Шууд Chart

Хүн байхад суралцахуй

2018-08-24 11:49:59

Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо, Бээжин их сургуулиас хамтран 2018 оны 8 дугаар сарын 13-20-ны өдрүүдэд Дэлхийн философийн XXIV их хурлыг “Хүн байхад суралцахуй (Learning to Be Human)” хэмээх сэдвийн дор амжилттай зохион байгууллаа.

Дэлхийн улс орнуудад XVII зууны дунд үеэс философийн нийгэмлэг байгуулагдаж эхэлжээ. Жишээ нь, 1648 онд Ирландын Их сургуулийн философийн нийгэмлэг, 1802 онд Глэсговын философийн нийгэмлэг, 1865 онд Их Британы философийн нийгэмлэг, 1870 онд Аристотелийн нийгэмлэг, 1873 онд Финландын философийн нийгэмлэг байгуулагдсан түүхтэй. 1948 онд Олон улсын философийн институтийн удирдлага Р.Байэрийн санаачилгаар Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо (FISP) Амстердамд байгуулагдсан. Тус холбоо нь одоогоор 130-аад орны 1200 орчим их сургуулийн философийн тэнхим, факультетийн багш, судлаачид, 13000 гаруй гишүүдийг хамарсан үндэсний 105 холбоо, Олон улсын 38 холбоо, Олон улсын байгууллага хоёрыг эгнээндээ нэгтгээд байна.

Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо нь философийн чиглэлээр олон талт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хамгийн том арга хэмжээ нь 5 жил тутам зохион байгуулдаг дэлхийн философийн их хурал юм. Дэлхийн философийн их хурал нь анх 1900 онд Франц улсын Парис хотод Математикийн Олон улсын их хурал зохион байгуулагдсанаас хойш хэдхэн хоногийн дараа зохион байгуулагдсан байна. Хурлын дүрмээр нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын томоохон арга хэмжээ учир хурлын албан ёсны хэлийг англи, франц, герман, испани, орос, хятад гэж тогтсон онцлогтой байдаг.

Анхны конгресст оролцогчид нь Х.Бергсон, М.Блаундэл, Э.Боутроукс, М.Кантор, Б.Рассэль, Э.Шрейдер зэрэг нэр хүндтэй шилдэг философичид байжээ. Тус их хурал дээр Б.Рассэль математикийн философи руу хандсан философи шинэлэг үзлээ танилцуулж байжээ. Энэ нь тохиолдлоор Математикийн их хурал дээр Германы математикч Д.Гильбэрт дэлхийн математикийн судалгаанд хувьсгал авчирсан алдарт “Математикийн асуудлууд” сэдэвт лекцээ уншсантай таарсан гэдэг.

Философийн Олон Улсын Нийгэмлэгүүдийн Холбоо (FISP) нь 2013 онд Грекийн Афин хотноо зохион байгуулсан XXIII их хурал дээр Бээжин Их Сургуультай хамтран Дэлхийн философийн XXIV их хурлыг БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулах шийдвэр гаргажээ. Бээжин их сургуулийн философийн тэнхим 1912 онд байгуулагдсан дэлхийн философийн топ байгууллагуудын нэг гэж тооцогддог.

Философич эрдэмтэд, зохион байгуулах хорооноос их хурлын сэдвийг олонтаа хэлэлцэж “Хүн байхад суралцахуй (Learning to Be Human)” хэмээн нэрлэсэн байна. Энэ удаагийн хурал нь 1000 гаруй үндсэн болон салбар, дэд салбар хуралдаанаар хуралдсан бөгөөд оролцогчид, илтгэлийн тоо зэргээр өмнөх их хурлуудаас илүү өргөн хүрээг хамарсан гэж зохион байгуулагчид дүгнэж байна. Хуралд 121 орны 6000 гаруй эрдэмтэд, сонирхогчид, судлаач оюутнууд оролцжээ.

Дэлхийн философийн их хурлын нээлтийн ёслолыг БНХАУ-ын Ардын хурлын танхимд зохион байгуулж, Бээжин их сургуулийн захирал Лин Жианхуа мэндчилгээ дэвшүүлж, ФОУНХ-ны Ерөнхийлөгч Дермот Моран, Ерөнхий нарийн бичгийн дарга Лука Скарантино, БНХАУ-ын Боловсролын сайд Чөн Баошөн нар үг хэлсэн юм.

Энэхүү их хурлыг зохион байгуулах хорооны даргаар Бээжин их сургуулийн захирал Пин Хао, Линь Жяньхуа, дэд захирал Ван Бо нар томилогдон ажиллаж, эрдэм шинжилгээний зөвлөхөөр Хятадын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын 118 философич эрдэмтэн, багш нар ажиллажээ. Хурлын зохион байгуулах хорооны ажилд Бээжин хот дахь их дээд сургуулийн 300 гаруй сайн дурын оюутан тусласан байна.

Хурлын хөтөлбөрийн товхимол нь 307 нүүр бөгөөд хурлын хөтөлбөрийн хорооноос их хурлыг үр өгөөжтэй зохион байгуулахад анхаарч, “Сүсэг бишрэл”, “Би”, “Нийгэм”, “Байгаль”, “Уламжлал” гэсэн сэдвүүдээр бүгд хуралдаан зохион байгуулж тэргүүлэх философич эрдэмтэд илтгэл хэлэлцүүлжээ. Мөн уригдсан салбарын хуралдаануудад “Дэлхийн шашны диалогийн тухай философи эргэцүүлэл”, “Оюун санаа ба хэлний талаарх буддист хандлага”, “Хятадын бизнесийн философи”, “Феминист онол дахь хүн”, “Эпистемологи дахь сэтгэл хөдлөл”, “Өнөө үеийн математикийн философи”, “Урлагийн шүүмж ба өрнө, дорнын гоо зүй” гэх мэт сэдвээр, 129 дугуй ширээний ярилцлага дээр “Философийн эрэлт хэрэгцээ ба хүний төлөвшил”, “Хүн байхад суралцахуй ба үнэт зүйл”, “Уран зохиолын философи”, “Академик боловсрол ба хүн байхад суралцахуй”, “Цаг хугацаа ба уран зохиол”, “Дижитал оюун санааны төлөвшил”, “Хайдэггэр: Хятадын философи ба улс төр”, “Философи дахь эмэгтэй” зэрэг өргөн агуулга бүхий сэдвүүд хэлэлцэж санал бодлоо илэрхийлэв. Энэ хурлын үеэр эрдэмтэд хятадын философийн түүх, онцлог, үндсэн ойлголтууд, өрнийн философитой харьцуулан судалсан үр дүнгээр олон илтгэл хэлэлцүүлсэн. Мөн философийн мэргэжлийн судлаачид дэлхийд нэр хүндтэй 24 философичоос дэлгэрэнгүй сонирхолтой ярилцлага авч цувралаар олон нийтэд толилуулжээ.

ФОУНХ-ны Ерөнхийлөгч Дермот Моран XXIV их хурлын нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ: “…Дэлхийн олон улс орнуудад Хятадын уламжлалт философийг сонирхох нь нэмэгдэж байна. Ийм сонирхол Лейбницэд илүү тодорхой илэрч байсан билээ. Тухайлбал, англи хэлнээ “Дао Дэ Жин”-гийн 150 гаруй орчуулга байна. Бидэнд Хятадын философиос суралцах зүйл их байна... Бертран Рассэль (1920), Жон Дьюи, Ж.П.Сартр болон Симон дө Бовуар (1955) зэрэг өрнөдийн нэртэй философичид Бээжин их сургуульд зочилж байсан. Б.Рассэлийн Бээжин Их сургуульд уншсан анхны лекцэд 1500 гаруй хүн оролцсон гэдэг. Өрнөдийн нэрт философичдоос 1999 онд П.Рикёр, 2001 онд Ю.Хабермас, 2001 онд Ж.Деррида, 2004 онд Р.Рорти, 2012 онд Сол Крипке нар Бээжин Их сургуульд зочилж, лекц уншжээ... Философи нь хаана ч хүрсэн тухайн газар орны хэл, соёл, уламжлалтай нягт холбогддог…” хэмээн онцлон тэмдэглэж байв.

Бээжин их сургуулийн дэд захирал Ван Богийн хэвлэлд өгсөн нэгэн мэдээлэлд “Философи бол хүн төрөлхтний оюун сэтгэлийн гүнд хүрдэг мэдлэгийн салбар. Тус их хурал нь Хятад ба дэлхийн харилцан ойлголцлыг урагшлууллаа. Мөн хятадын философийг дэлхий рүү хандуулж байна... Их дээд сургуулийн философийн боловсрол олгох хичээлийг чанаржуулахад анхаарах дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт, мэргэжлийн боловсрол ба салбар дундын мэдлэгийг уялдуулахад философийн боловсрол чухал. Философийн боловсрол нь философи ба бусад салбарын мэдлэгийг холбож өгдөг. Философийн сургалтаар философийн асуудал ба философийн түүхийг судална. Хоёрдугаарт, олон хэл ба иргэншлийг ойлгох мэдрэмжийг суулгаж өгөх. Өөрөөр хэлбэл, бид хятад хэл, соёлоо ойлголцдог шиг бусад хэл, иргэншлийг ойлгох чадвар чухал. Гуравдугаарт, түүхэн үзэл ба ирээдүйн тухай үзэл хоёулаа чухал. Бид бүтээж буй ирээдүйнхээ үзэл санаа, хаана хүрэхээ ойлгож мэдэх хэрэгтэй. Дөрөвдүгээрт, бодит байдлаа их анхаарах хэрэгтэй юм. Философичид бодит байдлын тухай асуултад хариулдаг. Магадгүй зарим үед тогтсон стандарт хариулт байх боломжгүй. Гэхдээ бодит байдлыг эргэцүүлэх нь маш идэвхитэй, мэдрэмжтэй болгодог. Үгүй ядахдаа бид нилээд магадлалт шинжүүдийг илэрхийлнэ...” хэмээн дурдсан байна.

Энэ удаагийн их хуралд манай улсаас философийн шинжлэх ухааны доктор, профессор, МУ-ын гавъяат багш Д.Дашпүрэв, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор (Ph.D), профессор Р.Дарьхүү, доктор (Ph.D) Д.Оюунгэрэл, доктор (Ph.D), зөвлөх профессор Д.Тунгалаг, СУИС-ийн СУСХ-ийн секторын эрхлэгч, доктор (Ph.D) М.Золзаяа, “Тэнгэр” дээд сургуулийн захирал, доктор (Ph.D) С.Даваадулам нар илтгэл хэлэлцүүлж, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн салбарын Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор С.Цэдэндамба, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн төлөөлөл эрдэм шинжилгээний ажилтан доктор (Ph.D), профессор М.Гантуяа, магистр Ж.Бямбасүрэн, И.Золзаяа, Шандун их сургуулийн философийн салбарын докторант Э.Хулан, Тяньжин хотын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрант Н.Долгион нар оролцов.

ФОУНХ-ы ерөнхий чуулганаас 2023 оны ээлжит XXV их хурлын зохион байгуулагчаар Австрали улсын Мельбурнийн их сургуулийг сонгов.


Нийтэлсэн: М.Золзаяа

Хүн байхад суралцахуй   
Үзсэн: 2872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй