсогч, Үндэсний группын дарга, төгсөж ирээд Цагдаагийн академийн Онцгой байдлын чиглэл хариуцсан анхны багш, оныхноосоо хамгийн анхны хурандаа цолтон. Одоо бол НОБГ-ын хамгийн залуу дарга болчихоод байна даа. Бараг Булганых болох гээд бна уу даа /инээв/.

Иргэний хамгаалалтын академид суралцах хүсэлтэй олон сайхан дарга нар байлаа. Тухайн үед хоёр улсын хэлэлцээрийн хүрээнд Монгол сонсогч сургахаар болж, надад тэр завшаан тохиолдсон нь ёстой л хувь тавилан ивээсэн байх. Тэнд 10 гаруй орны хүмүүстэй маш олон зүйлийг сурсан. Манай академи төгсөгчдөөс одоо таван газрын дарга, зургаан хэлтсийн дарга, 10 хурандаа төрөн гарсан байна.

Академиа төгсөөд ирэх үед минь Цагдаагийн сургуулийн Гал түймэртэй тэмцэх тэнхим Онцгой байдлын тэнхим болсноор анхны багшаар нь томилогдсон. 10 гаруй төрлийн хичээл заадаг байлаа. Хоёр жил гаруй ажиллахдаа 250 гаруй шавьтай болсон. Тэд маань одоо Монгол Улсынхаа өнцөг булан бүрт сайн ажиллаж байгаа.

Таны амьдралдаа баримталдаг зарчим гэвэл?

Зарчим бол олон талтай. Хувь хүний зарчим, төрийн албаны зарчим гээд л… Гэхдээ эдгээрийг дагаж мөрдөж, хэрэгжүүлж явах нь зөв байх.

Хүн зорилготой байх ёстой. Зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж зүтгэх. Дараа нь зөв байх гэсэн зарчмыг баримталбал хүн ажил амьдралдаа амжилт гаргах боломжтой гэж бодож явдаг. Би ер нь зарчимч талдаа хүн шүү.

Тэгвэл бахархаж явдаг зүйл тань?

Хоёр жилийн өмнө  Дорноговь аймагт нефть боловсруулах үйлдвэрийн шав тавих үед Аж үйлдвэрийн сайд байсан Хурц гуайтай тааралдаж хууч хөөрсөн юм. Тэр хүн яг ийм асуулт асуусан.  Би  хамт олон, алба гээд л баахан юм ярилаа. Тэгэхэд тэр хүн чамайг ийм сайхан бие бялдар, царай зүс, оюун ухаан, боловсрол хүмүүжлээр төрүүлж өсгөж, сургаж хүмүүжүүлсэн эцэг эх, нутаг усаараа бахархаж, баярлаж яваарай гэж хэлж байж билээ. Тэгэхээр би төрүүлж өсгөсөн эцэг эх, төрсөн нутаг, гэр бүл,  амьдралын минь гарааг зөв чиглүүлж зааж сургасан эрдэмтэн багш,  олон сайхан дарга, удирдлага , хамт олон, өнөөдрийг хүртэл хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн Онцгой байдлын албаараа  бахархаж явдаг даа.

-Тийм бол ирээдүйгээ хэрхэн төсөөлж байна вэ?

-Мэдээж сайхнаар төсөөлдөг. Цаг нь болоод тэтгэвэрт гарахаараа өөрийн гэсэн хувийн байшинтай, тэндээ эхнэр хүүхэдтэйгээ жимс ногоо тариад, сайн өвөө, сайн аав, сайн хань болж амьдарна.

-Онцгой байдлын байгууллагад өдий хүртэл ажиллаж байгаагийнх, тэр дундаа энэ цаг үеийн удирдлагуудын нэг нь болж ажиллаж байгаагийнх албанд анх орж байгаа, ажиллаж байгаа залуустаа захиж хэлмээр, сануулж, анхааруулмаар зүйл байдаг болов уу?

-Онцгой байдлын алба нэгдсэн тогтолцоонд шилжсэнээс хойш 17 жил болсон байна. Энэ байгууллага олон сайхан залуусын амь нас, хичээл зүтгэлээр өдий зэрэгт хүрч, өнөөдөр энх цагийн эгэлгүй баатрууд гэж ард түмэнд хүндлэгдэх болсон байна.

Тиймээс энэ байгууллагын нэр хүндийг ямагт өндөрт өргөж явахыг,  эрхэлсэн ажилдаа чин сэтгэлтэй, үр бүтээлтэй, хариуцлагатай байж сэтгэлээ гаргаж ажиллахыг хүсч байна.

Одоо үед төр засаг, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаасаа эхлээд жирийн  ард түмэн маань ч Онцгой байдлын байгууллага, аврагчдын  ажлыг маш сайн ойлгож, жил болгон боломжоороо төсөв хөрөнгө, орон тоо нэмж  өгч байгаа.

Өнөөдрийн Ковидын нөхцөл байдал ч хэн нь хэн бэ гэдгийг маш  сайн ойлгуулж  өгсөн. Цаашдаа  төр засаг маань бүүр илүү бидний ажил, амьдрал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана гэдэгт би итгэлтэй байдаг. Цаг сайхан болно оо.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин


А.Дашням: Ковидоос өөр гамшиг гаргахгүйн тулд бид хичээн ажиллаж байгаа  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй