Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

2013 онд МҮОНРТ уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа

Улиран одож буй хуучин онд манай сэтгүүлчид уран бүтээлийн олз омог дүүрэн байж салбар салбараас зохион байгуулсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 4 минут
2013 онд МҮОНРТ  уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа
2013 онд МҮОНРТ уран бүтээлийн олз омог дүүрэн байлаа. Зураг: МҮОНРТ

Улиран одож буй хуучин онд манай сэтгүүлчид уран бүтээлийн олз омог дүүрэн байж салбар салбараас зохион байгуулсан уралдаан, тэмцээнд амжилттай оролцжээ.

Оны шилдэг спортын сэтгүүлчээр Д.Батжаргал тодров
Спортын сэтгүүлчид 2013 онд амжилтын ургац арвин хураажээ. Иймдээ ч улирах оноо сэтгэл хангалуун үдэж, угтах оноо баяр хөөртэй урин дуудсан спортын сэтгүүлчдийн баярын цэнгүүнд 90 гаруй төлөөлөгч оролцжээ. МССХ оны шилдэг спортын сэтгүүлчийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаа радио, телевиз, сонин, сайтын спортын сэтгүүлчдийн 2013 оны шилдгээр МҮОНТ-ийн Уран бүтээлийн IV нэгдлийн сэтгүүлч Д.Батжаргал шалгарч, “Инчён-2014” Азийн зуны спортын наадмыг сурвалжлах эрхээр шагнуулсан байна.

Сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн “Шүүхийн шинэтгэл” нэвтрүүлэг
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зарласан “Шүүхийн шинэтгэл” сэдэвт шилдэг нийтлэл нэвтрүүлгийн уралдааны дүн гарлаа. Радио, телевизийн бүтээлийн төрөлд МҮОНТ-ийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийн “Шүүхийн шинэтгэл” нэвтрүүлэг тэргүүн байрт, МҮОНР-гийн сэтгүүлч Ц.Сүхбаатарын “Эвлэрхүй... эс эвлэрхүй” нэвтрүүлэг хоёрдугаар байрт, МҮОНР-гийн “Хурд” агентлагийн сэтгүүлч Д.Бат-Оршихын “Шүүх засаглал-Өчигдөр, өнөөдөр” нэвтрүүлэг мөн хоёрдугаар байрт тус тус шалгарлаа. Шүүхийн тухай багц хууль, шүүхийн шинэтгэлийн хэрэгжилтийн талаар олон нийтэд үнэн бодитой, шуурхай мэдээлэл түгээх үүднээс 2014 онд мөн шилдэг бүтээлийн уралдааныг зарлан явуулах юм байна.

Редактор Ю.Гантөмөрийн “Хавдраас сэргийлэх алхмууд” нэвтрүүлэг
МҮОНРТ, ХСҮТ, ХААН банкнаас санаачлан, гурав дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ны хүрээнд сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд зарласан “Шилдэг бүтээлийн уралдаан”-ы шилдгүүд тодорлоо. Энэхүү аяны зорилго нь олон нийтэд хавдрын өвчний талаар ойлголт мэдлэг өгч, үзлэг оношилгоонд хамрагдах дадал хэвшлийг сэтгүүлчдийн бүтээлээр дамжуулан олгох юм. Радиогийн бүтээлийн төрөлд I байранд МҮОНР-гийн редактор Ю.Гантөмөрийн “Хавдраас сэргийлэх алхмууд” нэвтрүүлэг, II байранд Шинэ монгол радиогийн сэтгүүлч Б.Энхтуулын “Эрүүл мэндийн цаг” нэвтрүүлэг, III байранд МҮОНР-гийн II сувгийн ерөнхий редактор Ц.Сосорбурамын “Эгэл амьдралын диваажин” нэвтрүүлэг, тусгай байранд МҮОНР-гийн редактор Д.Бат-Орших “Өнө мөнх амьдрал гэж үгүй” нэвтрүүлэг тус тус шалгарав. Хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааг идэвхитэй гаргасан шилдэг байгууллагаар MM агентлаг тодорлоо.

ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэв сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн эзэн боллоо
Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Хүний эрхийн үндэсний комисс болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Хөгжлийн хөтөлбөр” хамтран зохион байгуулсан сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдаанд манай сэтгүүлч Б.Пүрэв тэргүүн байрт шалгарлаа. Энэхүү уралдаан нь жил бүр нэг сэдвийг онцолдог. Энэ жилийн хувьд “Хүний эрхийн боловсрол” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан байна. Б.Пүрэвийн хувьд бүтэн жилийн турш хүний эрхийн чиглэлээр хөндсөн мэдээ, сурвалжлагуудаа нэгтгэн үзүүлснээс гадна манай улсад хүний эрхийн боловсрол дутмаг байгааг өөрийн бүтээлдээ тусгажээ. Хэдийгээр Монгол улс хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан орон боловч зөрчил их байгаа. Учир нь хүмүүс эрхээ мэдэхгүйгээс болоод алддаг, үүнийг далимдуулж хүний эрхийг зөрчдөг байдал хамгийн түгээмэл байгааг бүтээлдээ онцолсон байна. Тиймээс хүний эрхийн тухай боловсролыг хүүхэд байхаас нь буюу ерөнхий боловсролын сургуульд зааж, ягштал ойлгуулах шаардлага байгаа гэсэн санааг мэргэжилтнүүдийн үгээр хөнджээ. Хүний эрхийн сэдвийг хөнддөг сэтгүүлчдийн дунд болдог ийм төрлийн уралдаан дэлхийн орнуудад нэр хүндтэй байдаг учраас НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс монголын сэтгүүлчдийг дэмжиж буйгаа илэрхийлж сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааны ивээн тэтгэгчээр ажиллалаа гэж НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглу тэмдэглэсэн юм. Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрөөс зохион байгуулдаг шилдэг бүтээлийн уралдаан нийт сонин, телевиз, сайтын сэтгүүлчдийн дунд зохион байгуулагдсан байна. ММ агентлагийн сэтгүүлч Б.Пүрэвийн хувьд өнгөрсөн жилийн уралдаанд дэд байрыг эзэлсэн бол ийнхүү энэ жил амжилтаа ахиулж, тэргүүн байрыг эзэллээ.

Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа” – “Алтан өд”
МЗЭ-ээс уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-өд” наадам энэ сарын 21-нд болж өнгөрлөө. 2013 оны шилдэг бүтээлийн эздээр хүүрнэл зохиолын төрөлд МҮОНР-гийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан “Тэнгэрийн санаа”, яруу найргийн төрөлд Г.Баяр “Танихгүй цэцгийн үр” номоороо, хүүхдийн зохиолын төрөлд залуу уран бүтээлч Л.Ганчимэг “Дусал мэдрэмж”, жүжиг, киноны зохиолын төрөлд Б.Батрэгзэдмаа “Их хатан санаа”, орчуулгын төрөлд О.Чинбаяр Америкийн зохиолч Хэрман Мэлвиллын “Моби Дик буюу Цагаан халим” бүтээлээрээ, баримтат уран сайхны төрөлд Л.Одончимэд “Хоржоонтой дурсамжууд” бүтээлээрээ тус тус “Алтан өд”-ийн эзэд боллоо.

Шилдэг радиогоор P3 радио тодров
Монголын сэтгүүлчдийн эвлэлээс сэтгүүл зүйн салбарын энэ оны шилдгийн шилдгийг шалгарууллаа. Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагыг долоон номинациар, оны шилдэг сэтгүүлчийг есөн номинациар шалгаруулж, батламж, цом гардуулснаас гадна шилдгийн шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад Гранпри хүртээсэн.
МҮОНР-гийн Нийгэм эдийн засгийн редакцийн тоймч Л.Мөнхтөр, тус редакцийн редактор Ө.Цогт-Эрдэнэ, МҮОНТ-ийн Уран бүтээлийн III нэгдлийн редактор Д.Долгорсүрэн нар шилдэг сэтгүүлчид болсон бол МҮОНР-гийн III суваг P3 радио Шилдэг радиогоор шалгарав.

Гранпри шагналыг МҮОНР-гийн Хурд агентлаг хүртлээ
“Монголын радио телевизийн академи”-аас санаачлан жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Болор үзэг 2013” хүндэтгэлийн цэнгүүн боллоо. Чанартай сэтгүүл зүй, чадварлаг сэтгүүлчийг алдаршуулах зорилготой уг наадмын энэ жилийн шилдгийн шилдэг Гранпри шагналыг МҮОНР-гийн Хурд агентлагийн “Аавтайгаа л таарчихгүй юмсан” эрэн сурвалжилсан цуврал нэвтрүүлэг хүртлээ. МҮОНТ-ийн III нэгдлийн найруулагч Б.Туяагийн “Улсын цол монгол” гурван ангит телевизийн жүжиг Телевизийн шилдэг бүтээлээр, МҮОНР-гийн Нийгэм эдийн засгийн редакцийн ерөнхий редактор П.Нямлхагва “Цасан дээр дуссан цус” радио жүжиг, МҮОНР-гийн II сувгийн сурвалжлагч Г.Болор “Мөнхийн аялгуу” хөгжмийн цуврал нэвтрүүлэг Радиогийн шилдэг бүтээлээр тус тус шалгарав.

Хуваалцах