Шууд Chart

До.Цэнджав: "Миний нутаг”-ийг бахархалт шүлэг болгохсон

2021-11-17 16:44:26

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 115 жилийн ой өнөөдөр тохиож байна. Сонгодог зохиолч гэдэг хэн бэ? гэдгийг бүх талаар харуулж тун багахан хугацаанд ерөөсөө 3О-аад оноос хойш 1937 он хүртэл уран зохиолын бүх төрлөөр бичснээс гадна  АС.Пушкин, Эдгар Элен По зэрэг алдарт шүлэг зохиолуудыг орчуулжээ. "Хуучны ялзарсан феодал, ардын засгийг эсэргүүцэгч, Чингисийг магтагч, Зөвлөлт оросын засгийг үгүйсгэн шүүмжлэгч, Германы тагнуул зэрэг хамаг муу муухай нэр пайзыг зүүж, 1932 оны тавдугаар сарын 17-нд баривчлан гянданд эхлээд хорьжээ. Тэр үеэр До яамны байцаагчдад "Би Монгол, Орос, Герман, Англи хэл бичиг мэднэ" гэж мэдүүлсэн нь ямархуу гайхамшигт сэхээтэн байж вэ гэдэг нь харагдана. Дээр нь манж хэлбичгийг сайн мэддэг төдийгүй төвд бичгээр уншдаг, Хятад ярианы хэлийг эзэмшсэн гэж намтартаа тэмдэглэжээ. Ийм сэхээтэн одоо ч бараг тийм олон биш болов уу?

Түүний тэмдэглэлийн дэвтэрт үлдсэн "Байхгүй юмыг олох хэрэгтэй. Ижил үгүй юмыг бодох хэрэгтэй, онц чухал юм болох хэрэгтэй" гэсэн үг бол өнөө хүртэл бичиг номынхонд хамгийн товч бөгөөд хамгийн оносон "Нэвтэрхий үг" болно.

Ийм л сод хүмүүн "Харанхуй хад хэмээх" маш сонин содон далд утгат өгүүллэгийг бичсэн байж таарна. Манай нэртэй З0-аад судлаач энэ далд увьдас бүхий өгүүллэгийн талаар шинжилгээ судалгааны өгүүлэл олныг бичсэн боловч "Тэрнийг зөв, үүнийх оновчтой болжээ" гэж зөвшөөрчихсөн юм одоо хүртэл алга. Нэг үгээс, нэг өгүүлбэрээс, он цагаас, нийгмийн содон үзэгдлээс, зохиолчийн сэтгэц тархи судлал, сэтгэлзүйгээс, оюун санааны магадлал зэргээс ухаж эрж хайж судалбал сонин шинэ санаа гарч болох юм.

Ядаж энэ үндэсний хэмжээний агуу зохиолчийнхоо "Миний нутаг" шүлгийг өнгөрсөн үеийнхэн дээр доргүй бүгдээрээ цээжээрээ уншдаг байсан үе мартагджээ. Ер нь ЕБС-ийн сурах бичигт ч нэг үе байхгүй болчихсон байсан. Ингэж эх орноороо хоромхон зуур туулах, чин сэтгэлээсээ бахархах үнэнхүү гайхамшигт шүлгийг Монголчуудын  "Монголын бахархах шүлэг" болгож мандуулмаар байгаа юмаа гэсэн санааг энэ өдөр хавчуулвай.

Уг нь манай зохиолч, яруу найрагчид 1990-ээд оноос хойш УИХ-д тасралтай суудалтай л байсан юм шүү дээ. Одоо ч байж л байгаа. Үндэсний ухамсар тэгж байж л сэргэнэ. Үндэсний бахархалт шонхор шувуу мартагдаад одоо харин хэдэн мянгаар нь алж төсөвт мөнгийг нь оруулах талаар ярьж л байсан. Ингэж бахархах ёстой ч юм уу, аль эсвэл бахархах зүйл нь ч биш ч юм уу мэдэх юм алга аа.

МУСГЗ, зохиолч, яруу найрагч До.Цэнджав

Нийтэлсэн: У.Баярсайхан

До.Цэнджав: "Миний нутаг”-ийг бахархалт шүлэг болгохсон  
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй