Шууд Chart

Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна

2016-06-21 11:49:15

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэхүү уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа.

Уулзалтын гол сэдэв нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хурдасгах замаар АСЕМ-ын гишүүн орнуудын дунд хүнсний хангамжийг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, мөн үндэсний болон бүс нутгийн бодлогыг үр ашигтайгаар зохицуулахад чиглэгдэж байна. Мөн хурлын үеэр дэлхийн хүнсний хангамжийн баталгаагүй байдлыг хэрхэн шийдвэрлэх, урт хугацааны туршид хүнсний аюулгүй байдлын түвшинг тогтвортой байлгах арга хэмжээ авах зэрэгт түлхүү анхаарч байна.

Уулзалт хүнсний үйлдвэрлэл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, хоол тэжээл гэсэн гурван сэдвийн дагуу явагдах болно. Тухайлбал, Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамжийн асуудал, хүнсний бүтээгдэхүүний худалдаа,  тээвэр логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам зэрэг сэдвүүдийг хөндөнө.

Хөдөө аж ахуйн салбарын тухайд органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтын асуудал, зах зээлийн чиг хандлага, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл цаашдын чиг хандлага, мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүний хорио цээр, хил дамнасан малын халдварт өвчний асуудлаар илтгэлүүд тавигдаж, санал солилцох юм. Мөн хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудлууд зэрэг илтгэлүүд тавигдана.

Уулзалтын зорилго нь Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамжид үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцох юм. “Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-ын үр дүнд гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” болгон төлөөлөгчдөөр батлуулан 11 дэх “АСЕМ-ын дээд түвшний уулзалт”-д хүргүүлэх юм.

Энэхүү зөвлөмж нь улам бүр хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулан тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэхүйц байх учиртайг онцолж байгаа аж.


Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй