Шууд Chart

Хаалгач Ууган

2016-01-04 11:25:19

...Манай телевизийн ойр орчим тэр үед ийм олон айл, хашаа байшин, өндөр , өндөр орон сууц шаваастай байгаагүй юм. Энэ бол 1984 он. Хаврын хаварт шороо тавьж, хог хийсдэг ч дулаараад ирэхээр хотын бидний сэтгэл хөгжөөд янз бүрийн ажил ундарна. Телевизийнхэн тэр үед олон нийтийн ажил их зохиодог байж. Одоогийн “UBS” телевизийн байрны ард хайрга асгасан волейболын талбайтай. Өдөр бүр цайны цагаар телевизийн эрчүүд гарч хөлсөө шавхартал бөмбөг тоглоно. Хөгжмийн Дагваа ах, Залуучуудын редакцийн Бямбадорж, мань Гүрээ /Ш. Гүрбазар/ энэ тэр гээд хамгийн идэвхтэй волейболчид тэр хэд. Ёстой шороо манартал, гутлаа эргэтэл үзэлцэнэ. Ууган волейбол тоглохгүй. Харин хүрээд ирнэ. Бидний зарим нь тэднийг харж онигоо ярьж л зугаацдаг ажилтай. Гүрээгийн хичээж, үнэн сэтгэлээсээ зүтгэн байгаа нь одоо ч нүдэнд харагддаг. Халимаг үсээ хойш нь илж, хөлсөө шударчихаад идэвхтэй үсэрнэ. Нуруу намхан ч энд тэнд үсчээд харахад хөгжилтэйсэн. Гүрээ үнэн сэтгэлээсээ тоглоно. Чөрчгөр гэсэн ч сэргэлэн, хөдөлгөөнтэй шаламгай залуу байж. Гэнэт тааралдвал:
- Золоо чи өглөө Туяа даргатай уулзав уу. Чамайг асуугаад байсан.
- Яасан юм бол?
- Гүрээтэй таарвал гуляшийг нь даачихаарай. Чамайг хөдөө явуулна гэж байна лээ гээд хэнэг ч үгүй царай хувиргахгүй тоглоно. Мань мэтийг бол гэнэдүүлнэ дээ. Ер нь бидний үе хармаандаа нэг их мөнгөгүй явсан үе. Харин Ууган бол тийм явган заль гаргахгүй, амьтан хүн инээлгэж л явна. “Инээмсэглэл” хамтлаг тэр үед нэрд гарсан учир Ууганыг дагаж явахад таатай байдаг байлаа. Гайхуулмаар ч санагддаг байсан. Би тэгэхэд дэлгэцээр гардаггүй байсан болохоор намайг хүн таньдаггүй байсан үе. Ууган амьтан хүн инээлгэхээс гадна хааяа нэг өөрөө инээдэмтэй байдалд ордог ч түүнээсээ их хөөрхөн бултаад гарчихна.

За тэгээд улаан шороо боссон дөрөвдүгээр сарын сүүлчээр телевизийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн эхлэв. Манайхан тэгэхэд хүн бүл цөөнтэй байсан ч дөрвөөс таван баг гаргачихдаг байж. Техникийн алба, тайз зураг чимэглэл, уран бүтээлчдийн гээд багууд ана мана үзэлцэнэ. Тэр үед инженер байсан Зулбадрах гуай үүнийг зохион байгуулдаг байсан. Тэгэхэд бид бүгдээрээ нэг айлын ахан дүүс шиг дотно явжээ. Сайхан цаг шүү. Ууганых Баянхошуунаас нүүж одоогийн нэгдүгээр дэлгүүрийн байрны зүүн орцны гурван давхарт айлын өрөөний хагасыг хөлсөлж суудаг байв. Бид хоёр өдөр болгон цайны цагаар тэднийд очиж хоол иднэ. Ууган маань циркийн уран нугараач Наранцэцэгтэй суугаад удаагүй байсан. Энэ хоёрыг сууж айл гэр болсон нь тэр үед нэлээд дуулиан тарьсан юм даа. Ууган циркээс “хөөгдөж” ажилгүй гудамжинд гаран нэг хэсэг Баянхошуунд шинэ хадмынхаа хашаанд байж. Тэгэхэд хашаан дотроо элстэй шуудай өшиглөн Кунфу, Каратэд суралцан алдарт Брюс Ли-г дууриан дасгал хийнэ. Тэгэхэд авахуулсан зураг нь одоо ч байдаг. Тэрнийгээ надад нэгдүгээр дэлгүүрийн байранд байхдаа ярихаас гадна сургуульд байхдаа хөлбөмбөгийн шигшээ багт хаалгач байснаа сүр оруулж, хачирлаад хөгжилтэй ярина даа. Зөвлөлтийн нэрт хаалгач Лев Яшиныг дууриаж кефкан малгайнаас салдаггүй байж. Тийм гэрэл зураг авахуулснаа үзүүлнэ. Бид хоёр Москвагийн Динамо, Спартак, Торпедо гээд хөлбөмбөг ярьдаг байсан юм. Тэмцээн эхэллээ. Манай телевизийн уран бүтээлчдийн багийн хаалгачаар Ууган зогсов. Манай багийнхан их хөгжилтэй залуус. Алдарт найруулагч С.Бадрах асан тэгэхэд дөчөөд нас хүрч явсан болов уу, мань хашир хамгаалагч талийгаач Я.Энхээ /редактор/ баруун талын довтлогч. Би зүүн талаар гүйнэ. Шороо манараад л бид гүйгээд л, бөмбөг нисээд л зугаатай... Ууган нэлээн маяг үзүүлнэ.  Лев Яшиныг дуурайж малгайгаа лав духлуулчихаад, хааяа шаардлагагүй бөмбөгөнд хүртэл сунаж унаад л амьтан хөгжөөнө. С.Бадрах найруулагч талбай дээр хором ч ам хуурайгүй үглэчихнэ. Яваач, гүйгээч , очооч, унаач боль чи, зайл, гүй гээд тоглохоосоо илүү хэрүүл хийсээр амьсгаадчихна. Үглэж байгаад ардаа хүн алдчихна. Я.Энхээ бидэн дундаа хурдална. Сум шиг чавхдаад орох боловч нэг бол бөмбөгнөөсөө түрүүлнэ эс бол хоцорно. Бөмбөгөө их нухлаа гэж С.Бадрахад мөн олон загнуулсан даа. Ууган ард. Дээгүүр өгсөн бөмбөгөнд нуруу намдаж, хэмжүүлчих гээд байдаг ч харин тулсан юманд овсгоо хурдтай хөдөлж бөмбөгөө хаана. Нөгөө Баянхошуунд Кун фугээр хичээллэсний хэргээ гаргаж байгаа нь тэр.


Техникийн албаны багтай тоглолоо. Тэднийхэн дандаа залуучууд, шөрмөстэй айхтар гүйдэг хэд хэдэн тоглогчтой. Ялангуяа талийгаач Батбаяр инженер бөмбөг аваад л нэг зугтвал гүйцэгдэнэ ээ гонж. Манай хоёр баг эрэгчин, эмэгчнээ үзэж байлаа. Я.Энхээ бид хоёр довтлогч. Гоол хийгээч гэж араас өчнөөн амьтан хашгирна. Багийнхаа гол довтлогч нь би байсан боловч Я.Энхээ ахтай ер нь хөл нийлж өгөхгүй байв. Тэгээд л ганцаараа “нухлаа” гэж С.Бадрах агснаас хараалын үг олон сонссон. Сүүлдээ тоохоо больсон. Хамгийн эхний гоолийг манайх алдав. Талбайн хойно үзэгчид орилолдоно. Тэр үед Нараа /эхнэр нь/ хөлбөмбөг үзэхээр ирсэн байв. Ууган ам нь хатсан юм болов уу Нараа дээр очиж шилтэй ундаанаас нь балгах гэж хаалга орхин гүйхэд нь, Батбаярын холоос цохисон бөмбөг хоосон хаалганд орчихож билээ. Бадрах харин хашгираагүй шүү. Ууган буцаж гүйх гээд шарваж шороон дээр халтирч нэг их инээдэмтэй шургаж унасан юм. Бүгдээрээ бөөн инээдэм болж билээ. Дараа нь манай хоёр баг ноцолдож, ноцолдож 2:2-оор тэнцэн торгуулийн 11 метрийн бөмбөгөөр хайнаа салгах болов. Ууган нэг бөмбөг алдаж нэгийг хаасан юм. Баруун доод булангийн бөмбөгийг эгээ л муур шиг биеэ эвхэж байгаад нэг их мундаг үсэрч бөмбөгийг хатгаж гаргасан санагддаг. Тэр өдрийн тоглолт дуусч орой нь бөөнөөрөө дугуйрч суугаад 2-р байрын шагналаа угаан хоёр шил мулталж билээ. Арав гаруй хүнд хоёр шил юу болох вэ. Нэг, нэг тойроод л хоосон шил үлдэв. Гэхдээ л сайхан байж. Бид хэд их ойр үерхдэг байсан учир тэр дурсамж одоо ч санаанд тодхон. Ууган телевизэд байхдаа олон хүний хайр татжээ. Хаа явсан газартаа хүн инээлгэж, элгийг нь хөшөөнө. Дунд сургуульд сурч байхдаа боксын дугуйланд явж Хотын сурагчдын аварга шалгаруулах тэмцээнд орж хөглөснөө ярьдагсан. Нэг боксын хуучин бээлий тэднийд нэлээн хойно харагддаг байсан. Ю.Эрдэнэтуяа 1988 онд телевизийн дарга болоод удаагүй байхдаа Бадрууганыг Спорт, эрүүл мэндийн редакцийн найруулагчаар тавьсан нь цаанаа учиртай байсан. Олон хүн гайхаж байсан ч Туяа дарга мань эрийг спорт руу явуулж байж билээ. Энэ үеэс Ууган бид хоёр нэг өрөөнд суух болов. Намайг Спорт, эрүүл мэндийн редакцийн даргаар тавьсан. Бид хэд нэг жилийн дотор өчнөөн шинэ нэвтрүүлэг хийж байгууллагын аварга болж билээ. Нэг юм яръя. 

1989 он гарахад Залуучуудын редакцын нэвтрүүлгүүд улс орныг бараг байлдан дагуулж эхэлсэн юм. Сэтгүүлч Зоригийн Алтай, манай хорооны /МРТУХ/ орлогч сайд С.Баяр /хожмын Ерөнхий сайд/ болон бас бус уран бүтээлчдийг бэлтгэсэн тэр Цаг үе залуучууд  нэвтрүүлэг залуусын хэлдгээр “цөм” авч эхэлсэн юм. Орон даяар энэ нэвтрүүлгээр амьсгалж байсан биз. Сэтгүүлч Дамдиндорж Украйнд театрын сургуульд дөнгөж төгсөөд ирсэн Х.Энхтуяа найруулагч Спортын туршлагатай сэтгүүлч Хүрэлбаатар цэргийн албанаас халагдан ажилд ороод удаагүй байсан туслах найруулагч Сэнгээрэйн Сүхбаатар бид хэд нэг хамт олон болов. Ууганыг ирсэн болохоор бид их л түшигтэй хүнээр ажил эхэллээ гэж урамшиж байв. Хамгийн түрүүнд шинээр хийх нэвтрүүлгийн төлөвлөгөө боловсруулав. Үүнийг миний бие алба ахлах болсны хувьд хэдэн орой сууж цаас цоохорлож байж дуусгав. Эхлээд Залуучуудын редакцаас дутахгүй сайн нэвтрүүлэгтэй болох зорилт тавилаа. Хүмүүсийн эрүүл мэндэд зөвлөгөө өгөх, биеийн тамир спортоор тогтмол хичээллэхийн ач холбогдлыг сурталчилсан нэг хөтөлбөртэй байх нь их л буянтай, өгөөжтэй, шинэлэг юм хэмээн мунхаглан бодож зохиол гаргалаа. Энэ нэвтрүүлгийг уран сайхны аргаар сонирхолтой хийе гэж зорьсон юм. Мэдээж Ууганд түшиглэхээс өөр аргагүй. Бид хоёр өдрийн цайны цагаар тэднийд очихдоо нэвтрүүлгээ яаж хийх тухай мөн их ярина. Би сэдэв гаргаж дэлгэхэд Ууган фантазлаад л ер нь л аятайхан болчих шинжтэй. Цаг үе залуучууд нэвтрүүлгийг бут авна л гэнэ. Нэрээ олж өгч чадахгүй л байлаа. Нэг өглөө Ууган жигтэйхэн баяртай орж ирэв. Энэ бол 1989 оны хоёрдугаар сарын эхний долоо хоног. Өчигдөр орой аавынд очлоо. Баахан ярьж суулаа. Тэгсэн “Эрүүл явахын ухаан гэж нэр өгвөл зүгээр юм гэсэн. Ямар вэ” гэдэг байна. Эхлээд сонсоход сонин санагдав. Гэвч үдээс хойш болмоор санагдаж эхэлсэн. Ингээд л “Эрүүл явахын ухаан” гэдэг нэртэй цоо шинэ нэвтрүүлэг эхэлсэн. Энэ бол биеийн тамир, спорт, эрүүл мэндийн асуудлаар хийсэн уран сайхны нийтлэлийн анхны хөтөлбөр юм. Энэнээс гадна манай шинэ редакц “Спортын ертөнцөд”, “Айзамт дасгал”, “Монгол бөх” зэрэг хэд хэдэн шинэ нэвтрүүлэг хийж эхэллээ. Ачаалал ихтэй ажиллаж ялангуяа залуу найруулагч Чулуунхүү маань эхэндээ түүртэх гээд байсан ч аажимдаа зүгширч билээ. Ууган найруулагч бүх нэвтрүүлэгт оролцоно. Тэр ч байтугай бокс, бөхийн тэмцээнүүд шууд дамжуулахад найруулагчаар ажиллана. Ууган тамирчдаас олон хүн таньдаг байлаа. Спортын ордонд бүгд Уугантай мэндэлж хөөё, хаая болно.

Ажил амархан бүтдэгсэн. Боксын тэмцээн шууд дамуулахад тэр үед “Лотос” гарна. “Лотос” бол /тэр үеийн Зөвлөлт Холбоот Улс/ явуулын дамжуулах станц. Хотын гудамжаар телевизийн хоёр том данхайсан автобус явдгийг хүмүүс мэднэ. Тэр автобус ордны гадаа зогсож, дотор нь Бадрууган тэргүүтэй уран бүтээлчид, инженерүүд хэдэн цагаар сууж тэмцээн дамжуулдаг байсан юм. Энэ бол 1989 оны 4-р сар. Тэгэхэд боксын олон улсын “Нөхөрлөл” гэж нэртэй сайхан тэмцээн болж, хотынхон их үздэг байсан даа. Хагас, бүтэн сайнд тэмцээн дамжуулчихаад ажлын өдрүүдэд зурганд гарна. Хавар, хавар янз янз л байдаг. 1989 оны тэр хавар их зэврүүн байж. “Эрүүл явахын ухаан” гэдэг шинэ нэвтрүүлгээ гаргах гэж олон өдрийн зураг авалт хийхээр техник захиаллаа. Яагаад гэвэл найруулагч маань олон янзын зураг авахаар болсон. Сэдэв болгоныг уран сайхны аргаар зохиомжлон авна гэдэг бараг кино хийсэнтэй адил юм байв. Намайг биеийн тамирын хувцас өмсүүлээд нойтон цас орох гудамжаар баахан улстай гүйлгээд л, юм юм болно. Хөтлөгчийг янз бүрийн “амплуад” дүрд хувиргаж авах нь ингэж Ууганаас эхэлсэн юм. Үүний хажуугаар редактор Дамдиндорж маань “Монгол бөх” гэдэг нэвтрүүлэг хийхээр болж найруулагчаар нь бас л Ууган ажиллах болов. Тэр үед бөх дамжуулж байсан болохоос биш Монгол бөхийн тухай ярьдаг нэвтрүүлэг тусгайлан байгаагүй юм. Энэ нэвтрүүлгийг шинээр хийе гэж бид хэд нэлээн ярилцсан. Ууган их таалагдсан байх. Заримдаа Ууганы ярьж дэмжиж байгаа бүхний цаана аавынх нь бодол байсан шиг санагддаг. Улс үндэстний язгуур өв соёлын холбоотой бүхэнд Ууганаас шинэ сонин санаа төрдөг байсан юм. “Монгол бөх” нэвтрүүлгийг Туяа дарга их дэмжиж байв. Домог хууч яриа, алдартай бөхчүүдийн намтар, дуулиант барилдаан, улсын наадмын түүх, хуучин цагийн даншиг гээд яривал юу эс мундах билээ. Энэ нэвтрүүлгийн тухай өмнө нь ярьсан тул ингэсгээд орхиё. Харин улсын арслан Сосорбарам, Мижиддорж гуай хоёрын оролцсон нэг нэвтрүүлэг санаанаас гардаггүй юм. Хоёр дахь дугаарыг бэлтгэж зураг авчихаад эвлүүлж байхдаа Мижиддорж гуайн яриаг сайн анзаараагүй юм билээ. Анзаарсан байлаа ч залуухан бидний хэн нь ч мэдэхгүй түүх байсан юм. Мижиддорж гуайн ярих нь “1964 онд Бүх ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн барилдаанд тэр үед залуухан явсан Арслан Жамц, Сосорбарам гуай хоёр таарч л дээ. Барьц авахгүй хэн, хэн нь тойрсхийгээд л байж. Бодвол хариуцлагатай даваа байж. Сособарам гуай зугтаагаад Жамц гуай хөөгөөд байсан юм байх. Мань хашир далбаанаас нь сэнжигдэх гээд ухасхийтэл нүдэнд нь шороо орох шиг болсон юм байх. Нүдээ аних хооронд хөлийг нь давхар хамж түрээд яах ийхийн зуургүй давсан” гэж Жамц гуай нэвтрүүлгийн үеэр ярьсан юм. Энэ яриа тэр чигээрээ гарав. “Монгол бөх” гэдэг шинэ нэвтрүүлгийг үзэгчид ёстой нэг шимтэн үзэж байсан үе. Гэтэл тийм юм болоогүй гэж Сосорбарам гуай болон гэрийнхэн нь бөөн зарга үүсгэв. Ингээд арга буюу хоёр арсланг студид зэрэг дуудлаа. Одоогийн шинэ төвийн 150 студид тайз зассан юм. Яриаг Ууган найруулагч бичихээр болж, бид дэргэд нь харж зогсов. Эхнээсээ л яриа эвлэхгүй хэг ёг гэж эхэлсэн. Бид нар хулчийсхийгээд л сонсож байв. Тэр хоёрын яриа ширүүссээр нэг мэдсэн босч ирээд заамдалцаж байв. Арай ч бие биенээ цохиогүй байх. Урьд нь байсан жижиг ширээ хажуу тийшээ өнхөрсөн харагдсан. Студид байсан операторууд хүүе, хаая болж арайхийж тэр хоёрыг холдуулсан юм. Ийм нэг явдал 1989 оны дөрөвдүгээр сард болж байж билээ. Ер нь нэвтрүүлэг бэлтгэхэд юу эс тохиолдох билээ. Нөгөө “Эрүүл явахын ухаан” нэвтрүүлгийг бэлтгэж байх үеэр нэг удаа шар хадны эмнэлэгт зураг авах хэрэг гарсан юм. Ууган бид хоёр очлоо. Зураглаач маань Сүхбалсан байсан санагдана. Жижүүрийн эмч ёстой нэг янзгүй угтав. Юу ч болоогүй байхад тачигнаад эхлэв.
- Танай телевизийнхэн элдэв сенсааци дэгдээж хачин, хачин юм зөвшөөрөлгүй гаргадаг. Юм л бол муу нэртэй манай эмнэлэг. Яачихсан юм. Явцгаа... Юу яасан зураг гээд хөдөлгөсөнгүй. Үнэндээ ч 1989 оноос эхлэн олон нэвтрүүлгээр нисдэг таваг, харь гарагийн хүн, гэзэгт бариач, охиноо хүчиндсэн аав гээд эсэн бусын юм гарч нийгэм дэмийрч байсан үе. Ууган гэнэт гэдэн нь хөдөлж Сүхбалсанг камераараа бич гээд дохио өгчихөж. Дараа нь тэр хэсгийг оруулна гэсээр байгаад монтажилсан байв. Бас л нэг хэсэг телевиз шар хадны эмнэлэг хоёрын хооронд хэрүүл дахиад мандсан даа. Уг нь бид мэдрэлийн ядаргаанд орвол ямар хор уршигтайг харуулах гэж зураг авах гэж очсоноос биш өөр хар буруу санаагүй юм.

Мэдрэлийн ядаргааны тухай хийсэн тэр нэвтрүүлэгт бас нэг өөр асуудал мандаж билээ. Бид хэд спортын ордонд очиж Боксын хоёр тамирчинг хооронд нь тоглуулж байгаад нокдаунд орж байгаагаар тоглуулав. Дараа нь тархи толгойны өвчтэй, унадаг тусдаг болвол яана гэсэн санааг уран сайхны аргаар ингэж үзүүлэх гэсэн байв. Бас л найруулагчийн санаа байв. Тэгсэн боксын олон тамирчид биднийг ийм эргүү тэнэг, ээрдэг муурдаг өвчтэй болдог хүмүүс гэж сурталчиллаа гээд бөөн яриа гаргаж билээ. Бид инээх ч биш, ярвайх ч биш, хачин болцгоосон. Юмыг тэгэж ойлгохдоо яахав дээ. Инээдтэй л юм даа. Ууганы их аятайхан санаачилж гаргасан бас нэг нэвтрүүлэг нь гимнастикийн айзамт дасгалын нэвтрүүлэг байж билээ. Тэр үед Аэробик дөнгөж нэвтэрч, их л моодонд орох гэж байсан цаг. Тэр дорхноо маш олон үзэгчтэй болж аэробикийн гимнастикаар хичээллэгсэд илт олширч байсан. Тунгаа, Ууган хоёр их л ярьж бас аятайхан шинэлэг болгосон шүү. Тунгаа бол хүү, охины минь ээж. Тэр үед Хотын биеийн тамирын хороонд мэргэжилтэн. Хойно уран сайхны гимнастикийн дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөд удаагүй байсан юм аа. Ер нь нийгмийн амьдрал 1989 оноос эхэлж хөдөлгөөнд орж эхэлсэн санагддаг. Телевиз, радио, сонинууд өөрчлөлт шинэчлэлтийг уур амьсгалтай нэвтрүүлэг өгүүлэл нийтлэлүүд гараад эхэлчихсэн байсан. За тэгээд Спорт, эрүүл мэндийн шинэ редакц маань богино хугацаанд идэвхтэй хөдөлж дөрөвдүгээр сар гэхэд эхний шинэ нэвтрүүлгүүдээ үзэгчдэд хүргэсэн байна. “Эрүүл явахын ухаан” гэдэг хөгжим мэдээллийн хэлбэртэй уран сайхны аргаар бүтээсэн Эрүүл мэнд, спортын нэвтрүүлэг дорхноо үзэгчдэд хүрсэн нь яах аргагүй Ууган найруулагчийн гаввяа. Ер нь тэр хавар олон шинэ нэвтрүүлэг гарч залуухан бид нар хоорондоо ана мана, ач тач өрсөлдөж байсан . Манай Парик /Сэтгүүлч Г.Жаргалсайхан/ найруулагч Ө.Нарангэрэл хоёрын “Тулах цэг” нэвтрүүлэг бас л ид мандаж байсан үе. Жагаа маань хаа ч явсан амьтан хүн инээлгэж явдаг, жигтэйхэн нийтэч, их шулуун шударга зантай нэгэн байлаа. Ууган тэр хоёр нийлбэл бүр ч “элэг” авна. Ууган, Парик хоёр тун сонирхолтой тохиолдлоор Сингапурт таарч нэг зочид буудалд буужээ. Парикийн буусныг Ууган түрүүлээд мэдчихэж. Мань хашир “Парик”-ын өрөөний дугаарыг мэдээд залгаж гэнэ. Парикийг утас автал Ууган ярианы аялгаа илт өөрчилж,
- Сингапурын зар сурталчилгааны агентлагаас ярьж байна. Манайд суга, умдаг, толгойны парик байгаа тул та хүссэн размерын захиалгаа өгнө үү. Сингапурын зар сурталчилгааны товчоо гэсэн гэдэг. Парик эхэндээ л мэл гайхсан биз. Хөгжилтэй хоёр доо.
Сүүлд 1990-ээд оны сүүлчээр Ууган нэг удаа хөдөө явсан юм. Тэр зун эхнэр Нараа нь хаашаа ч билээ тоглолтоор явсан байв. Бага хүү Гийгүүлэнгээ дагуулаад Хөвсгөл очиж. Тэгээд усанд орж. Гийгүүлэнг авах гэж байгаад живэх шахсан гэдэг. Ус залгиж сүйд болно биз дээ. Ямар авралаар мэнд гарсан юм, сүйд болох шахсан шүү гэж ярьсан. Тэгэхдээ бас болоогүй ээ
- Би Жагаа шиг Париктай байсан бол дууссаан. Халимагтай тулдаа үснээсээ зулгааж татаад уснаас мэнд гарлаа шүү гээд инээдэгсэн. Ууганы Спортын редакцид байсан болоод, бас хөлбөмбөгийн хаалгач хийснийг дурсахад ийм явдлууд сэтгэлд үлджээ.
Тэр хавар мөн ч их тоглож билээ. Салхи хөдөлж, шороо эргээд л, бөмбөг хөөрч, Ууган үсрээд л... Бид залуу явжээ...

/Намар РТДС ийн ойгоор хэвлэгдэх номын хэсгээс/

 

Нийтэлсэн: Г.Золжаргал

Хаалгач Ууган   
Үзсэн: 1001 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-01-05 19:06
Харин тийм ээ гэгээн сайхан дурсамжаа бусадтай хуваалцах нь тэр болгон сэтгуулчийн хийдэг ажил ч биш дээ Харин Г Золоо энэ жанараар нилээд сайн бичдэг дээ энэ удаад ч гэсэн нудэнд харагдтал сайхан бичжээ Яг л тийм байсан юм шуу Золоог зов газар байршуулаад элдэв дээдийн норм толовлогоо гэхгуйгээр нийтлэл уран сайхны нэвтруулгийн зохиол сценари бичуулээд л залуу найруулагч нарыг дагалдуулж сургавал их зугээр дээДарга дуу нар эрх биш нэгийгболгоох бизээ МАРГААШ НААДАМ гэж нэвтруулгийн зохиол 1989онд Золоо бичиж нэвтруулэг хиисэн Тэр бол залуу сэтгуулч найруулагч нарт хичээл болох сценари даа УС ны удирдагч ББаяр нэвтруулэгч Ч Ичинхорлоо нар тоглосон санагдаж байна Тэтгэвэрийн ах тэрлэвэй.........
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-01-05 10:43
183.177.101.xxx танаа... Өнгөрсөнөөр амьсгалах бус, гэгээн сайхан бүхнээ дурсах гэдгийн... Эргэж бахарах мөргүй, хүнд хэлчих дурсамжгүй чи мэт юугаа ч мэдэхэв дээ...
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-05 10:23
Золжаргал гэж телевизээр ч нийтлэлээр ч дурсамжаар амьсгалсан амьтан байх юм, хүн өнгөрснөөрөө их амьсгалах ч сайн зүйл биш дээ

Бидэнтэй нэгдээрэй