Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

17 удаа хуралдаж 32 асуудал хэлэлцсэн байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцсан байна.

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
17 удаа хуралдаж 32 асуудал хэлэлцсэн байна
17 удаа хуралдаж 32 асуудал хэлэлцсэн байна. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 32 асуудал хэлэлцсан байна. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд шинээр нэг хууль батлагдаж, нийт 20 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Хилийн боомтын тухай хууль, уг хуулийг дагалдаж өргөн баригдсан хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороотой хамтран хэлэлцэж нэгдсэн чуулганаар батлуулсан нь хилийн боомтын үйл ажиллагааг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг байнгын хорооны дарга онцлон дурдав.

Мөн Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Дипломат албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулиудад өөрчлөлт оруулж, Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулсан Улаанбаатар хотын Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлуулжээ. Түүнчлэн Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газраас өргөн мэдүүлсэн найман асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хариуг хүргүүлжээ.

Тодруулбал, Тамхины хяналтын суурь конвенцийн “Тамхин бүтээгдэхүүний хууль бус худалдааг устгах тухай Протокол”, Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн эх бичвэрт гарын үсэг зурах тухай, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээ, “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон Ялтан шилжүүлэх тухай хэлэлцээрийн төслүүд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Инженер, технологийн дээд боловсрол олгох төслийн зээлийн хэлэлцээрийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.

Хорооны эрхлэх асуудлын хүрээнд гадаадын 9 улстай дипломат харилцаа тогтоох, БНСУ, БНТУ-аас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Нууц Протоколыг ил болгох тухай зэрэг асуудлаар Улсын Их Хурлын 15 тогтоол батлагджээ.

Байнгын хороо энэ хугацаанд Хилийн боомтын тухай хуулийн төсөл болон Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллах, Цөмийн зэвсгээс ангид байх тухай хуулийн төслийн хэрэгжилт, Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабт зарим хуулийн хэрэгжилтийг шалгах ажлын хэсгүүд байгуулж ажилласан байна.

Байнгын хорооны эрхлэх асуудлын чиглэлээр холбогдох лавлагаа, мэдээлэл боловсруулж, 62 өргөдөл гомдол, 208 албан бичиг хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэснийг байнгын хорооны дарга дуулгалаа.

Хуваалцах