Шууд Chart

Барьцаалагчдын “ар гэрийнхэн”-тэй уулзъя

2014-11-05 10:17:24

 Хамгийн сүүлд дэлгэцийн ертөнцөд “Тусгай ажиллагаа” хэмээх шинэ кино “мэндэллээ”. Хошин жанрын, үзээд л баймаар тийм нэг кино байна. Энэ бүтээлийн хийц, өнгө төрхийг сонжвол “инээдмийн” гэгдэх урд урдын нийтлэг кинонуудаас тэс өөр зураглал, үйл явдлын сонголттой аж. Дэвшүүлсэн санаагаараа ч ялгарч байна.    

Дөнгөж мэндлээд буй энэ бүтээлийн үйл явдлыг тоочих нь зохимжгүй тул эрхэм уншигч танаа зарим нэг санаа, киноны агуулгаас сонирхуулъя. “Архины үйлдвэр барьцаалагдсан” гэх мэдээлэл аваад одон тэмдэг, цол хэргэмээ угааж байсан цагдаагийн дарга Сэмжбаатар өөрийн биеэр “тусгай ажиллагаа” зохион байгуулж, нэгэн архины үйлдвэрийг “дайлаар” мордох ба энэ нь санаанд оромгүй үйл явдлаар үргэлжилж, үзэгчдийг хөтлөнө.  

Киноны цааш үргэлжлэх үзэгдлүүд одоо цагт өрнөнө. Мөнгө хүмүүсийг бие бие рүүгээ нуруугаа харуулах шалтгаан болж байгааг инээдмийн өнгө аястайгаар харуулж үзэгчдэд хөнгөн инээд бэлэглэх ч хэлэх санаа нь өргөн хүрээтэй  хийгдсэн бүтээл гэж үнэлж болохуйц санагдав. Тэр “инээдмийн” гэгдэх бүхэн архины үйлдвэрт болж буй нь ч бас л бодох зүйлсийн нэг ээ.

 

Кинонд өгүүлснээр гэнэтийн зүйлүүд болж буй мэт санагдах ч цаадах “хэргийн эзэн хэнгэргийн дохиур” нь та бидний тааварлаагүй албан тушаалтан байх нь бүр ч их сонирхол татна. Манай кино зохиолч, найруулагчид яг ийм агуулга бүхий кино хийсэн нь тун ховор. Магад ч үгүй ийм утга бүхий кино сүүлийн үед “Тусгай ажиллагаа”-гаас өөр гараагүй байх. Үүгээр “Тусгай ажиллагаа” бол хэн бүхний ухаж төнхөөд байдаг сэдэв, агуулгаар бүтээгдээгүйгээрээ онцлог гэж хэлэх гээд байна.

Кинонд шигтгээ болсон олон зөрчилдөөн, инээдмийн категори, хүний сэтгэлийг “гижигдэх” зүйлүүд гээд нарийн чимхлүүр ажлуудыг нэлээд хичээж хийжээ. Харин шүүмжлүүштэй гэмээр нэг зүйл нь “арслан мэт сүрлэг” цагдаагийн дарга Сэмжбаатар нэмэлт хүч дууддаг хэсэг. Энэ хэсгийн зураг авалт жаахан үнэмшил муутай санагдав. Учир нь киноны үйл явдал Улаанбаатарт өрнөх ч шүхэрчид, нисдэг тэрэг цэв цэнхэр тэнгэрт торойгоод л өнгөрөх аж. Хаанах нь үл мэдэгдэх байшингийн ёроолоор хэдэн хүний цэрэг гуталтай хөл үзэгдээд л өнгөрөх төдий дүрслэгдэнэ. Ядаж Богд уулын энгэр, жаахан бүрсгэр, тэнгэр ганц нэг байшингийн дээвэр харагдаад өнгөрсөн бол үзэгчид “нэмэлт хүч” гэж итгэх байсан биз.

Кино зохиолыг бичиж, найруулсан Д.Галбаатарт найруулагчийнх нь хувьд өсөлт, дэвшил харагдаж байна. Үзэгчид өнгөрсөн хугацаанд оффисийн дурлал, гурвалжин, дөрвөлжин хайр сэтгэл,  андуурал, эндүүрлийг хангалттай үзсэн. Зураг авалт, жүжиглэлт, шаардагдах зүйлээсээ эхлээд амар хялбараа бодоод л жижиг сэдэв тойроод байх юм бол Монголын кино урлаг хөгжихгүй, дэвшихгүй. Байдаг л нэг сэдэв, өгүүлэмжээс тэс ондоо энэ киног хэн ч хараад инээдмийн бусад киноноос илүү гоё нь гэж хэлнэ байх.

Сонирхуулахад, овчарк нохой, Сэмжбаатар хоёрын зэрэгцэж “ярьдаг” хэсэг нэлээд инээдтэй. Дуу шуум нэвтэрдэггүй хананы гаднаас нэг нь учиргүй хуцаж, нөгөө нь цагаан хоолойгоор хэлэлцээр хийх гэж оролдоно. Үзэгчдийг хамгийн ихээр инээлгэж хөгжөөсөн нь яг энэ хэсэг. Энэ хэсэг санаандгүй бүтжээ. Зураг авалтын дэргэдүүр нохойгоо салхилуулсан гэр бүлийн хоёр өнгөрч явтал нохой хуцаад бичлэгт шуум ороод байж. Тэгэхээр нь найруулагч Д.Галбаатар “Эсвэл чи ярих уу, чи найруулах уу” гэж хэлсэн нь кино багийнхныг хэсэгтээ л хөгжөөсөн байна. Үүнээс үүдэлтэйгээр барьцаалагчидтай хэлэлцээр хийхээр оролдох үед нохой авч ирье гэсэн санаа гарсан тухай уран бүтээлчид хуучилж байсан.

“Маск” продакшны жүжигчин, СТА М.Баярмагнай хиймэл үс зүүж тоглосон нь зохино гэж ванлий. Түүний үргэлж хэлэх, аргаа барсан “Надад нэг санаа байна”, “Барьцаалагчдын ар гэрийнхэнтэй уулзъя”, “Энэ бол гайхалтай санаа”, “Нэг санаа орж ирлээ” зэрэг үгс энэ киноны нэг төрлийн “лого” ч болж болох.

Кинонд үйлдвэрийн харуул гэж үнэн бүтэлгүй эр бий. Сандарч, тэвдэж гүйсээр сүүлдээ ой санамжаа алдана. Ой санамжаа алдахаар нь үнэхээр их гутарч, өнөө л солонгос кино шиг олон сар, жил дэмийрэх байхдаа гэхээс өмнөөс нь зовно. Ашгүй манайхан алдсан ой санамжаа эргүүлж олохдоо их хурдан юм байна лээ.

Энэ кинонд гарах “босс” ёстой нэг муу муухайн тод жишээ. Хэн нэгний болчимгүй үйлдлээс үүдэлтэйгээр ямар их үйл явдал өрнөж болохыг, гэмээ далдлах гэсэн  арга саам хайгчийн хийж болох муйхар аргууд гээд олон зүйлийг киноноос харж, бас жигших болно.  

Цаг гаруй үргэлжлэх тус киноноос энэ нийгмийн өөр нэг өнгө, өөр нэг судал, өөр нэг шинжийг олж харлаа. “Тусгай ажиллагаа” гэх нэрийн тухайд харин бодох асуудал байна. Учир нь сүүлийн үеийн монгол кинонд “Тусгай ажиллагаа” гэх ганцхан нэр өгч байгааг гайхах юм. Хэн найруулсан, хэний тоглосон “Тусгай ажиллагаа” вэ гэж асуухаас өөр арга алга. Гэхдээ киноны хорхойтон зарим нь “Тусгай ажиллагаа” кино чинь одоо хэдэн удаа нээлтээ хийдэг юм бэ гэж ярилцах.  Магад ч үгүй ийм төөрөгдөлтэй яваа нэгэнд зөвлөхөд миний өгүүлж буй “Тусгай ажиллагаа” аравдугаар сарын 22-нд нээлтээ хийсэн одоогоор Монголын дэлгэцийн урлагийн хамгийн отгон гэгдэх бүтээл юм шүү.

 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Барьцаалагчдын “ар гэрийнхэн”-тэй уулзъя   
Үзсэн: 5515 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.70.41.xxx [202.70.41.xxx] 2014-12-30 18:05
Сэрэмжбаатар...

Бидэнтэй нэгдээрэй