Энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
Мэдээллийн алба

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний XV ээлжийн мотобуудлагын батальоны сүүлийн цуврааны бүрэлдэхүүн эх орондоо ирлээ.
Даян дэлхийн энхийн үйлсэд бодит хувь нэмрээ оруулан нэг жилийн хугацаатайгаар үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгээд ирж буй цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчдыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал С.Ганбямба, орлогч дарга хошууч генерал Б.Баатар нар болон бусад албаны хүмүүс угтаж, баяр хүргэсэн юм.
Угтан авах ажиллагааны үеэр ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба энхийг сахиулагчдадаа хандан НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэсэн өмнөх цэргийн багуудын ололт амжилтыг бататгаж, энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлэн, эх орон, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг өндөрт өргөж, “Монгол цэрэг-Дэлхийн цэрэг” хэмээх бахархалт алдрыг дурсгаж, Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдал, гадаад бодлогын зорилтуудыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулаад ирсэнд талархал илэрхийлэв.























