160 цэцэрлэг барих мөнгийг "Чингис бонд"-ын хүүд төлсөн үү...
УИХ-аас 5 тэрбум ам.долларыг гадны зах зээлээс босгож авахыг Н.Алтанхуягийн Засгийн газарт зөвшөөрснөөс 1.5 тэрбум ам.долларыг босгож авсан юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ "Энэхүү зээлийг үр дүнтэй ашиглаж чадах юм бол 4 жилийн дотор ДНБ 2 дахин өсөх бололцоотой" гэлээ.
Мэдээллийн алба

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр энэ цаг мөчид Чингис бондын хэрэгжилтийн талаар УИХ-д товч мэдээлэл хийж байна. Ерөнхий сайдын мэдээллийн дараа УИХ дах МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мөн Чингис бондын талаар намын байр сууриа илэрхийлсэн юм.
УИХ-аас 5 тэрбум ам.долларыг гадны зах зээлээс босгож авахыг Н.Алтанхуягийн Засгийн газарт зөвшөөрснөөс 1.5 тэрбум ам.долларыг босгож авсан юм. Тиймээс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ "Энэхүү зээлийг үр дүнтэй ашиглаж чадах юм бол 4 жилийн дотор ДНБ 2 дахин өсөх бололцоотой" гэлээ.
Н.Энхболд: Тоо судалгаатай, богино хугацаант үр ашиг өгөх төсөлд Чингис бондын мөнгийг зарцуулах нь санхүү эдийн засгийн манай өнөөгийн нөхцөлд маш чухал асуудал юм. Энэхүү бондыг авсан цагаасаа хойш улс орныг хүүгийн дарамтанд оруулчихлаа. Өнөөдөр 30 дунд сургууль, 50 цэцэрлэг барих хэмжээний мөнгийг зөвхөн Чингис бондын хүүнд нь төлчихсөн байна.
Д.Хаянхярваа: Чингис бондийг үрэлгэн зарцуулж байна. Үр ашиггүй төсөлд зарцуулж байгаа нь харагдаж байна. Бондоос мөнгө авсан өгсөн компаниудын тоо баримтыг гаргаж тавих шаардлага байна. Хувийн хэвшлийн авсан зээлийг ил гаргахыг хүсэе.
Н.Алтанхуяг: Чингис бондын үр ашгийг хүртээд эхэлсэн. Гудамж төслийн хүрээнд 33 уулзварыг хийхээс 16 уулзварыг өнөөдрийн байдлаар амжилттай хийжээ. Хурдны замруу Чингис бондын ихэнх нь мөнгө нь гараад явна. Ганц хотынхон гэлтгүй, хөдөө орон нутгийнхан мөн орон нутагт тавигдаж буй замаас үр ашиг хүртэнэ. Хэн нэгэн компанид Засгийн газар дур мэдэн зээл өгөх боломжгүй юм. Үүнийг Хөгжлийн банк өөрсдөө мэдэж шийддэг.
Н.Батбаяр сайд: Чингис бонд Монгол Улсын дансанд орж ирсэн цагаас хойш үр дүнгээ өгч эхэлсэн. Тухайн үед ам.долларын ханшийг хэт их өсөхөөс хамгаалж чадсан. Чингис бондын мөнгөнд улсын төсвөөс 1 ч төгрөг төлөөгүй. Хүүнд нь нэг жилд 70 сая ам.доллар төлнө. Хий хоосон харддагаа болимоор байна шүү. Хардаад байвал очоод хар, шалга. Гудамж төслийг хэрэгжүүлсэн нь буруу юу, орон нутгийг хар замдаа холбож байгаа нь буруу юу... Харин ч бид нийгмийн халамжит нэг ч төгрөг зарцуулаагүй байгаа шүү.
Ч.Улаан: Монгол Улсын өр, хувийн хэвшлийн өртэй нийлээд 16 тэрбум ам.доллар боллоо хэмээн зөрүүтэй ойлголт байна. Монгол Улсын өр ДНБ-ийн 49 хувьтай тэнцэхээр байгаа. Тиймээс хувийн хэвшлийн өрийг улс хариуцах учиргүй юм. Энэ асуудлыг ялгаж, салгаж ойлгомоор байна.
Б.Бат-Эрдэнэ: Засгийн газар анх шууд үр дүнгээ өгөх төсөлд Чингис бондоо зориулна гэж энэхүү бондыг авч байсан. Энэ Засгийн газар еэвэнгийн талыг нь харуулсан маягтай, нүд, чих хуурсан хариултыг өгч байна. Энэ өр зээлийг бид төлөхгүй. Бидний хойч ирээдүй болсон үр хүүхдүүд маань төлнө шүү дээ. Энэ талаар бодож байгаа юм байна уу.
Н.Батбаяр: Чингис бонд бол бүтээн байгуулалт, хүн ардын хөгжилд зориулсан хөрөнгө оруулалт юм. Шууд үр дүн гэдгийг энэ олон төслийн ганц төсөл нь болох "Гудамж төсөл"-өөс жишээ болгоод хар л даа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг онлайн хэлбэрээр 24 цагийн турш хэн ч ороод харж болохоор байгаа.
А.Тлейхан: Өнөөдөр бид 160 цэцэрлэг барих мөнгийг зөвхөн Чингис бондын хүүд нь төлбөр болгон өгсөн байна. Төсөл нь бэлэн болоогүй байхад бид хүү төлж байгаа нь тийм ч сайн зүйл биш юм. Эдийн засгийн үр ашигтай төсөлд Чингис бондийн мөнгийг зарцуулах хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 100 гаруй төсөлд тус мөнгөнөөс өгсөн байна. Ямар компаниуд Чингис бондоос хэдийн хэмжээний мөнгийг авсан юм гэдгийг нэр устай нь УИХ-ын гишүүдэд гаргаж өгмөөр байна. Төлсөн мөнгийг төлөөгүй гэж Ч.Улаан сайд ярьдагаа болимоор байна.
Н.Алтанхуяг: Засгийн газар 9 чиглэлээр Чингис бондийн мөнгийг зарцуулж байгаа. Энэхүү 9 чиглэл нь дотроо олон төсөл болж задрана. Харин ч ганц үр ашиггүй төсөл байхгүй гэдгийг дахин хэлье.
Ч.Улаан: Чингис бондын хүүгийн төлбөрийг Хөгжлийн банк болон Монголбанк төлөх учиртай. Энэ бонд ирээдүйд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг ойлгох хэрэгтэй.
Н.Энхболд: Эдийн засаг хаана хаанаа хүндрэлтэй байгаа гэдгийг хэн хүнгүй мэднэ. Монголбанк замбараагүй мөнгө хэвлэдэг, зээл авдагаа болимоор байна. Болохгүй бол бүгдээрээ өөрсдийн чадлаараа амьдрая л даа. АНУ сүүлийн 5 жилийн хугацаант дааж давахааргүй баталгаагүй ам.долларыг хэвлэн гаргасан. Үүнийхээ үр дүнг АНУ үзэхгүй байна. Зөвхөн "америк" л гэсэн нэр нь ам.долларынхоо баталгаа болж байна. Гэтэл хятад улс юанаа баталгаатай болгохын тулд сүүлийн 5 жилийн хугацаант өөрсдийн олборлож буй алтаасаа гадна бусад улсаас алтыг их хэмжэгээр худалдаж авч байна. Зөвхөн өнгөрсөн нэг сарын хугацаант гэхэд л 130 тонн алтыг бусад улсаас худалдан авсан байх юм. Энэ юу харуулаад байна гэвэл өөрсдийн юанаа баталгаатай болгож буйгаа харуулж байгаа хэрэг.
Н.Алтанхуяг: Мөнгө хэвлэх тухай би юу ч мэдэхгүй. Монголбанктай ярьдаг юмаа та бүхэн ярь. Ингэж хамаагүй ярьж болохгүй шүү. УИХ 5 тэрбум ам.долларын бонд босгоод ав гэж шийдэж өгсөн. Харин бид 1.5 ам.долларыг босгож авч чадсан. Цаашид бид үлдсэн 3.5 ам.долларыг биш 2.1 ам.долларыг босгож авна гэж Засгийн газрын хүрээнд яригдаж байгаа.
Д.Оюунхорол: Ханшны зөрүүнээс болж бид Чингис бондын хүүнд 40-50 дахин идүүлж байна. Эдийн засаг чинь уруудаж байгаа гэдэгтэй санал нийлээ ч... Тансаг хэрэглээгээ бай гэхэд өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин өсчихсөн байна. Гэтэл цалин, тэтгэмж өнөөдрийн байдлаар нэмэгдээгүй бахь байдгаараа байна.
Ийнхүү санал, шүүмжлэл, хамгаалалт, тайлбар зэрэгцсэн хэлэлцүүлгийн дараа Ерөнхий сайд Н.Алтанхуягийн "Чингис бонд"-ийн мэдээллийн цаг өндөрлөв.


















