Шууд Chart

Нүд тайлсан 60-аад он

2015-03-09 05:05:27

-Тэмдэглэл-

...Хүн гэдэг амьтан их даврамтгай шүү. Энэ хавар гадаа нэг их цас шуурч нойтон цас цонх балбасан өдөр өглөөнөөс зурагт гарсангүй баахан “бухимдуулав”. Тэгтэл ашгүй дэлгэцэнд нь гэмтэл засагдсан одоо та зурагтаа үзнэ үү гэсэн бичиг гармагц сэтгэлд дарамт үүсгэсэн зузаан хар үүл дорхноо цэлмэж нар гийх шиг болж билээ. Яг хэдхэн минутын өмнө юу бодож сууснаа нэхэн санав. Гэрт хийх юм олдохгүй өрөөн дундуур хэсэг хөрөөдөн алхсан. Хэд хоногийн өмнө уншиж байгаад орхисон номоо ч эргүүлж үзсэн. Нэмэр болоогүй. Нэг л юм дутаад байж. Бүр цаг ч явахаа болив.

Тэгээд л бодсон хэрэг. Зурагт бидний амьдралд үнэхээр идэх хоол, өмсөх хувцаснаас дутуугүй оржээ гэдгийг хүлээн зөвшөөрөв. Дамаа ялангуяа олон оператор компаниуд өрсөлдөж энэ олон телевизийн сувгийн үйлчилгээнд та бид донтон орсноор биднийг сатааруулж уях юм зурагтаас өөр байхгүй болжээ. Бодъё л доо хөлбөмбөгөөр жишээ авъя. Мадридын эзэн хааны “Реал” Атлетикогийн эсрэг тоглох орой зурагт саатвал хөлбөмбөгийн хорхойтнууд балкон дээрээс үсрэхэд бэлээн. Ид дундаа үзэж байсан Солонгос кино тасалдвал гэрт суугаа тэгтгэврийн хөгшчүүл, эхнэр хүүхнүүд яах билээ гээд жишээ татвал олон. Хүүхдүүдийн үздэг үлгэр, хөгшчүүлийн хардаг оройн мэдээ, авгай хүүхнүүдийг уядаг кино, залуучууд үзэх дуртай "50 саяын уналт" хэрэгт дурлах үзэгчийн "Шөнийн толь", пүүс компанийн зар реклам гээд өчнөөн юм бий шүү дээ. Үнэндээ кабель энэ тэр саатахад үзэх юмгүй бухимдан хэсэг зууртаа л сэтгэл тавгүйтнэ. Бидний амьдрал ийм болсон байна. Хүн гэдэг амьтан дасамтгай бас даврамтгай. Яагаад ингэж хэлэв ээ гэвэл...

Манай гэр тэртээ 60-аад онд хотын зүүхэнтэй Маахуур толгойн энгэрт өвөлждөг байлаа. Одоогийн хот мэдэхгүй хүнд хэлбэл, Жуковын музейн зүүн хойд талд. Бүр мэдэхгүй хүнд Офицерүүдийн ордон явдаг замаас хойшихноо юм. 60-аад он бол миний яриад байгаа Маахуур Толгойн энгэрээс баруун тийшээ орчин үеийн шинэ хороолол “Микр” гэх 12,15-р хорооллын их барилгын ажил ид сүндэрлэж хүн, машин, тоос шороо хөлгүй босч тэнгэрт тулсан бүтээн байгуулалтын он жил байсан. Тэр үед Монголын кино үйлдвэр шилдэг сайн бүтээлүүдээ туурвихаас гадна бас хүүхэд багачууддаа зориулж “Диафильм” хийн худалдаанд гаргаж эхэлсэн юм. Энэ бол хүүхэд бидэнд "Соёлын хувьсгалын" эхлэл байлаа.. Плёнкон дээр буулгасан Монгол, Орос, янз бүрийн ардын үлгэрүүд юм. Тэр нь кирил үсгээр буулгаж бичсэн тайлбартай.

Одоогийн хүүдүүдэд дүрсэлж хэлбэл, дэлгэц дээр проектораар дүрс гаргахтай адил үзвэр юм. Зурагт радио буюу телевиз байгаагүй үед тэр үнэхээр сайхан байлаа. Орой болоход гэрт тогоотой хоол болно. Гэрийнхэн тойрч суугаад хоолоо идчихнэ. Тэгээд л баруун талын унинаас цагаан даавууг киноны дэлгэц шиг унжуулж, диафильмын жижиг аппаратаа токонд залган дэлгэцээ гэрэлтүүлнэ. Дараа нь плёнкоо аппаратны тусгай цонхтой хавхагт оруулан хажуу тийш гарсан товчлуурыг нь имрэн эргүүлэхэд дэлгэц дээр яг кино үзэж байгаа шиг үлгэрийн кино эхэлнэ. Гэхдээ дүрс нь хөдлөхгүй. Зураачид их л гоёор зурсан үлгэрийн зураг дэлгэц дээр өнгө будгаар ялгаран эгээ л жинхэнэ кино шиг гарахад хүүхдүүд бид сонирхон үздэг байлаа.

Энэ бол 1964 он. Улс орон зурагт радиотой болохоос гурван жилийн өмнө ээж юм уу, аав минь кинон дээрх тайлбарыг уншиж өгснөөр хүүхэд бид үлгэрт умбана. Намар оройхон тийш хөдөөнөөс ах ирнэ. Хүргэн ах маань овойтол ачсан ачаатай ЗИЛ машинаар хашаа дүүргээд л орж ирдэг. Тэр үед хотын айлууд хөдөөнөөс идшээ авдаг байлаа. Тэгээд хөдөөний ах маань “Диафильм” үзэх хачин дуртай. Одоо нэхэж санавал 40 нас дөхсөн л ах байсан. Тэгсэн хэр нь бидний дунд суугаад хүүхэд шиг баярлаад Диафильмын үлгэр үзээд суучихна. Надад Диафильмын гучаад үлгэр байлаа. Ээж тогоо дүүрэн мах чанаж шөлөнд нь аарц буцалгана. Дөнгөж идэр жавар тачигнасан өвлийн шөнө гэрээрээ сууж Диафильм үзэхэд мөн сайхан байжээ. “Монгол кино” үйлдвэр хүүхэлдэйн киноноос гадна ингэж зураасан зургийн диафильм үйлдвэрлэж байсан юм шүү.

Плёнктой харьцаж эхэлсэн минь 60-аад оны дундуур бөгөөд бид 4-5 настай хүүхдүүд байжээ. Плёнкны үнэрийг сайн мэднэ. Тэр үед аав- Зурагт радио буюу телевизор гэж юм Оросод хийжээ. Гэртээ суугаад киног дуутай нь үздэг юм билээ. Мөдхөн тийм сайхан цаг ирэх вий гэхэд ах маань эгээ л зурагтын өмнө суусан мэт нүд нь гэрэлтээд сайхан инээмсэглэл тодруулан  “Хотод гардаг болчихвол манай тийш ээ бас очих л байх даа. Бас л ингэж даавуу татах уу” гээд л асууна. Ер санаанаас гардаггүй юм. Ашгүй тэгж байтал тун удалгүй 67 он болж Монгол эх оронд маань анхны телевизийн нэвтрүүлэг эхэлсэн. Тэгэхэд ч би сургуулийн нэгдүгээр ангид дөнгөн орж “А”, “Б” үсгээ нүдэлж суусан цаг. Үнэндээ айл болгон зурагт авч хүчрэхгүй л байлаа. Манайх гэхэд л хоёр жилийн дараа авсан.

Хөдөөнөөс ирдэг авга ахыгаа дагуулж нэг өдөр айлд аваачин зориуд зурагт үзүүлж билээ. Гүй мөн их баярлаж, сэтгэл нь хөдөлж байсандаг. Тэр үед улс орон даяараа л баярлаж байсан цаг шүү дээ. Гэртээ зурагтгүй байхын зовлонг өвлөөс л л амссан. Яагаад гэвэл аав, ээжийн маань цалин зурагт авахад хүрэхгүй. 69 оны өвөл их хүйтэн жавар тачигнаж, цас их унасан жил байлаа. Телевизээр Польшийн олон ангит “Нохойтой дөрвөн танкчин “кино анх гарсныг бидний үеийнхэн хэзээ ч мартахгүйгээр санан дурсах учиртай. Манай хашаанд телевизортой айл байгаагүй болохоор аав бид хэд бас хашааны хэдэн хүүхэдтэй замын урьд талын гудамжинд байдаг Дамдинсүрэн гэж айлд очиж үздэг болсон. Орой болно. Киногоо үзэхээр явцгаана. Шөнийн харанхуйд нохой шуугиулаад л гардаг сан. “Нохойтой дөрвөн танкчин” киноны гоёыг хэлэх үү, хүүхэд бид тэр киногоор л амьдарч, амьсгалж байлаа. Саяхан “Беларусьфильм” бүтээсэн нэгэн баримтат кино үзлээ.

Польшийн тэр кино зөвхөн биднийг биш Европын Герман, Чехословак, Болгар, Унгар, Румын, Зөвлөлт Холбоот улсыг тэр чигт нь байлдан дагуулж байсан юм билээ. Минск хотод ялалтын баяраар “102” дугаартай RUDY танктай нохойтойгоо дөрвөн танкчин маань ялалтын баярт нь оролцсон жагсаж байжээ. Тэднийг талархсан хэдэн зуун мянган үзэгч гар даллан баяр хүргэж байгааг хараад гайхсан билээ. “Серена” кино үйлдвэрийн жүжигчид ийм маягаар Европын олон орноор явсан нь нөгөө Английн Битломания /Битлзийн халуурал/ шиг л юм болсон билээ. Тэгэхлээр бид аргагүй ээ. Анхны анги эхэлсэн цагаас биднийг шууд дагуулсан. Айлд очоод гэрт нь багтахгүй чихэлдээд суучихна. Урдуур хөлөө бохироод суусан бол чилэхийн зовлон эдлэх ч ярих юм биш. Тэвчээд л суух. Тэр айл хоол унд, цай цүү гээд өчнөөн ажил болох ёстой ч телевиз дуустал хамт үзээд л суучихдаг сан. Энэ киноны фото зураг ямар үнэтэй байв. Би Сансарын тунелийн тэнд нэг зурагчин ахаас Янос Гайошийн /Янект тоглосон/ муухан зургийг таван төгрөгөөр авч жигтэйхэн нандигнасан даа. Ховор юм байж билээ. Улаанбаатарын амьдрал тэртээ жилүүдэд анх зурагттай болоход тийм л байлаа.

Уураг тархинд гэрэл гэгээ асч сэтгэл урам сэргэж, улс даяараа л өөдрөг тэмүүлэлтэй болсон санагддаг. “Нохойтой дөрвөн танкчин” киноны дууг монголчлон дуулж хүүхдүүд дайтаж тоглохдоо тэднийг дууриаж байв. Энэ киног Польшийн телевиз манайд бэлэглэсэн. Одоо хадгалах газаргүй гээд хэдэн жилийн өмнө нэг подвалд аваачиж хаясан нь лав хөлдчихсөн хоёр жил болжээ. Хавар дулаарахад цэвэрлэж гаргана гэсэн яриа байгаа. “Нохойтой дөрвөн танкчин” 60-аад оны байлдан дагуулалт мөн юм шүү. Европт ч ялгаагүй. 1969 оны намар цаг. Монголын телевизээр анх удаа “Интернациональ” гэж нэртэй чөлөөт бөхийн олон улсын тэмцээнийг Спортын төв ордноос шууд дамжуулав. Ёстой л улс даяараа зурагтын дэлгэцнээс салаагүй ээ. Хүүхдүүд хаа л бол хаа ноцолдож, бөх барилдах сонирхолтой болсон. Тэрнийг манай улс үндэстний хөгжил дэвшлийн түүхэнд болж өнгөрсөн чухал явдал гэж тэмдэглэмээр санагддаг. Зарим нь ажлаа тасалж, хүүхдүүд хичээлээ орхин тэмцээн үзэж байв. Хөлбөмбөгийн дэлхийн аварга болоход Бразильд тийм байдаг байх.

Телевиз бидний амьдралд өдөр ирэх тусам ойртон нэвтэрсээр байв. Сансар гэх 12-р хороололд анх удаа боловсон үйлчилгээний цоо шинэ төв нээгдэхэд телевизээр шууд нэвтрүүлэг явж, залуухан эмэгтэй нэвтрүүлэгч Б.Цэенханд гуай инээмсэглээд л хөтөлж байсан нь бас л дурсгалтай. Тэгээд л наадмаар стадионы бөх дамжуулахад хоёр өдөр зурагтын өмнө бүгд уяатай юм шиг сууна даа. Тэгэхэд Улсын хурц арслан Бадамсэрээжид гэж хүн бөх тайлбарладаг байлаа. Яруу тод хэллэгтэй тэр хүний уран сайхан ярьж тайлбарлах нь одоо ч чихэнд сонсогдох шиг болно. Манайх одоогийн Скай Ресорт байгаа тэр газар буюу Хүрхрээгийн аманд зусдаг байв. Кино үйлдвэрийнхэн 30-40 өөд айл зуны цагт айл аймаг зусдаг байлаа. Манайх зурагт аваагүй л байсан. Хажуу айлынх Темп-1900 гэж телевизортой болов.

Одоо олноо ягаан Гажид гэж алдаршсан Цэнд-Аюуш эгчийнх юм. Нөхөр нь Авирмэд гэж бас жүжигчин. Наадмаар тэднийд анх удаа зурагтаар гадаа бөх үзсэн. Том зурагтаа хаалганы дотроос гадагш нь харуулаад өндөр ширээн дээр тавихад манайхан хорь, гучуулаа айлын хаалганы өмнө зээглэж суугаад л наадмын хоёр өдөр бөх үзэв. Хэн нэг нь бидонтой сайхан айраг аваад ирж байсан. Хүүхэд бид томчуулын бөхийн тухай яриа сонсож, зурагт үзээд хоолоо ч идэлгүй суучихдаг сан. Мөн Авхаалжит Сэргэлэнчүүдийн клуб буюу АСК нэртэй навтрүүлэг бий. Энэ бас л улс орон даяар байлдан дагуулсан нэвтрүүлэг байв. Зөвлөлтийн телевизийн “Клуб Находчивых и Весёлых” гэдэг нэвтрүүлэг юм шүү дээ.

Манай контент биш ч үндэсний хэмжээний мундаг нэвтрүүлэг байв. Дараа нь “Хөвгүүд” гэдэг нэвтрүүлгийг бий болгосон юм. Энэ ч бас Орбитын “А ну-ка Парни” нэвтрүүлгийн хуулбар л даа. Гэхдээ л дажгүй. Маш их хүн үздэг байсан нэвтрүүлэг шүү. Одоо сэргээчихэж болмоор л санагддаг. Ер нь дэлхий нийт ч телевизийн сүлжээгүй байж чадахаа байсан байх. Судлаачид Интернет бий болсноор Телевиз үзэгчийн тоо буурна гэж тооцоолсон боловч тэгсэнгүй. Харин интернет маань өөрөө телевизийн нэвтрүүлэг түгээгч болчихоод байна. Үндсэндээ Америкийн контент давамгайлж дэлхийн телевиз шоу хөтөлбөрийн үр дүнд бизнес цэцэглэж байгаа ч улс орон бүр өөр, өөрийн үндсэн нэвтрүүлэгтээ үнэнч байхыг эрмэлзсэн шинэ зурвас эхэлж байна. Жишээ нь, Оросын 1 суваг Ерөнхий продюсер Константин Эрнстийн проектоор хуучин бүх нэвтрүүлгээ дахин сэргээж нэмэлт "Глобаь ОРТ" гэх дөрвөн тус тусдаа нэртэй суваг нээсэн нь маш их үзэгчтэй болж байна. Энэ бол Америкийн соёлын түрэмгийллээс сэргийлж өөртөө дээвэр бий болгож байгаа хэрэг. Гэх мэтчилэн ярьвал их юм байна. Дараа болъё. 

Зуслан дээр тог тасрах гайтай. Зурагт эхлэхээс өмнө тог ирээсэй гээд л хүлээгээд шаналчих. Тог удаан тасрахад сэтгэл их л тавгүй болдогсон. Энэ бол зурагттай холбоотой анхны стресс ээ. Телевизийн нэвтрүүлэг орой 6 цагт эхэлнэ. Эхлэл хөгжим нь тодорхой аялгуутай. Анхныхыг нь Мөрдорж гуай бичсэн юм билээ. Тэгэхдээ 1917 онд Богд хаант Монгол Улсын анхны төрийн дууллыг бичүүлэхээр орос хүнд захиалж бичүүлсэн түүхтэй гэдэг бөгөөд түүний ноот нь үлдэж Мөөеө тэр дууны аяас хэдэн ноот аялгуу авч шингээсэн  гэж надад түүх мэдэх хүн хэлсэн. Монголын Зурагт радиогийн анхны эхлэл фанфар хөгжмийг би хэд хэдэн удаа хөгжмийн фондод эрээд үнэхээр олоогүй ээ. Харамсалтай. Уг нь түүх болохоор л чухал юм байгаа юм. Тэр үед Телезизийн нэвтрүүлэг долоо хоногийн тэгш тоотой өдөр гарч байв. Өдөрт 4-5 цагийн нэвтрүүлэгтэй байлаа.

Зурагт бидний амьдралыг их өөрчилсөн. Анхны нэвтрүүлэг яваад нэг их удаагүй дээ. Хоёр жил болсон  уу Зөвлөлтийн телевизийн нэвтрүүлэг дамжуулах “Орбит” станц ашиглалтад орж бидний нүдийг ч ёстой өргөн нээв. Орбит станц ашиглалтад орсон манай телевизийн техникийн хөгжлийн шинэ үе. Анх Москва хотын Улаан талбайгаас Октябрийн баярын парад жагсаал шууд дамжуулсан. Брежнев дарга үг хэлээд л. Цэргийн парад ч сүртэй. Хүүхэд бид гоё кино үзнэ гээд л хүлээчихдэг сэн. Хүүхэлдэйн кинонууд үзээд зурагтаас салахаа больсон шинэ үе эхлэв. “Ну погоди” буюу “Чамайг даа” киноны эхний ангиудыг тэгэхэд л үзсэн дээ. Тэр үед “За чи тэгж л байг” гэдэг нэрээр сонины хөтөлбөрт бичиж байсан. Зурагтын мэдээтэй сонин шиг чухал юм байгаагүй. Долоо хоногийн даваа гарагийн “Үнэн” болон “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ” сонинд хөтөлбөр нь хэвлэгддэг. Хамгийн арын нүүрний доод хэсэгт гардаг байсан юм. Тэрнийг нь аваад хайчилж айлд бүр ширээн дээрээ тавина. Телевизийн мэдээтэй сонин байна уу гээд л айлын хаалга тогшино. Гээд бодоход ер нь 1967 оноос хойш телевизтэй холбоотой дурсамж сөхөж яривал их сайхан үүх түүх олон байна.

Телевиз миний болон та бидний амьдралыг мөн их өөрчилсөн дөө. Дандаа эерэг тал руугаа дийлэнх нь гэж бодож байна. Өнгөрсөн жил хүү маань гэртээ Юнивишн тавиуллаа. Тэнд дэлхий ертөнц тэр чигээрээ багтжээ. Бидний амьдралд гарсан бас л нэг их өөрчлөлт. Хэрэв 1960-аад оны дундуур ах маань хөдөөнөөс яаран яаран ирэхдээ Диафильм үзээд хүүхэд шиг баярладаг байсан гэж санавал одоо энэ олон сувгаар дэлхий ертөнцийн сонин хачныг үзээд ёстой дотор сэтгэлийнхээ баярыг барьж ядан дийлдээд нүүрэндээ инээд тодруулан аз жаргалтай сууж байхсан даа. Үнэхээр та бид 1967 оноос хойш телевизийн нэвтрүүлгээр өсч өндийж хүн болсон болохоор бидний үеийнхэн зурагтгүйгээр нэг өдөр ч байж чадахаа больсон. Хааяадаа жаахан техникийн саатал гараад зурагт хэсэг харанхуй байхад эгээ л түргэн дуудах нь холгүй юм болдог. Тэгээд л нэг, хоёр цагийн сааталд бухимдаж эгээ л хамгийн үнэ цэнэтэй юмаа алдсан шиг бухимдаж, дотор сэтгэлдээ уцаарын гал ноцоодог. Үнэндээ ч зурагт бидний амьдралд үнэ цэнэтэй юм билээ. Яагаад гэвэл дандаа л нүд тайлж байдаг болохоор гэх үү дээ. Арай ч албаны хэлчихэв үү. Зүгээр л түүнгүйгээр бид байж чаддаггүй юм байна.

2014 он

Нийтэлсэн: Г.Золжаргал

Нүд тайлсан 60-аад он   
Үзсэн: 2161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
109.78.62.xxx [109.78.62.xxx] 2015-03-09 20:04
hehe.tiim shuu.Manai hamar hashaanii aild suudag bsan oyutan oroi bolgon zuragt uzeh geed l orj ireed suuchihdag bj bilee maniad.Humuus yamar ch amar taivan saikhan bsiin.zuragt uzeh gej orj irlee gej minii aav,eej 2 ter oyutang ad uzdeggui l bsiin.hehe.Zuragt ehleh boloogui tavlits ugchihsun bhad l ni asaagaad huleechihdeg bj bilee.Orosiin goyo goyo nevtruuleg gardag bj bilee.bugdiig ni algasalgui uzdeg bj bilee

Бидэнтэй нэгдээрэй