150 сая ам.долларын санхүүжилт бүхий нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлнэ
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар манай улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Мэдээллийн алба

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар манай улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Б.Болор уншиж танилцуулсан. УИХ-аас батлагдсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр”-ийн хүрээнд эдийн засгийн хүндрэлийн үеэр нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийн стандартыг зохих түвшинд хадгалах, төсвийн алдагдлыг нөхөх зорилтот арга хэмжээнүүдийг тусгасан. Иймээс Засгийн газар уг хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Азийн хөгжлийн банкинд хандаж төсвийн алдагдлыг нөхөх, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч, хөтөлбөр хэрэгжүүлэх санал тавьсныг тус банк хүлээн авч “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр”-ийг хоёр үе шаттай хэрэгжүүлэхээр тогтсон байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 150 сая ам.долларын санхүүжилтийг 2015-2016 онд хоёр үе шаттай авахаар төлөвлөж байгаа бөгөөд хөтөлбөр нь 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хэрэгжих ажээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцээд соёрхон батлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны саналын дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.1 хувь нь дэмжсэнээр Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хууль батлагдсан юм.


















