Шууд Chart

Улсын Их Хурлын дарга М. Энхболдод Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав

2016-07-14 15:02:56

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлэхдээ “Эрхэмсэг ноён Нгуен Суан Фуктэй уулзаж байгаадаа баяртай байна. Таны АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцож буй, мөн Монгол Улсад Ерөнхий сайдын урилгаар хийж байгаа албан ёсны айлчлал бол манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойрын ирээдүйд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Монгол Улс анх удаа эх орондоо зохион байгуулж буй АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажилд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ дагалдах уулзалтуудад Вьетнам Улс онцгой ач холбогдол өгч, төлөөлөгчид оролцуулж байсан талархал илэрхийлье. Монгол Улс уламжлалт найрсаг харилцаатай, Зүүн Өмнөд Ази дахь түнш орон Вьетнам Улстай эдийн засгийн үр өгөөжтэй, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байна” гэв. 
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Мөн тэрээр энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгтэй байгаагаа тэмдэглэлээ. Өнгөрсөн хугацаанд БНСВУ, Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа  амжилттай үргэлжилж ирсэн бөгөөд ирэх жилүүдэд хоёр орны харилцаа хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхий сайдтай санал солилцсон болохоо дуулгалаа. Түүнчлэн парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хоёр улс идэвхтэй ажиллан, өргөн хүрээтэй хамтран ажиллах бололцоо байгааг  Ерөнхий сайд Нгуен Суан Фук онцлон тэмдэглэв. 
Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн талаар мэдээлэл өгөв. 2016 оны 06 дугаар сард Монгол Улс анх удаа Улсын Их Хурал болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг хамт явуулсан. Монгол Ардын Нам энэ удаагийн Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд Улсын Их Хуралд 66 суудал авсан тул ирэх 4 жилийн хугацаанд төр засгийн эрхийг барьж үйл ажиллагаа явуулах юм. Ингэхдээ БНСВУ-тай харилцаж байсан уламжлалт харилцаа, хамтын ажиллагааны байр суурь хэвээрээ үргэлжилнэ гэдгийг Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ. Мөн тэрээр, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлдэг. Парламентын бүлгүүд болон хоёр орны парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг илүү нягт өргөжүүлэн, ингэснээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд эрх зүйн талаасаа дэмжлэг туслалцаа үзүүлэх бололцоог эрэлхийлэн парламент хоорондын хамтын ажиллагааг өрнүүлэх нь зүйтэй хэмээн хэлсэн юм. 
Уулзалтын үеэр талууд олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцов.

Улсын Их Хурлын дарга М. Энхболдод Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук бараалхав  
Үзсэн: 549 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй