289 барилгын төсөвт өртгийг эргэн харах шаардлагатай
УИХ 2014 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасч, царцаахыг АН дэмжиж, иргэндээ ээлтэй хариуцлагатай төсөвтэй болохын төлөө ажиллаж байна. 2014 оны тө
Мэдээллийн алба

УИХ 2014 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэж байгаатай холбогдуулан олон жил он дамжин хэрэгжиж байгаа, төсөвт өртөг нь нэмэгдсэн, гүйцэтгэх хугацаа нь удааширсан барилга байгууламжуудыг төсвөөс хасч, царцаахыг АН дэмжиж, иргэндээ ээлтэй хариуцлагатай төсөвтэй болохын төлөө ажиллаж байна.
2014 оны төсөвт 731 объектод хөрөнгө оруулах санал оруулснаас 289 барилгын төсөвт өртгийг эргэн харах шаардлагатай гэж УИХ дахь АН бүлэг үзэж байна. Мөн УИХ-ын дарга З.Энхболд дээрх төслүүдийг эргэж харах шаардлагатай гэж Аудитын газар болон АТГ-т хандсан юм.
Энэ дагуу АТГ нэр бүхий 110 төсөлд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран мэдээлэл солилцож, шалгахад 110 төслөөс 2012-2013 онд зөвхөн зургаан барилгыг л улсын комисс хүлээн авсан байна. Харин бусад нь дуусаагүй буюу нэмэлт санхжүүжилт шаардаж байгаа юм. Тухайлбал анхны төсөвт өртгөө бүрэн авсан хэрнээ 2014 оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулсан 16, төсөвт өртгийнхөө 90-ээс дээш хувийн санхүүжилтийг авсан атлаа ирэх оны төсөвт нэмж хөрөнгө тусгуулахаар санал өгсөн 15, 2014 оны төсөвт хөрөнгө тусгуулахаар илрүүлсэн санал нь анхны төсөвт өртгийн дүнгээс хоёр дахин ба түүнээс дээш хэмжээгээр нэмэгдсэн 29 төсөл байгааг АТГ тогтоожээ.
Тухайлбал, Ганзориг захиралтай “Нийслэл Өргөө” ХХК Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилга, Үндэсний архивын ерөнхий газрын барилгыг барих тендерт 2010 онд шалгарч, төсөвт өртгийн 89-93 хувийг санхүүжүүлтээр авчээ. Гэвч дээрх барилгууд нь одоо болтол дуусаагүй, төсвийн анхны дүнг 38-69 хувиар өсгөсөн байна.
Мөн 2012-2013 онд төслийн ажил дуусч, барилгуудыг улсын комисст ашиглалтад хүлээлгэн өгсөн “Цамхаг Констракшн” ХХК, “Бүтээлч сонголт” ХХК, “Мөнх харш” ХХК-иуд нь дуусгасан барилгууддаа нэмэлт санхүүжилт авах хүсэлтээ төсөвт тусгуулжээ.
Ийн төсөвт өртөг нь хэтэрсэн, нэмэлт санхүүжилт шаардсан дээрх барилгуудад АН-ын сэтгүүлчидтэй уулзах 4-11 уулзалт боллоо. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Барилгын хөгжлийн төвийн захирал Б.Баярсайхан, Барилга хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа нар оролцож үүссэн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Төсөвт суусан барилгууд он дамжин санхүүжилт нэмдэг нь хэд хэдэн шалтгаантай байдаг аж. Тодруулбал, зураг, төсөв нь батлагдаагүй төслийг төсөвт тусгаж батлуулах, барилгын зураг, төсвийг анх хийхдээ зарим ажлыг орхигдуулснаас нэмэлт төсөв хийлгэх, материал, тээврийн зардал өссөн нэрээр шинээр төсөв хийлгэхдээ өмнөх гүйцэтгэлд орсон барилгын ажилтай уялдуулж тооцохгүй байх, гүйцэтгэгч байгууллагууд гэрээнд заасан хугацаанд барилгын ажлыг гүйцэтгээгүй, захиалагч, ашиглагч байгууллагын зүгээс төслийн гүйцэтгэлийн хяналтыг хангалтгүй хэрэгжүүлсэн, зураг, төсөв хийдэг байгууллагуудын үйл ажиллагааг хянадаггүйгээс ижил төрлийн барилгын төсөв харилцан адилгүй дүнтэй зохиогдсон зэргээр төсвөөс санхүүжилтээ авсан хэрнээ дахин нэмэлт хөрөнгө шаарддаг байна.


















