Шууд Chart

Аврал эрсэн барилгын салбарт “амь тариа” хэрэгтэй байна

2016-04-20 12:35:14

Бүтээн байгуулалтын улирал эхэлсэн ч барилгачид ажилгүй, дутуу орхисон барилгууд зогссон крантайгаа хөдөлсөнгүй. Урьдчилгаа төлбөрөө төлсөн болон гурван жилийн өмнө хашааны газраа чөлөөлсөн ч өнөөдөр орон сууцанд орж чадаагүй иргэд түүхэн барилгажилтын золиос болов. Тэдэнд барилгын компанийн зүгээс “Эргэлтийн хөрөнгөгүй” гэх зовлон тоочсон хариулт өгсөөр уджээ. Олон тэрбум төгрөг түгжсэн барилгын салбарын өнгө төрх ерөнхийдөө ийм байна. Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөний үеэр гэхэд л барилгачид тендерээр гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг салбарын сайдаас нэхсэн. Тэгвэл 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төслийг векселиэр санхүүжүүлнэ. Сангийн яамтай эхний ээлжид 22 төсөлд 103 тэрбум төгрөгийн вексель бичихээр ярилцаж буй гэдгийг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ дуулгав. Ямартай ч туслан гүйцэтгэгч жижиг компаниуд мөнгөө олж авах нь. Харин зөвлөгөөнд оролцсон томоохон компаниуд санхүүжилт татах чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэйг онцолж байсан. Учир нь дутуу барьсан барилгаа дуусгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай. Үүний тулд барилгынхны царайчлах газар нь банк. Гэтэл банкууд сүүлийн долоон улирлын турш зээл олголтоо эрс багасгажээ.

Шалтгаан нь банкуудын эх үүсвэр багасаж буй, эдийн засгийн хүндрэлийн улмаас зээлийн чанар муудаж зээлд тавих шалгуур чангарсан болохыг судлаач онцолсон. Зээл олгох ажил өнгөрсөн оны төгсгөлд 22 хувиар багассан нь барилга болон үл хөдлөх хөрөнгийн салбарынх буурсантай холбоотой аж. Барилгын салбарт олгосон зээл жилийн хугацаанд 40 орчим хувиар унажээ. Энэ үзүүлэлт он гарсаар сайжирсангүй. Эсрэгээрээ эдийн засгийн өсөлт саарч, бизнесийн идэвх муудахын хэрээр банкны зээлийн төлөх хугацаа хэтэрч, чанар нь муудсаар байна. Банкуудын чанаргүй зээл нийт өрийн 8.2 хувийг эзэлж, хугацаа хэтэрсэн зээл мөн 8.2 хувьд хүрчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ ийнхүү нэмэгдэж байгаа нь ирээдүйд чанаргүй зээл өсөж болзошгүйг илтгэж байна. Хугацаа хэтэрсэн өр өнгөрсөн сард 967.6 тэрбум төгрөг болж, жилийн өмнөхөөс 72.9 хувиар өссөн нь анхаарал татаж буй. Харин банкны системийн чанаргүй зээл 965.4 тэрбум төгрөгт хүрч, мөн л 37.3 хувиар өслөө. Барилгын салбарын эргэн төлөгдөх чадваргүй  болсон өр нийт зээлийн 14 хувийг дангаараа бүрдүүлэх болов. Сүүлийн саруудад арилжааны банкууд алдагдалтай ажиллах болсныг чанаргүй зээлтэй холбон тайлбарлаж болох юм.

Тэгвэл зах зээлд 50 болон түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй 40 орчим мянган орон сууцны илүүдэл үүсчихсэн энэ үед барилгын салбарт хөрөнгө оруулах нь юунд хүргэх бол. Бүртгэл, статистикийн ерөнхий газар болон “Тэнхлэг зууч” компанийн Орон сууцны үнийн индексийг  харахад байрны үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна. Бүртгэл статистикийн ерөнхий газрын судалгаагаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнийн индекс өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар буурчээ. Үүн дотор  хуучин орон сууцны үнэ үлэмж хэмжээгээр буурсан байх юм. Тухайлбал, 1970 оноос өмнө ашиглалтад орсон орон сууцны үнийн индекс өнгөрсөн жилийнхээс 10.8 хувиар, 1970-2001 оны орон сууцных 8.4-14.9 хувиар, 2002 оноос хойш ашиглалтад оруулсан орон сууцных 10.7-13.9 хувиар тус тус буурчээ. Харин Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч” компанийн судалгаагаар шинэ орон сууцны ам метрийн дундаж үнэ өнгөрсөн сард хоёр сая төгрөг болсон нь өнгөрсөн оны мөн үеэс зургаан хувиар буурсан үзүүлэлт болов. Тэгвэл хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ өнгөрсөн сард 80.7 сая төгрөг болж жилийн өмнөхөөс 15.9 хувиар буурсан байна. Ийнхүү компаниуд ашиггүй бизнесээс хөрөнгө оруулалтаа татаж, ашиглалтад оруулах орон сууцны тоог бууруулж байна. Гэвч орон сууцны  эрэлт, нийлүүлэлтийн зөрүү тийм ч амархан багасахгүй гэдгийг салбарынхан хэлэв. Энэ нь өрхийн худалдан авах чадвар буурч, санхүүгийн системд эх үүсвэр хомс байгаагаас эрэлт нь нийлүүлэлтээ гүйцэхгүй байх төлөв харагдаж байна. Тиймээс орон сууцны борлуулалтыг дэмжихэд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэйг салбарынхан сануулж буй. Үгүй бол өнгөрсөн хугацаанд хөл дээр нь босгосон барилгын материалын олон үйлдвэр эрсдэлд ороход ойртжээ.

Үүний сонгодог жишээ бол Хөтөлийн цемент шохойн үйлдвэр. Бондын хөрөнгөөс 61.3 сая ам.долларын санхүүжилтээр өргөтгөл хийсэн тус үйлдвэр өнөөдөр хүчин чадлынхаа 70 хүрэхгүй хувийг ашиглаж байгаа. Үүнээс гадна төр болон хувийн хэвшлийн санхүүжилтээр боссон барилгын материалын 945 үйлдвэр бий. Нөгөө талаар барилга угсралтын салбарт 78 мянга, дээрээс нь барилгын материалын үйлдвэрийн 20 орчим мянган хүн энэ салбарт ажилладаг. Энэ бүгдийг харгалзан үзвэл барилгын салбарт тулгамдаж буй асуудлын нэг нь баригдаж дууссан орон сууцны борлуулалтад төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан хэлсэн.

Уг нь барилгын салбарын борлуулалтыг дэмжих замаар иргэдээ орон сууцжуулах ипотекийн зээлийн хоёрдугаар үеийг эрх баригчид хэрэгжүүлсэн. Ингэхдээ хотын төвлөрлийг бууруулах бодлого баримталсан нь барилгын салбарын эрэлтийг дэмжиж, бага хүүтэй ипотекийн зээлийг хүртээмжтэй олгох сүржин хөтөлбөрөө баллуурдаад байгаа. Тодруулбал, нийслэлийн алслагдсан гурван дүүрэг, гэр хорооллын дахин төлөвлөлт, хотын шинэ суурьшлын бүс, 21 аймагт дахь орон сууцыг энэ хөнгөлөлтөд хамруулсан. Тэгвэл хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 996 иргэнд таван хувийн хүүтэй 47 тэрбум төгрөгийн зээлийг шийдвэрлэж, заасан бүсэд 573 зээлдэгчийн 23.4 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувь руу шилжүүлжээ.  Харин бусад байршлын орон сууцны урт хугацаатай зээлийн хүүг хэзээ тав руу буулгах бол гэсэн хүлээлт үүсээд байна. Үүнд, эдийн засаг сайжирсан нөхцөлд гэх хариултыг УИХ-ын дарга З.Энхболд өгсөн. Ийнхүү элгээрээ хэвтэхдээ тулж, аврал эрсэн барилгын салбарт “амь тариа” хэрэгтэй байна.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Аврал эрсэн барилгын салбарт “амь тариа” хэрэгтэй байна   
Үзсэн: 973 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй