Шууд Chart

Өнөөдөр бол бидний хамгийн Бахархалт өдөр

2021-12-29 10:36:18

Яагаад гэж үү...

Бид эрх чөлөөтэй, бүрэн эрхт, тусгаар улс болохоо дэлхийд цуурайтуулсан өдөр. Бусад баяртай харьцуулах аргагүй. Тусгаар улс байхын үнэ цэнийг энэ өдөр илүү сайн ойлгож авцгаах өдөр юм даа.

1911.12.29

Энэ өдөр Монгол Үндэстэн харийн 200 гаруй жилийн дарлалаас ангижирч, туурга тусгаар аж төрөх түүхэн сонголт хийсэн.

Монголчуудад өнөөгийн энэ эрх чөлөөт, сайхан орныг төвхнүүлж, үлдээсэн тухайн үеийн эх орончид, Богд гэгээн, ноёд хан, түшмэд, мэргэд, дипломатуудын алдар гавьяат магтан дуурсах бахархалт өдөр юм.

Бидэнд туурга тусгаар, бүрэн эрхт улсыг үлдээхийн төлөө тэдний дийлэнх нь Их гүрнүүдийн хайчин бодлого, “улаан гал дундуур” туучиж явсаар эрх чөлөө тусгаар тогтнолынхоо өмнөөс алтан амиа золиослосон эмгэнэлтэй түүх зурайж байдаг нь нэн уйтай.

1913 онд:

Хаант Орос өөрийн ашиг сонирхлын үүднээс ДИУ-тай Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн тунхаг гаргав. / энэ хугацаанд Богдын ЗГ бусад их гүрнүүдээр тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрүүлэх гэж олон талын чармайлт гаргасан. Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайд Чин ван Ханддорж, Ерөнхий сайд Сайн ноён Хан Намнансүрэн нар Хаант Орос руу дараалан айлчилж, Европын орнуудын ЭСЯ-дын үүдийг сахиж байсан гашуун түүх бий. Тэд Оростой муудахгүйн тулд бидэнд үүдээ нээж өгөөгүй.

Япон руу элч зарахад ч Япон Оростой хийсэн тохироогоо бодоод Богдын элч, захидалыг аваагүй байдаг.

1915 онд:

Хиагтад болсон Монгол, Хаант Орос, ДИУ-ын хэлэлцээгээр биднийг ДИУ-ын автономит эрхтэй нэг хэсэг гэж ТУЛГАН хүлээн зөвшөөрүүлэв.

1919 онд:

Дундад иргэн улсын генерал цэрэглэн ирж, Монголын хаант засгийг эзэрхийлэн буулгаж, автономийг устгав. / Монголчууд автономит эрхгүй болов/

1921 онд

Монголын ихэс дээдэс Оросын цагаантан, улаантаны дунд ухаалаг алхам хийж, ардын хувьсгалыг ялалтанд хүргэсэн байдаг. /Зөвлөлт Орос өөрийн ашиг сонирхлын үүднээс биднийг дэмжсэн нь дараа дараад нь Монголд болсон үйл явцууд тодорхой харуулдаг/

1924 он

Монгол хэмжээт эрхт хаант засагтай, Бүгд найрамдах улсаа тунхаглав. Гэхдээ Зөвлөлт загвараар. / Английн загвараар явах гэсэн эрх баригчид, түшмэдүүд энэнээс хойш нэг нэгээрээ учир битүүлэг шалтгаанаар таалал төгссөн байдаг/

1936 он

Зөвлөлттэй харилцан туслалцах протокол байгуулж, нэг ёсондоо холбоотнууд болов. Үүний үр дүнд Зөвлөлтийн цэрэг Монголд ирж, 1939 онд Халхын голд Японы өдөөн хатгалага, өнгөлзөлгөөг дарж авснаар Монгол ч тэр Орос ч тэр Алс дорнод дахь айх аюулаас ангижирав.

1937 он

Монголын “тархи” хэлмэгдүүлэлтэнд өртөв.

1945 он

Ялтад хуралдсан Орос, АНУ, Британийн эрх баригчид Монголын тусгаар тогтнолыг өнөөгийн байгаа газар нутгаар нь хүлээн зөвшөөрүүлэх түүхэн шийдвэрт хүрсэн. Нэг ёсондоо бидний бүрэн эрхтэй аж төрөх үгүйг тэд ярьж, тэд тохиролцож, тэд шийдсэн байдаг. Энэ үеэс л Монголын нуруу тэнийсэн. 1911 оноос хойш Монголын эрх баригчид тусгаар тогнолынхоо төлөө энхэл донхол замаар тууштай явсаар Сталины ашиг сонирхлын огтолцолтой тулж ирсэн.

1946 он

Монгол Улс НҮБ-д элсэх өргөдлөө гаргалаа. Эх орны дайнд байгаа бүхнээрээ тусласан, Чөлөөлөх дайнд Зөвлөлтийн армитай хамт байлдаж ялалт байгуулсан гавьяатай Монголчууд НҮБ-д элсчих санаатай Нью Йорк руу чих тавиастай 15 жилийг илээв. / бас л их гүрнүүдийн ашиг сонирхлын зөрчил дунд нөгөө л Монголчууд зүдэрсээр/

1961 он

Тухайн үеийн дэлхий дахины байдалд колонийн задрал, Хүйтэн дайн зэрэг үйл явдал эрс өөрчлөлт авч ирснээр Монголчууд НҮБ-ын нутаг дэвсгэр дээр Төрийн далбаагаа мандуулах “удаан хүлээсэн” ээлж ирлээ. Ингэж Монгол минь дэлхийн эрх тэгш гишүүн болов. Гэвч нөгөө л их гүрнүүдийн ашиг сонирхлын хүлээсэнд 30 гаруй жил явсан даа.

1990 он

Өөд нар харлаа. Монгол ингэж нэг дэлхийг өөрийн чихээр сонсох, өөрийн нүдээр харах завшаант үе ирэв. Тухайн үеийн дэлхийн байдал, ЗХУ-ын задрал, Хятад гүрний аж ахуйдаа анхаараад завгүй бсан энэ сиймхийд Монгол улс олон түнштэй болж, олон сонголтыг бүрдүүлж чадсан.

Бидний тусгаар тогтнол хямдхан, амархан ирээгүй. Тусгаар тогтнолын Үнэ цэнийг ухаант буурлуудын чимээгүй тэмцэл, алтан амиа зольсон буурал түүх гэрчилнэ.

Монгол хүн бүр Монголынхоо гэсэн бүх зүйлд хайртай байх нь тусгаар тогтнолын утга учир юм даа.

Монгол Хүн ямар ч үнээр монголынхоо үнэт зүйлийг, түүхийг солихгүй, арилжихгүй байгаасай.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт өдрийн баярын мэнд хүргэе!

Монгол Улс минь
Үүрд мандан бадраг...


Нийтэлсэн: В.Ариунчимэг

Өнөөдөр бол бидний хамгийн Бахархалт өдөр  
Үзсэн: 1245 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй