Шууд Chart

АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын зарим хүндэт зочид

2016-07-15 11:42:49

Ази Европын дээд хэмжээний 11 дэх уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ. “АСЕМ-ын 20 жил: Уялдаа холбоогоор өртөөлөн ирээдүйн түншлэлийн төлөө” сэдвээр зохион байгуулагдаж байгаа энэхүү Дээд хэмжээний уулзалтад АСЕМ-ын гишүүн 51 орон, үүнээс Европын 30, Азийн 21 орон, хоёр олон улсын байгууллагаас өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна.

Эдгээрээс Төрийн тэргүүний түвшинд 10 орон оролцож байна.  Тухайлбал Болгар, Кипр, Латви, Мьянмар, Өмнөд Солонгос, Хорват, Чех, Швейцарь Улсын Төрийн тэргүүн, Индонези, Энэтхэг Улсын Дэд Ерөнхийлөгч нар хүрэлцэн ирээд байна. Мөн Япон, Хятад, Финланд, Бельги, ОХУ, Нидерланд зэрэг 23 орон Засгийн газрын тэргүүний түвшинд, Австрали, Франц, Швед зэрэг 16 орон Гадаад хэргийн сайдын түвшинд тус тус оролцож байна. Тэдгээрээс зарим зочдын талаарх мэдээллийг онцлон хүргэж байна.


Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ

Түүнийг удам дамжсан улстөрч хүн гэж үздэг. Түүний аав Шинтаро Абэ, өвөө Кан Абэ, өвөө Нобосүкэ Киши, ээж Ёко Киши нар бүгд Япон Улсын нэртэй улстөрчид байв. Абэгийн нагац ах Эйсакү Сато мөн Ерөнхий сайдаар ажиллаж байжээ. Э.Сато тухайн үедээ, Засгийн газраараа Японыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргуулж чадсан гавьяатай хүний хувьд Нобелийн Энх тайвны шагнал хүртэж байсан нэгэн юм.

Харин түүний аав Шинтаро Абэ Японы гадаад хэргийн асуудлыг хамгийн удаан хугацаанд хариуцан ажиллаж ирсэн сайд гэдгээрээ түүхэнд үлджээ. Харин ээж Ёко Киши нь 1957-1960 онд Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нобосүкэ Кишигийн охин юм. Тэрбээр дэлхийн хоёрдугаар дайны үед Ерөнхий сайд байсан Хидеки Тожиогийн кабинетийн гишүүн байсан гэдэг.

Нэрт улстөрчдийн гэр бүлээс гаралтай тэрбээр 2006 онд Жуничиро Койзумигаас халааг нь авч 52 настайдаа анх Ерөнхий сайд болж байв. Ингэснээрээ Дэлхийн хоёрдугаар дайнаас хойшхи Японы түүхэн дэх хамгийн залуу Ерөнхий сайд гэгдэж байлаа. Томилогдоод жил гаруйн хугацаа өнгөрөхөд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаа өгчээ. Харин Японы зарим хэвлэлүүд энэ үед эдийн засгийн үзүүлэлт унасан учир шахалтаас болж ажлаа өгсөн байдаг. Гэвч тэрээр 58 настайдаа дахин Япон Улсын Ерөнхий сайд болсон юм.


ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев

Дмитрий Анатольевич Медведев нь хуучнаар ЗХУ-ын Ленинград буюу одоогийн ОХУ-ын Санктпетрбург хотноо 1965 онд төрсөн. Тэрээр Ждановын нэрэмжит Ленинградын улсын их сургуулийн хуулийн факультетийг 1987 онд төгсжээ.  Улмаар 199О оноос төгссөн сургуульдаа багшаар үлдэж иргэний болон Ромын эрх зүйн хичээл зааж эхэлсэн бөгөөд 1999 онд Москвад хүрэлцэн ирэх хүртлээ сурган хүмүүжүүлэх ажлаа үргэлжлүүлэх завсар тусгайлсан төсөл хөтөлбөр дээр ажиллаж, томоохон корпорацийн хэлтэс алба толгойлж байжээ.  Д.Медведев1999 оноос ОХУ-ын засгийн газрын аппаратад орлогч дарга,  удалгүй Ерөнхийлөгчийн засаг захиргаанд орлогч даргаар томилогсон аж.  2000-2007 оны хугацаанд Ерөнхийлөгчийн болон засгийн газрын удирдах албан тушаалыг тус тус хашиж байсны зэрэгцээ Оросын төрийн өмчит томоохон комапни”Газпром”-ыг удирдаж байв.

2008 онд “Хамтдаа ялцгаая” уриан дор “Нэгдсэн орос” намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшиж, 70 гаруй хувийн саналаар ялж ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан нэгэн.


БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ

БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч болох Пак Гын Хе 1952 оны хоёрдугаар сарын 2-нд Тэгү хотод төрсөн. Тэрээр 2012 оны арванхоёрдугаар сарын 19-нд БНСУ-ын 18 дахь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрээр тус улсын ерөнхийлөгч асан, генерал Пак Жөн Хигийн ууган охин.

Пак Гын Хе 1997 оныг хүртэл 18 жилийн хугацаанд олон нийтийн ажил хийж байсан бөгөөд энэ хугацаандаа өөрт тохиолдсон зовлон зүдгүүрийг даван туулах сэтгэлийн тэнхээг олж авсан гэдэг.  Харин 1997 онд тухайн үеийн Ханнара намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч И Хи Чаны сонгуулийн сурталчилгаанд анх удаагаа оролцож эхэлснээр улс төрд эргэлт буцалтгүй орж 2001 оноос эхлэн Өмнөд Солонгосын парламентад тасралтгүй дөрвөн удаа сонгогдон ажиллаж, намын даргын үүргийг гүйцэтгэсэн. 

Анх 2007 онд 17 дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр нам дотроо Ерөнхийлөгч асан И Мен Бактай өрсөлдсөн боловч багахан саналын зөрүүгээр ялагджээ. “Намайг гэх аав, ээжгүйнадад алдах зүйл, авах зүйл нэг ширхэг ч байхгүй. Тиймээс би энэ эх орныхоо төлөө бүх хүчээ дайчлан ажиллана” гэж нэр дэвшигч Пак Гын Хе 2007 онд намынхаа дарга болох хүчтэй өрcөлдөөнд ялалт байгуулах үедээ хэлж байсан. Өөрийн толгойлон оролцсон бүх шатны улс төрийн сонгуульд намынхаа гишүүдийг, намаа ялалт байгуулуулдаг түүнийг “Сонгуулийн хатан хаан” гэж солонгосчууд нэрлэдэг.


ХБНГУ-ын канцлер Ангела Меркель

Түүнийг М.Тетчирээс хойшхи дэлхийн хамгийн хүчтэй удирдагч нарын нэг гэж үнэлдэг, Германы “төмөр хатагтай” гэх нь ч бий. Тэрээр 1954 онд Германы Ханбург хотод төрсөн. Аав нь шашин судлаач, пастор, ээж нь англи хэлний багш мэргэжилтэй. Харин өөрөө физикч, химич мэргэжилтэй бөгөөд 1973-1978 онд Лейпцигийн их сургуулийг дүүргэжээ. Төгссөнийхөө дараа 1990 оныг хүртэл Химийн төв институтад ажиллаж, суралцсан байна.

Ангела Меркель 1990 оны 12 дугаар сард улс төрийн сонгуульт ажлаа эхлүүлсэн бол анх 1994 онд Байгаль орчин, цөмийн эрчим хүчний сайд болсон юм.  2005 оноос тус улсын холбооны Канцлераар ажиллаж ирсэн. ХБНГУ-ын хүүхэд эмэгтэйчүүд, залуучууд, өндөр настан, гэр бүлийн яамны сайд, Байгаль орчин цөмийн эрчим хүчний сайд, ГХЯ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг томоохон албан тушаал хашиж байсан.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцян

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Ли Көцян 1955 оны долдугаар сарын нэгэнд Аньхуй мужийн Динъюань тосгонд төрсөн. Түүний ажил хөдөлмөрийн гараа төрсөн нутгийнх нь Дунлин бригадаас эхтэй. 1978 онд тэрээр Бээжингийн их сургуульд элсэн орж, хууль, эдийн засгийн чиглэлээр суралцсан. 1980-1990 онд Ли Кецян Бүх хятадын оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Энэ үедээ коммунист намд элсэж, намын залуучууд холбоонд оржээ. Ингээд 1999 оноос Хенань мужийн коммунистийн намыг удирдах болсон байна. 2013 онд тэрбээр дэд сайдын албыг хашиж байгаад Вэнь Зябаогийн орыг залгасан буюу БНХАУ-ын ерөнхий сайдаар томилогдсон байна.Одоо тэр коммунист намын нөлөө бүхий долоо дахь гишүүн юм.

Нийтэлсэн: Web admin

АСЕМ-ийн дээд хэмжээний чуулга уулзалтын зарим хүндэт зочид  
Үзсэн: 1809 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй