Шууд Chart

А.Эрдэнэ-Очир: Аливаа юм байгаагаараа, сэтгэлээрээ байхад л би дуртай

2015-04-03 10:20:29

-“Нар зөвийн эх орон” миний элэг зүрхний шүлэг- 

Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очирыг “Редакцийн зочин”-оор урилаа. Тэрбээр энэ сарын 9-нд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийн цэнгүүнээ хийх гэж байна. Шүлэг, яруу найрагт дуртай зон олноо энэхүү гэгээн үдэшт морилон саатахыг урьснаар бидний яриа эхэлсэн юм. 

-Хавар ирлээ. Редакцийн маань хойморт яруу найрагч хүн зочилж байна. Яагаад ч юм хүмүүс хавар, яруу найраг хоёрыг холбож ойлгоод байдаг. Хаврын тухай ярианаас ярилцлагаа эхлэе гэж бодлоо?

 -Би намрын улиралд илүү их дуртай. Хавар цагт бас уяраад л явчихдаг юм. Хаврыг их гэнэн улирал юм уу даа гэж боддог. Говь нутгийн хавар гэдэг үнэхээр сайхан. Миний багад ээж маань гадаа суучихсан оёдлын машинаараа юм оёдогсон. Тэнд ботго буйлаад л... Ж.Лхагваа ахын “Толгодын цаана ингэ буйлна” бол тэр чигээрээ говийн хаврын зураглал юм. Зөвхөн энэ үгний цаана говь нутаг, байгаль дэлхийн бүх юм багтдаг нь гайхалтай.

-Яруу найрагт шимтдэг уншигчид удахгүй болох тоглолтыг тань хүлээж байгаа байх. Ер нь яруу найрагчдын уран бүтээлийн цэнгүүн хэр олон үзэгчтэй байдаг юм бэ?

-Яруу найрагчийн уран бүтээлийн үдэшлэг олон болдог болсон. Миний хувьд Улаанбаатар хотод уран бүтээлийнхээ үдэшлэг цэнгүүнийг гурав дахь удаагаа хийх гэж байна. Орон нутагтаа нэг удаа хийж байсан. Олон дуутай хүний дэргэд бол би цөөн дуутай. Харин цөөн дуутай хүний хажууд бол чамгүй олон дуутайд нь орно. Миний дууг оюутнуудаас эхлээд Ардын жүжигчин хүртэл дуулж олон түмнээ баясгаж явна. Би хүн сонсоод баймаар дуу хийх юмсан гэж бодож явдаг. Удахгүй болох тоглолтын үеэр өөрийн шүлгээ симфони оркестртой хослуулж уншина. Тоглолтонд маань төрийн шагналтнууд болон олон нэртэй дуучид оролцоно. Миний уншигчид болон найз нөхдийн маань дэмээр энэ тоглолт босч байгаа юм. Тоглолт маань энэ сарын 9-ний өдрийн 19:00 цагт "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд болно. Би аливаа юманд яарах дургүй хүн л дээ. Яаралгүй хийсэн үйл маань ч  дандаа бүтдэг болохоор тэрэндээ итгээд тоглолтоо сайхан болно гэж бодож байгаа. Б.Лхагвасүрэн ах “А.Эрдэнэ-Очир уншигчдаа үгүйлсэн байх. А.Эрдэнэ-Очирыг уншигчид нь үгүйлсэн байх” гэж хэлсэн байна лээ. Тэр нь надад яг л онож хэлсэн шиг санагдсан шүү.

-Ойрмогхон шинэ ном гаргах уу?

-Ойрын хэдэн жил ном гаргасангүй. Би 2007, 2008 онд “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал”,“Ийм нэгэн амьдрал”, “А.Эрдэнэ-Очир” гэсэн дөрвөн ном гаргасан. Өнгөрсөн намар англи хэл дээр гарсан шүлгүүдээрээ нэг ном гаргасан. Одоо болох тоглолтынхоо үеэр дууны яруу найргийн ном гаргана. Сэтгэл дотор байгаа юмаа нэг суллаж авахгүй бол болохгүй байна.

-Уран бүтээлийн тоглолтууд ихэвчлэн ямар нэг баярыг тохиолдуулсан байдаг л даа. Та яагаад дөрөвдүгээр сарын 9-нийг сонгож авсан юм бэ?

-Уран бүтээлчид баярын өдрийг тохиолдуулан тоглолт хийдэг бол би ирж яваа хаврын нэг сайхан өдөр л тоглолтоо хиймээр санагдсан. Гэхдээ миний дүүгийн төрсөн өдөр дөрөвдүгээр сарын 9. Намайг уран бүтээлийн энэ цэнгүүнээрээ дүүдээ бэлэг барьж байна гэж ойлгож ч болно.

-Тоглолтоо “Нар зөвийн эх орон” гэж нэрлэжээ. Таны шүлгүүд дунд энэ бүтээл нэлээн чухал байр суурь эзэлдэг байх нь ээ?
 
-Эх орны тухай шүлэг надад их бий. Манай үеийнхнийг эх орны тухай олон сайн шүлэг бичсэн гэдэг. Ер нь монголчууд нар зөвийн бэлгэдэлтэй ард түмэн шүү дээ. Эмзэглэл, хөндүүр сэтгэл, омог бахархал дүүрэн мэдрэгддэг шүлэг гэж би хувьдаа боддог юм. Монголчууд элэг татаж ярих нь их. Энэ утгаараа “Нар зөвийн эх орон” миний элэг зүрхний шүлэг байгаа юм. МҮОНРТ-ийн олон сайхан нэвтрүүлэгч энэ шүлгийг маань уншсан байдаг. “Нар зөвийн эх орон” шүлэг аялгуутай болж, дуулагдаж байна.
 
-Шүлгийн сонголт хэрхэн хийгдэж байна. Тоглолтын үеэр ойролцоогоор хэдэн шүлэг унших вэ?

-Шүлгэндээ таарсан хөгжим аялгуугаа сонгох ажил эхэлсэн байгаа. Яг ямар шүлгүүд уншихаа одоогоор сонгоогүй байна. Ямар ч л байсан миний дотоод сонсголон болоод илэрхийлж байгаа шүлэг маань хөгжимтэй нийлж үзэгч, сонсогчдын сонорыг мялаана.

 -Таны “Итгэлийн гэрэлтэй амраг” дууг бодит явдлаас сэдэвлэсэн гэж сонсож байсан. Энэ дууныхаа талаар ярьж өгөөч?

-Энэ бол аялгуун дээр хийсэн шүлэг л дээ. Намайг “Утга зохиол урлаг” сонинд ажиллаж байхад нэг бүсгүй ирээд “Би нэг дуу хийлгэх гэсэн юм. Нууцхан бөгөөд гэгээн хайрын тухай. Зовлонтой, жаргалтай тийм л хайрын дуу хийлгэмээр байна. Удахгүй тэр хүний маань төрсөн өдөр болно. Би бэлэг баримаар байна” гэсэн. Тэгээд хөгжмийн зохиолч Г.Батхуягаар ая хийлгэсэн байсан. Би тухайн үед аяыг нь сонсчихоод Дорноговь аймаг руу явсан. Гэтэл тэнд хаврын анхны бороо ордог юм байна. Яг тэр үед би шүлгийг нь бичсэн. СТА, дуучин Р.Дэлгэрмааг Бөхийн өргөөнд тоглолттой байхад нь шөнийн 00:00 цаг өнгөрч байхад авч ирж дуугаа дуулуулж билээ. “Итгэлийн гэрэлтэй амраг” дуу ингэж бүтсэн юм. Тэгээд дуу бэлэн болж, нөгөө эмэгтэй хайртай хүнийхээ төрсөн өдрөөр сонсгож чадсан. Тэр өдөр нь богино долгионы радиогоор Г.Батхуяг бид хоёр дуу бүтсэн түүхийг нь ярьж өгч, захиалсан хоёр маань уйлаад л. Бид хоёр бас дагаж уйлаад балай юм болсон шүү.

 
 
 -Ер нь танд дууны шүлэг бичүүлэх санал хэр их ирдэг вэ?

-Ирнэ. Одоо үед хүмүүс хамаагүй юм их хийлгэх санал тавьдаг болсон. Тэр бүрийг хийнэ гэдэг хэцүү ш дээ. Яруу найраг, уран бүтээлд хэм хэмжээ гэж бий. Аяга шаазан дуулаад байж болохгүй. Сүүлдээ бүр буузыг хүртэл магтан дуулж байгаа ш дээ. Үүнд эмзэглэж явдаг. Уран бүтээл хэзээ ч аяга, тавганд хүрэх хэмжээнд доошоо орж болохгүй.

 -Нутаг руугаа жин тээх тухай хоёр жил бодож явна-
 
-Уран бүтээлчид, тэр дундаа яруу найрагчид онгодын тухай ярьдаг. Зарим нь бүр шөнө унтаж байгаад босч бичдэг гэх юм билээ?

-Миний уран бүтээл ихэвчлэн шөнө “төрдөг”. Заримдаа уран бүтээл төрөхгүй байх үе байна. Жишээлбэл, аавдаа зориулж гурван бадаг шүлэг бичих гэж би бүхэл бүтэн долоон жил болсон. Тэгэхээр уран бүтээл бүхэн өөр, өөр цаг үед төрнө шүү дээ. 20 гаруй настай байхдаа уран бүтээл туурвих гэж бүр сараар ч шөнө суудаг байлаа. Ер нь яруу найрагчид бусад уран бүтээлчид шиг нэг том ажил амжуулчихаад дараа нь амарна гэх ойлголт байдаггүй хүмүүс. Нэг зүйл эхлүүлнэ гээд бодчих л юм бол унтаж ч чадахаа больчихдог юм.

-Яг одоо хийхийг хамгийн ихээр хүсч байгаа зүйл бий юу?

-Би нутаг руугаа жин тээх тухай хоёр жил бодож явна. Үүнийхээ тухай хичнээн сайхан зүйл төсөөлж, нойргүй хоносныг хүмүүс мэдэхгүй ч би дотроо муухан киноноос дээр юм хийчихсэн байгаа /инээв/.

-Анх хэдтэйдээ шүлэг бичиж байсан бэ?

-Хүүхэд байхаасаа л шүлэг бичдэг байсан. Анхны шүлэг маань “Пионерийн үнэн” сонинд хэвлэгдэж байснаас хойш бүр идэвхтэй бичиж эхэлсэн санагддаг юм. Намайг шүлэг, яруу найрагт дуртай болохын эхлэлийг миний аав тавьсан. Аав маань жирийн жолооч хүн байсан ч орон нутагтаа нэр хүндтэй, урлагийн асар их мэдрэмжтэй байсан юм. Найр наадам, хуриманд уригдаж үг хэлж, дуулна. Арлаан гуай байхгүй найр найр биш юм шиг санагддаг гэж хүртэл нутгийнхан нь ярьдаг байлаа. Тийм л цэцэн билэгтэй аавыгаа дагаж явсаар үгийн урлагт хайртай болсон доо.

-Та Монголын зохиолчдын эвлэл гэх том айлын гал голомтыг түшилцэж яваа хүн. Залууст болоод орон нутагт утга зохиолыг сурталчлах ажлыг хэр зохион байгуулж байна?

-Би ЕБС, их, дээд сургуулиудаар яг энэ ажлаар явах дуртай. Яагаад гэхээр энэ бол миний хүлээсэн үүрэг юм. Эх орны ирээдүй болсон хойч үеийнхээ тархи оюуныг эрүүл байлгах үүрэг бидний нуруун дээр байна. Нэг үеэ бодвол хүүхдүүд ном уншдаг болж байна. Ховдын Мянгад суманд явж байхад хүүхдүүд надаас Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн хоёрын тухай асууж байсан. Ангиараа нэгэн дуугаар шүлэг хүртэл уншиж өгсөн.

-Зохиолчдын хороон дээр аль эрт бурхан болсон уран бүтээлчдийг асууж орж ирдэг гэсэн. Энэ үнэн юм уу?

-Иймэрхүү зүйл зөндөө байдаг. Хэд хоногийн өмнө нэг хүн надаас Д.Пүрэвдорж гуайгаас зөвшөөрөл аваад шүлгийг нь уншъя гэж орж ирсэн. Бүр “Б.Явуухулан гуайн дугаарыг өгөөч ээ” гэж хүртэл манай Зохиолчдын хороо руу залгасан байсан. Би тэр үед байгаагүй л дээ. Гэхдээ байсан бол 9911-тэй утас хэлээд Алтан-Өлгийг зааж өгөөд явуулах байсан юм.

-Монголын яруу найргийг дэлхийн бусад орны найрагчид хэрхэн үнэлдэг нь сонирхол татдаг?

-Бид Бүгд Найрамдах Македон Улсад уригдаж очоод тэнд зохиогддог “Дэлхийн яруу найргийн уншлага”-д оролцсон. Эхний нэг, хоёр өдөр нь цугларсан зохиолчдод номоо тараах ажил хийж байгаа юм. Тэгээд хоёр, гурав хоногийн дараагаас яруу найрагчид санал бодлоо солилцоно. Тэгсэн тэр хүмүүс  Г.Мэнд-Оёо ахын шүлэг болон Монголын яруу найргийг сайн уншсан байгаа юм. Угаасаа ч манай хүмүүсийн ном сайн орчуулагдсан. Мань мэтийг бол цөөн хэдэн шүлгээр л мэднэ. Ингээд уншлага болох газар бүх орны яруу найрагчид эх хэлээрээ шүлгээ уншсан. Энэ үед манайхны шүлгийг сонссон хүмүүс “Шүлэг чинь их сонсголонтой байна” гээд байсан. Монгол хэл мэдэхгүй хүмүүс шүү дээ. Бас манай монгол бичгийг их сонирхоод дээш, доош нь харуулаад л үзээд байна. Тэр нь надад их сайхан санагдаад би чинь ийм л хэлтэй, бичигтэй хүн шүү дээ гэсэн юм бодож суулаа. Би албаар өөрийн шүлгээ хуучин монголоор бичүүлээд ард, урд нь англи, герман, орос, франц дээр бяцхан тэмдэглэл шиг юм бичээд гаргачихсан байсан. Тэд манай шүлгийг их гоё байна гээд л байна. “Юу нь гоё байна аа” гэхээр Мэнд-Оёо ахын шүлгээр төсөөлүүлээд тэгдэг юм уу “Их сонсголонтой, бид нарын энэ сэтгэл, оюун ухааныг бүр их амар амгалан ертөнц дээр аваачаад тавьчих шиг болж байна” гэсэн. Энэ үгийг хоёр, гурван орны яруу найрагч хэлсэн шүү. Өмнө нь тийшээ манай Б.Галсансүх, Д.Нямаа, Г.Аюурзана нар яваад, шүлгээ уншаад ирсэн юм. Ерөөсөө л тэд нарын хэлээд байгаа нь манай энэ монгол хэл, нүүдлийн ахуй соёлд нэг амар амгалан чанар байдгийг гэрчлэх шиг санагдсан.

Тэр арга хэмжээний дараа хүмүүс дэлхийн яруу найрагчдыг хэдэн жилийн давтамжтайгаар Монголд чуулуулж байх юмсан гэж ярьж байсан. Хэрэв ингэвэл дэлхийн орон орны яруу найрагчдын олон янзын уянга Монголоор хөглөгдөж, бидний эх орон олон сайхан бүтээлүүдэд мөнхөрнө. Македоны бодлого бол ердөө тэр юм билээ. Тэд улсдаа 53 дахь жилдээ “Дэлхийн яруу найргийн уншлага”-ыг хийж байгаа нь энэ л дээ. Тэнд 53 жилийн өмнө яруу найргийн уншлагад түрүүлсэн яруу найрагч нь мод тарьсан байгаа юм. Бас түрүүлсэн яруу найрагчийнхаа хэлсэн шүлгийг нь тусгай самбарт бичээд модных нь хажууд байршуулчихсан байх жишээтэй. Тэнд 53 мод манайхаар бол Төрийн ордны арын цэцэрлэг шиг тийм том талбайд ургасан байна. Мод бүрийн дэргэд түрүүлсэн яруу найрагчийн шүлэг нь бичээстэй. Би 1972 онд түрүүлсэн яруу найрагчтай зургаа татуулсан л даа. Сая Солонгосын яруу найрагч түрүүлээд, модоо тариад түүний зураг хөрөг, уран бүтээл, намтар тэр цэцэрлэгийн модны хажууд сүндэрлэсэн.
Мөн тэнд “Яруу найргийн ордон” гээд манайхаар Хүүхдийн ордон шиг том байшин байна. Бас бүхэл бүтэн яруу найргийн гүүр байгаа юм. Тэр гүүрийг хааж байгаад гүүрэн дээрээ яруу найргийн их уншлагаа хийсэн. Үзэгчид нь голоо дагаад гүүрний хажуугаар эгнэн сууж, тэр нь их хол үргэлжилсэн байсан. Ингэж нэг шөнийг яруу найргийн их уянга дор өнгөрүүлдэг ард түмнийг нүдээр үзээд ирсэн дээ.
 
      -Тэр үед “Миний шүлэг нэг ч гэсэн хүнд амьд явах итгэл хайрлажээ” гэж бодсон-
 
-Та ойрд 1990 оны сүүлч үеийн шүлгүүдээ фэйсбүүктээ нийтлэх болж. Таны “Ижийгээ амьд байхад үхэж болохгүй” шүлэг тэр үед бичигдсэн байдаг?
 -Тэр үе бол би дөнгөж л хорь гарчихсан байх үе. “Ижийгээ амьд байхад үхэж болохгүй” шүлэг маань тэр үеийнх. Энэ шүлгийг хүмүүст хүргэх, номонд хэвлэхдээ их л санаа зовинож байсан юм даг. Тэгээд тэр үед 1993, 1994 оны хавьцаа “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлсэн. Бүр хожим “Нар, сарны үнэн” гэж ном гаргахдаа Х.Чилаажаваар редакторлуулсан юм. Тэгсэн намайг “Ижийгээ амьд байхад үхэж болохгүй” шүлгээ оруул гэсээр байгаад би арга буюу номдоо оруулж байлаа.
Энэ шүлэгт хүмүүс ам сайтай байдаг юм шиг байна лээ. Шүлэг, яруу найраг гэдэг бас далдын совинтой юм шиг. Би нэг сонин юм яръя. Нэлээд олон жилийн өмнө би Багшийн дээдийн ойролцоо явж байсан чинь нэг хүн намайг дуудах шиг болдог юм. Эргээд харсан таньдаг хүн алга. Цааш явах гэтэл дахиад дуудаж байна. Тэгээд хартал нэг тэргэнцэртэй залуу байна. Явж очоод мэнд ус мэдлээ. Дотор “Энэ чинь хэн билээ. Өмнө нь таньдаг байсан хүнээ одоо би танихгүй байгаа юм байхдаа. Ёстой муухай юм болж байна аа. Манай нутгийн л хүн болов уу” гэсэн бодол төрж байсан.Тэгсэн тэр залуу “Чамд их баярлаж явдаг. Би үйлдвэрлэлийн осолд ороод нэг гар, хоёр хөлгүй болсон хүн. Тэгээд амьдралаа цэглэе гэж шийдсэн. Тэгээд баригдаж байгаа барилга дотор орчихоод өөрийгөө дуусгая гэж бодоод, тэрнээс өмнө нэг тамхи асаачих санаатай сууж байтал нэг сонингийн тасархай хажууд хэвтэж байсан. Санаандгүй аваад хартал таны “Ижийгээ амьд байхад үхэж болохгүй” гэсэн шүлэг байсан. Тэгээд тэр даруйдаа ээжийгээ бодоод үхэх бодол ч алга болсон” гэж ярьсан. Би тэр үед “Миний шүлэг нэг ч гэсэн хүнд амьд явах итгэл хайрлажээ” гэж бодсон. Тэрийг сонсоод дотроо их л баярлаж билээ.
   
-Уран бүтээлч хүн өөрийн бүтээлээс эмээгээд байдаг нь ямар учиртай юм бол оо. Би нэг жүжигчинг тоглосон киногоо үзэж чаддаггүй гэж ярьж байхыг сонссон. Гэвч тэр бүтээл нь аль хэдийнэ хүмүүсийн зүрх сэтгэлд хоногшсон байх жишээний?

 -Эмээх гэхээр бас арай биш юм. Бид чинь аливааг бодохдоо “Надаас нэг иймэрхүү юм гарах учиртай” гэж өөртөө цензурь тавих гээд байдаг улс.Энэ үүднээсбичсэн юмаа хараад санаанд хүрэхгүй байх нь бий. Тэгээд хойш тавих жишээтэй. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч хүн өөрийгөө эвдэх, өөр мөн чанарыг гаргаж ирэх эрэл хайгуулдаа хэт автаад л байгаа хэрэг. Тэр нь нэг талдаа зөв, нөгөө талдаа буруу. Юу, юугүй хийснээ нураагаад байх нь хаашаа ч юм. Гэхдээ л би хувьдаа өдийг хүртэл өөрийн гэсэн замыг олох гэж хичээсэн гэж боддог. Утга зохиол, яруу найргийн гүн гүнзгийг одоо л ойлгож эхэлж байгаа юмуу даа гэж бодох үе хааяа бий.

 
-Тэмдэглэлийн дэвтрийн тухай асуухгүй байж чадахгүй нь. Таны хувьд ямар дэвтэр дээр шүлгээ бичдэг вэ?

 -Янз бүр. Заримдаа томхон, заримдаа жижиг, бүрцаасны булан дээр ч бичдэг. Аав минь 1985 оны үед сум нэгдлийн ойн үеэр нэг тийш явж ирээд надад хатуу хавтастай, дотоодын үйлдвэрийн дэвтэр өгсөн юм. Тэгж анх тэмдэглэлийн дэвтэртэй болж байлаа. Хаанаас олсноо одоо санадаггүй ч Д.Нацагдоржийн жижигхэн зургийг хавтсан дээр нь наагаад, их л нандигнаж шүлгээ бичдэг байсан. Ер нь тэмдэглэлийн дэвтэр, үзэг хоёрын тухайд би их нандин бодолтой явьдаг хүн. Бас өөрөө дэвтэр хийх дуртай. Гар хийцийн дэвтэр их гоё байдаг юм даа. Торгоор эмжиж, хавтаслахаар их чамин дэвтэр гарч ирнэ. Хуучин ном, дэвтэр сэлбэх надад их л гоё санагдаад байдаг юм. Стресс тайлагддаг ч юм уу, бүү мэд. Нэг л их тайван, сайхан болчихдог. Надад одоо ном, дэвтэр сэлбэх талын багаж хэрэгсэл зүү, утас, цавуунаас эхлээд их бий шүү. Нэг ном засварын газар ажиллуулахад болохгүй юм байхгүй санагддаг /инээв/.

-Таны бичгийн хэв хэр вэ. Яруу найрагчдыг их муухай бичдэг гэж ярьдаг?

-Би гайгүй ээ. Гэхдээ шүлэг бичих санаагаа тэмдэглэж байх үедээ ёстой муухай бичнэ. Бусад үед албаны цаас, захиа сэлт бичихдээ өөрийн үндсэн бичгийн хэвээр дориун сайхан бичээд гаргачихна шүү. Одоо цагт хүмүүс гараар бичихээ больсон байна. Би бол аль болох гараар бичиж, бүтээлээ дэвтэрлэх дуртай. Нэлээд хэдэн жилийн өмнө би нэг гоё үзэг авч түүнийгээ ээждээ үзүүлж магтахгүй юу. Тэгсэн ээж “Үзэгний сайхан, муухай байх юу нь чухал юм миний хүү. Гарч л байвал болоо биш үү” гэдэг юм байна. Тэгэхээр нь би ээждээ “Дүү сайхан эмээл, хазаарыг үнэ хайрлахгүй авдаг. Үүнтэй л адил би гоё үзгээр бичмээр байдаг юм” гэсэн. Тэгсэн манай ээж “Нээрэн ч тийм юм уу” гэж намайг тун сайн ойлгосон шүү.

Тэгээд ер нь хүн гоё дэвтэр, үзгээр гоё л бичнэ үү гэхээс сараачиж бичдэггүй. Манай яруу найрагчид бие биенийхээ сайн сайхныг нь их дууриадаг улс гэж би боддог. Б.Догмид ах, З.Түмэнжаргал ах хоёр жигтэйхэн адилхан бичгийн хэвтэй. Б.Догмид ахыг дууриаж бичсээр байгаад гоё бичдэг болсон гэж З.Түмэнжаргал ах ярьдаг байсан. Бас Жагдалын Лхагваа ах, Бавуугийн Лхагвасүрэн ах хоёр их адил бичдэг. Манай яруу найрагчид хаана гоё юм байна түүнтэй дүйсэн юм хийхийг л бодож, нөхөрлөж байдаг хүмүүс.
 
-Хүүхэд өөрийнхөө хоолтой төрнө гэдэг шиг яруу найрагчид ч гэсэн өөрийн уншигчидтайгаа төрдөг-
 
-Та хэр их сэтгэл хөдлөлтэй хүн бэ?

-Би учиргүй дэвхэрч, цовхроод байдаггүй. Барагтай юманд баярлаад байхгүй. Гэвч дотроо догдлол, уярал ихтэй хүн гэж дүгнэдэг. Гоё зүйл бодоход хүртэл догдолно. Тэгээд би өөрийгөө хар залуугаараа П.Бадарч ах шиг болох гэж байгаа юм биш биз гэж бодсон. Дээр Чой хамбыг ээжийнхээ тухай ярихыг нь сонсоод их сонин болсон шүү.“Таны ээж одоо өндөр настай болж байна уу” гэсэн чинь “Тийм ээ, миний ээж өндөр наслаж байна. Манай ээж “Хүү минь одоо ээжээсээ хойш яана даа” гэж байгаа юм даа. Тэгэхээр нь би “Гүй ээ яахав дээ. Таныгаа бараадаад л ойрхон шиг дагаад цогьчихно доо” гэсэн чинь “Цөг чи гэж ээж загнаад” гэж яриад нүдэнд нь нэг гялтан нулимс үзэгдээд хамрын тамхиа татчихаж байгаа юм. Тэр үед би их сонин болсон. 

-Яруу найрагчдыг их дурламтгай гэдэг. Үүнтэй та санал нийлэх үү?

-Яруу найрагчдыг яагаад дурламтгай гэж хэлээд байдгийг тайлбарлах их энгийн юм. Яагаад гэвэл яруу найрагчид бүсгүй хүний гоо сайхан, ямар нэг сайхан зүйлийг заавал олж хардаг учраас л тэр. Хүний сайхныг олж харахгүй байна гэдэг тэнэгийн шинж. Олж хардаггүй л байсан бол бид ямар юмаараа шүлэг бичиж, аялгуу зохиож, зураг зурах билээ.

 -Тэгвэл таны уран бүтээлийн их уянгалаг сайханд татагдаад хэн нэгэн дурлаж байв уу?

 -Хүүхнүүд үү. Байна аа байна.

 -Олон уу?

-Мэдэхгүй.

 -Та залуудаа орж байсан “Болор цом” наадмыг өнөөгийнхтэй харьцуулдаг уу. Чансаа нь хэр зөрүүтэй санагдах юм?

-Энэ наадмыг би багаасаа л үздэг байлаа. 1989 онд анх шүлгээ унших гээд чадаагүй юм. Тэр үеийн есдүгээр ангийн хүүхдэд МЗЭ-ийн хороо гэсэн дугтуйтай “Болор цом” наадамд шүлэг унших эрх ирнэ гэдэг маш том шагнал байлаа. 1990 онд анх манай үеийнхэн “Болор цом”-д шүлгээ уншиж эхэлсэн. Тэр үед зохиолчдын “Нээлттэй хаалганы өдөрлөг” гэж юм болно. Өдөрлөгийн үеэр залууст ахмад зохилчид зөвлөгөө өгнө. Одоо ямар хүмүүс яруу найрагт чамламтгай хандаад байна гэхээр жаахан нас ахисан хүмүүс байгаа. Өөрийнх нь үеийн яруу найрагчид “Болор цом”-д орохоо байчихаар бухимдаад байдаг. Хүүхэд өөрийнхөө хоолтой төрнө гэдэг шиг яруу найрагчид ч гэсэн өөрийн уншигчидтайгаа төрдөг байхгүй юу.

 
   
-Ахмад зохиолчид зөвлөгөө өгнө гэхээр их үнэ цэнэтэй санагдаж байна. Танд хэзээ ч мартахааргүй зөвлөгөө өгч байсан хүн бий юу?

-Бий. Яруу найраг гэдэг нэр томьёог эхлээд сайн ойлгож мэдэх хэрэгтэйг би залууст хэлдэг. Ямарч л байсан өөрийн гэсэн өнгө аястай байх хэрэгтэй. Дууриадаг хүмүүс өнөө үед олон байна. Намайг дууриах аюулаас аварсан хүн бол Х.Сампилдэндэв гуай. 1989 онд 100 гаруй залуус шүлэг уншаад түүнийг Ш.Сүрэнжав гуай, С.Удвал ахайтан, Х.Сампилдэндэв гуай нар сонссон юм. Тэр үед Х.Сампилдэндэв гуай“ Тэр А.Эрдэнэ-Очир гэдэг хүүхэд Б.Лхагвасүрэнгийн хашаанд гэрээ барьж байгаа нөхөр байна шүү” гэсэн. Тэр үед яруу найрагт эргэлт гарчихсан, Б.Лхагвасүрэн ахын “Уянгын тойрог” ном гарчихсан байсан үе. Би тэр номыг аймгийн номын сангаас аваад уншчихсан, бүр автчихсан явсан. Тэрийг мэдэрч хэлээгүй бол би өнөөдөр сураггүй байх байсан болов уу. Сүүлд би Х.Сампилдэндэв ахтай таараад “Сампил ах аа, би айлын хашаанаас нүүсэн шүү”  гэж хэлсэн. Одоо ч гэсэн би өөрийн замаа олохоор эрж явна.

-Дууриах, автах хоёр ямар ялгаатай юм бэ?

-Тэс өөр хоёр ойлголт. Сайхан юманд хүн нэвчдэг, автдаг.

-"Тэнгэрийн хаяа" дуу миний До.Нямаа ахад барьж байгаа уран бүтээлийн бэлэг-  

-Яруу найрагчид урт үстэй байх нь түгээмэл. Та ч гэсэн яг л нэг ийм имижтэй байсаар байдаг?

-Манай аав намайг тавдугаар анги төгсгөөд Хөгжим бүжгийн дундад морин хуурын ангид элсүүлэхээр авч ирсэн. Тэгээд Ардын жүжигчин Т.Цолмон гуайд шалгуулаад тэнцсэн юм. Аав арын хаалгадсан уу, би өөрөө тэнцсэн үү, бүү мэд. Тэгсэн тэнцсэн сургууль маань миний үсийг засна гэхээр нь би тэр сургуульд суралцахаа больчихсон. Бидний үед хүүхдүүд үсээ засуулахгүй болохоор сургуулийн үүдэнд хайч бариад зогсож байдаг. Хайч барьсан хүн зогсож байхыг харвал би хичээлээ таслаад л яваад өгдөг байсан.

-Хамгийн сүүлд та ямар шүлэг бичсэн бэ?

-Сүүлд би Долгорын Нямаа гуайд зориулж “Тэнгэрийн хаяа” гэдэг дууны үг бичсэн. Энэ их сонин тохиолдлоор төрсөн дуу. МУУГЗ Д.Нацагдорж Дорноговь аймгийн харьяат хүн л дээ. Буриадад олон жил болоод нутагтаа ирсэн юм. Тэр хүн над руу утасдаад “Миний уран бүтээлийн үдэшлэг болох гэж байна. Надад нэг дууны шүлэг бичиж өгөөч” гэсэн. Тэгээд надтай уулзаад хоёр шүлэг сонгоод гарч явахад нь би надад “Тэнгэрийн хаяа” гээд дууны шүлэг байна гэтэл нөгөө хоёр шүлгийг буцааж надад өгчихөөд “Тэнгэрийн хаяа” гэдэг үг чинь л өөрөө надад ая төрүүллээ гэж хэлсэн. Говь, талын хүмүүс тэнгэрийн хаяаг л харж өсдөг. Хоёр хоногийн өмнө би МУГЖ, дуучин Д.Нарантуяатай утсаар “Хоёулаа нутагтаа том бэлэгтэй очих юмсан. Таны энд хүрэх сайхан шүлэг бичиж өгье. Харин та хэнээр ая бүтээлгэхээ өөрөө мэдээрэй” гэж ярьсан байсан юм л даа. Тэрийг Д.Нацагдорж ах мэдээгүй байсан ч бидний хийх дууг Д.Нарантуяа дуулна шүү гэж хэлсэн. Ингээд их сонин тохиолдлоор энэ дуу бүтсэн юм. Энэ дуу бол миний До.Нямаа ахад барьж байгаа уран бүтээлийн бэлэг.

-Таны ярихыг хүссэн ч бид асуулгүй үлдээсэн зүйл байж магадгүй. Сүүлийн асуултыг нээлттэй үлдээе?

-Асуугаагүй юм үлдээгүй ч байж магадгүй. Бас түм буман зүйлийг асуугаагүй байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр энэ бүхний хариулт нь миний сэтгэлээс гарч байгаа уран бүтээл юм. Миний уран бүтээлүүд олон юмны хариулт бас асуулт болж явдаг. Аливаа юм байгаагаараа байх, сэтгэлээрээ байхад би дуртай. Тэгэхээр миний уран бүтээлийн үдэшлэгт ирж шүлэг болоод дуунуудаас минь сонсож, миний эргэн тойрон дахь хүмүүсийн бүтээлийг мэдрээрэй. Надаар дамжин сэтгэлд минь цуглаж байгаа хүмүүсийн баясгаланг хуваалцаарай гэж хэлье. 

-Танд баярлалаа.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

А.Эрдэнэ-Очир: Аливаа юм байгаагаараа, сэтгэлээрээ байхад л би дуртай  
Үзсэн: 10044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.229.121.xxx] 2018-05-20 11:21
сайхан хүн, сайн зохиолч маань нялхаараа явчихлаа. харамсмаар.нутаг руугаа жингээ тээж чадсан болов уу. Ум сайн амгалан болтугай.
Зочин [202.70.34.xxx] 2018-05-15 16:35
Нутаг руугаа жин тээнэ гээд ярьж суусан сан. Ум сайн амгалан болтугай
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2015-04-12 10:13
Миний нутгийн мундаг найрагчдын нэг яах аргагүй мөн дөө.
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2015-04-03 18:29
энэ нэг улаан хацартай баахан охидтой зураг үнэхээр хөөрхөн юмаа,90-д оныхны стиль
180.235.184.xxx [180.235.184.xxx] 2015-04-03 18:27
шүлгэнд нь үнэхээр дурладаг шүү,яг л орь залуу насандаа анхны харцаараа дурлаж байсан шигээ
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-03 13:04
Нар зөвийн эх орон шүлгэнд нь үнэхээр их дуртай. Сайхан уран бүтээлүүд олныг бичээрэй. Амжилт хүсье.
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2015-04-03 11:40
ene zaluug hundelj yavdag Ijiigee amid baihad uhej bolohgui gedgiig ni unshaad uuriin erhgui uillaa.eej mini amid baihdaa yag tegj helj baisan ni sanagdlaa.ter shulgiig medehgui odoo olj unshnaa.tand amjilt husie
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-03 11:35
Гайхамшигтай яруу найрагч даа. Энэ цаг үеийн утга уянга, хайрын шүлгийн хамгийн өндөр оргил
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-03 11:35
Гайхамшигтай яруу найрагч даа. Энэ цаг үеийн утга уянга, хайрын шүлгийн хамгийн өндөр оргил

Бидэнтэй нэгдээрэй