Шууд Chart

Дэвид Боуви буюу Берлиний хана нурсан түүх

2019-01-11 11:29:34

Өнгөрч буй долоо хоногт хөгжмийн ертөнц нэгэн сод хүүгээ алдав. Хүн төрөлхтөнд өөрийн уран бүтээлүүдээр итгэл үнэмшил, онгод урам зориг, шинэ санаа, эрч хүчийг харамгүй хайрласаар ирсэн Дэвид Боуви 69 насандаа нас баржээ.

Түүний зохиосон дуунууд зүрх сэтгэлийг догдлуулж, ухаарал хийгээд гайхашралыг төрүүлж, аманд аялагдах хөг аялгуугаараа тод ялгардаг. Түүний бүтээсэн дүрүүд хэлж буй үгс, төрүүлж буй сэтгэгдлээрээ тархинд бууж, бодит байдлыг авчирдаг.

Тэр зөвхөн хөгжмийн ертөнцийн сод дүр байсан төдийгөөгүй уран зураг, ном, киноны салбарт онцгой үзэгдэл болсон нэгэн байлаа. Түүний дурсгалд зориулан нэгэн эгэлгүй түүхийг хүргэж байна.

Алдрын оргилд нэгэнт хүрсэн Дэвид Боуви 1970-аад оны төгсгөл хэсэгт Берлинд хэсэг амьдарсан юм. Лос Анжелест түүнийг үргэлж дагах фенүүд, хэвлэлийнхнээс ирэх дарамт, хэрэглэж дадсан хар тамхи зэрэг нь ядрааж, цаашид хэрхэхээ, юу хийж бүтээхээ ч мэдэхгүй болчихсон байсан гэдэг. Тийм ч учраас шинэ онгод, шинэ санааны эрэлд гаран Берлинд иржээ. Хоёр лагерьт хуваагдсан Берлин тэр үед Боувид яг тохирсон газар байв. Тэр жинхэнэ ёсоор оюуны амралтыг эдэлж, Европын түүх дурсгал, урлагийн өв их соёлоос шинэ санаа олж авсаар байлаа. Нэрийн хуудас болсон электроник хөгжмийн дуугаралтуудаа тэр чухам Берлинээс олж авч, алдарт продюсер Брайн Энотой (түүнийг бид алдарт Windows-ийн эхлэлийн аяыг зохиосон гэдгээр нь сайн мэднэ) уулзаж, түүний карьерт томоохон байр суурь эзлэх гурван цомгоо бичсэн билээ.

1977 онд тэрээр Берлинд бичсэн гурван цомгийнхоо хоёр дахийг нь буюу “Heroes”-ийг худалдаанд гаргажээ. Цомгийн гол дуу “Heroes”-ийн бичигдсэн түүх их учиртай. Зүүн Германы хилийн хамгаалагчид Берлиний ханыг даван нөгөө тал руу нь гарах гэж оролдсон 18 настай залуу хүү Диетмар Швайцерийг ямар ч өршөөх сэтгэлгүйгээр буудан хороосон нь дэлхий нийтийг цочирдуулжээ. Хэдхэн сарын дараа 22 настай Хенри Вайзе гол гаталж, хил давах гэж оролдоод живж үхэв. Тэд бол тухайн үеийн азгүй хувь тавилантай олон мянган залуусын төлөөлөл байлаа.

Д.Боуви Брайн Эногийн хамтаар Heroes дууныхаа бичлэгийн үеэр. Берлин хот, 1977 он

Боуви “Heroes” дуугаараа ханын хоёр талаас бие биетэйгээ уулзах гэж тэмүүлж буй залуу хосуудын гунигт түүхийг өгүүлдэг.

Биднийг юу ч хамтдаа байлгаж чадахгүй

Бидэнд юу ч тусалж чадахгүй

Ханын эсрэг талд байгаа нь харамсалтай ... гэх мэт гунигтай үгстэй зэрэгцээд “Чи дельфин шиг сэлж чаддаг байгаасай гэж би хүсч байна” зэрэг үгс бодит түүхийг санагдуулдаг. Олон арван гэр бүл, ах дүүс, дурлалт хос ханаар тусгаарлагдсныг тэр дуулжээ.

Гэхдээ энэ бидний өгүүлэх гол түүх биш. 10 жилийн дараа буюу 1987 онд Боуви Германы парламентийн ордны ойролцоохон задгай талбайд болсон “Concert for Berlin” нэртэй тоглолтонд оролцох болсон юм. Уг тоглолтын үеэр тэрээр “Heroes” дуугаа дуулж, “Хананы нөгөө талд буй найзууддаа сайн сайхныг хүсч байна” хэмээн мэндчилсэн нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн юм. Тухайн үед уг тоглолтыг “Radio in the American Sector” нэртэй радио станцаар шууд дамжуулсныг Зүүн Германы залуучууд шууд сонсож байв. Олон арван залуу хананы дэргэд цуглаж, нөгөө талд эгшиглэх рок концертийг сэтгэлээрээ "үзэж" байв. Гэхдээ Боувигийн тэр мэндчилгээ залууст шууд л өөрсдөд нь хандаж хэлж буй мэт санагдаж, тэдний баярлан хашхирах чимээ тоглолтыг үзэж байсан 70 мянган фенд сонсогдож байсан гэдэг.

Эхний өдөр радиогоор Боувиг сонссон залуус хоёр дахь өдөр улам нэмэгдэж, гурав дахь өдөр нь бүр ч олноороо хананы дэргэд цуглав. Тухайн үед Баруун Германд сэтгүүлчээр ажиллаж байсан, өдгөө “DW”-ийн томоохон захирлуудын нэг болсон Кристоф Ланц зүүн талд байдаг найзындаа зочилсон дурсамжаа хожим нь ийн хуваалцсан байдаг. Тэр хэлэхдээ “Явах цаг минь болоход түүний нүдэнд нулимс цийлэгнэж, надтай явахыг ямар их хүсч байгаагаа хэлсэн. Тэр зүгээр л Боувигийн дууг сонсож, концертыг нь үзэхийг хүсч байлаа. Өөр юу ч биш. Одоо ч тэр талаар бодоход сэтгэл минь өвддөг” гэсэн байв.

Гэвч зүүн Германы эрх баригчид хангалттай гэж үзэв. Тэд хананы дэргэд зүгээр л хөгжим сонсох гэж, концерт үзэх биш сонсох гэж ирсэн залуусыг хүч хэрэглэн тараажээ. Тэнд ихэвчлэн 20 гаруй насны залуус цугласан байв. Цагдаагийнхан 20 гаруй эмэгтэйг, нийт 200 гаруй хүнийг баривчлахдаа нулимс асгаруулагч, усан буу ашиглажээ. Энэ явдал нийгмийн сэтгэл зүйг эгнэгт өөрчилсөн билээ.

Хүссэнээрээ аялж чадахгүй байгаадаа, хүссэнээ худалдаж авч чадахгүй байгаадаа, хүссэнээ хэлж чадахгүй байгаадаа бараг гомдоллоогүй залуус хөгжим, тэр дундаа Боувиг сонсож чадаагүйгээ “гомдож”, ханыг нураах талаар, эрх баригчдыг эсэргүүцэн, унтууцаж, тэр нь нийгэмд нөлөөлөн, сөрөг уур амьсгал гэрлийн хурдаар газар авч эхэлжээ. Залуус улс төрийн идэвхээ сэргээж, засгийн газрынхаа эсрэг турхирч эхэлсэн гэдэг.

Ердөө сарын дараа АНУ-ын ерөнхийлөгч Роналд Рэйган Берлинд ирж, Бранденбургийн хананы дэргэд “Ханыг нураахыг уриалсан” алдарт илтгэлээ тавьсан юм. Хоёр жилийн дараа Берлиний хана ч нурав. Гэхдээ үнэхээр л Боувигийн тоглолт, хэлсэн үг, тоглолт хана нурахад нөлөөлсөн гэж үү. Бодит байдал яг ямар байсан бол. Бид хэзээ ч тодорхой зүйлийг мэдэхгүй ч байж мэднэ. Гэхдээ л Германчууд түүхийн энэ хувилбарт итгэдэг. Боувиг нас барсны дараа Германы Гадаад Явдлын Яам өөрсдийн албан ёсны твиттер хуудсаар ийн жиргэсэн нь ч үүнийг батална.

Миний хөгжмийн жагсаалтанд онцгой байр суурь эзлэх энэ эрхэмд зориулан ямар нэгэн зүйл бичихийг, ямар нэгэн дурдатгалаа хуваалцахыг ихэд хичээн, энэхүү түүхийг хуваалцлаа. Дөрвөн жилийн өмнө Лондоны олимпийн хаалтын үеэр цэнгэлдэх хүрээлэн даяар түүний дуунуудыг дагаж дуулж байхыг сонсоод ихэд хөөрч, догдолж байснаа санадаг. Хожим Боуви тэр мөчид амьдаараа дуулахаас татгалзсан гэдгийг нь сонсоод мөн ч их "гомдож" билээ. Амьдаар нь сонсох магадгүй цорын ганц боломж минь тэр байсан болоод л тэр байх. Тийм ч байж дээ.

Unread-ийн 2016 онд хүлээж буй онцлох үйл явдлуудын жагсаалтдаа түүний 25 дахь бие даасан цомог "Blackstar"-ийг оруулсан минь ч санаандгүй хэрэг биш. Тэр өөрийн фенүүдэд, шүтэн бишрэгчдэдээ эцсийн цомгоороо "бэлэг" барьж, салах ёс гүйцэтгээд явсан нь энэ байж.

Ямартай ч өөрийн уран бүтээлээр нийгэмд нөлөөлж, түүхийг өөрчилсөн тохиолдол их цөөхөн, тийм хувь заяа зөвхөн агуу уран бүтээлчдэд л тохиодог байх. Дэвид Боуви чухам тэдний нэг байв. Тэр үйл хэргээрээ, жинхэнэ утгаараа "Баатрууд"-ын нэг болж, бидний зүрх сэтгэлд тодхон үлдэх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэвид Боуви буюу Берлиний хана нурсан түүх  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
С Баасанжав [127.0.0.xxx] 2019-01-11 17:45
Тэр хана чинь нурсан юм биш нураасан түүх гэвэл онох бх

Бидэнтэй нэгдээрэй