20 танкийг зөвхөн хамгаалалтын зорилгоор ашиглана гэв
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчинд цэрэг-техникийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй зэвсэг, байлдааны техникийн зарим хэсгийг өчигдөр гардуулан өгсөн. Тодруулбал, энэ хүрээнд ОХУ-аас манай улсад Т-72 загварын 20 танкийг өгч байгаа юм.
Мэдээллийн алба

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчинд цэрэг-техникийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй зэвсэг, байлдааны техникийн зарим хэсгийг өчигдөр гардуулан өгсөн. Тодруулбал, энэ хүрээнд ОХУ-аас манай улсад Т-72 загварын 20 танкийг өгч байгаа юм.
Монгол Улсад цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр, Монголын зэвсэгт хүчинд зэвсэглэл, техник тусламжаар нийлүүлэх тухай БХЯ хоорондын 2008 оны гэрээний дагуу зэвсэглэл, техникийн нийлүүлэлт хуягт болон авто техник, агаарын довтолгооноос хамгаалах, нисэх, холбоо, галт хэрэгслийг аюулгүй болгох зэрэг олон чиглэлээр үргэлжилж байгаа.
.jpg)
Энэ талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов хэлсэн үгэндээ "Манай улс 1968 оноос эхлэн Монгол Улсад цэргийн зориулалттай обьектуудыг барьж босгоход дэмжлэг үзүүлсэн. Түүнээс гадна цэргийн мэргэжлээр маш олон монгол цэрэг эрсийг сургаж төгсгөжээ. Одоогийн байдлаар Монгол-Оросын хамтын ажиллагаа нь 2004 оны Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламж болох цэрэг-техникийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээрт болон 2014 оны Монгол-Оросын цэрэг-техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрт үндэслэн хөгжиж байна. Өнөөдөр Т-72 хуягт машиныг өгч байгаадаа баяртай байна. Энэ бол чухал үйл явдал. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад шаардлагатай байлдааны хэрэгслийг зөвхөн Оросын талаас нийлүүлж байгаа юм. ОХУ-ын зүгээс үзүүлж буй тусламж нь Монгол Улсын зэвсэгт хүчний байлдааны чадварыг дээшлүүлэхэд тус болох бөгөөд нийлүүлсэн зэвсэг, байлдааны техникийг гагцхүү хамгаалалтын зорилгоор ашиглана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
.jpg)
Дашрамд дуулгахад, ОХУ-ын Батлан хамгаалах яамны тусламжийн Т-72 хуягт машин нь анх удаа манай улсад ирж байгаа ажээ. Оросын Зэвсэгт хүчин байлдааны дадлага, сургуулилтандаа энэ хуягт машинаа ашигладаг юм байна.
.jpg)
.jpg)
.jpg)


















