3 сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлэв
Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, түүхэн чухал, нөр их ажлыг амжилттай зохион байгуулж хийсэн
Мэдээллийн алба

Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах үүрэг бүхий Үндэсний ажлын хэсгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр тус ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч, түүхэн чухал, нөр их ажлыг амжилттай зохион байгуулж хийсэнд нь талархал илэрхийллээ. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан болон бусад хүмүүс уг арга хэмжээнд оролцлоо.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан энэ үеэр хэлсэн үгэндээ “Монголчууд олон мөрөөдөлтэй байдгийн нэг нь олуулаа болох мөрөөдөл байдаг. Энэ мөрөөдлийн нэг биелж, монголчууд бүгдээрээ гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг баяр хөөртэй хүлээн авсан. Аливаа ажлын ард тодорхой хүн байдаг. Өнөөдөр энд хуран цугларсан хүмүүс бол Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодорхойлох ажлыг гардан хийж, түүнд оролцсон хүмүүс юм. Энэ чухал ажилд хүчин зүтгэсэн та бүхэнд талархал илэрхийлье” гэлээ.
Тэрбээр үүний дараа ажлын хэсгийн гишүүдэд хандсан талархлын бичгийг уншиж сонсгов. Уг талархалд “Монгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутнуудыг тодруулах, тэднийг угтах, алдаршуулах түүхэн үйл явдлыг зохион байгуулахад идэвх санаачлагатай, хариуцлагатай ажилласан таньд гүн талархал илэрхийлье” гэжээ. Ажлын хэсгийн гишүүдэд Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгээр бүтээсэн Монгол Улсын эх түүхийн зургаан боть ном, Монгол Улсын гурван сая дахь иргэнд зориулсан дурсгалын марк, мөнгөн зоос зэргийг дурсгал болгон гардуулав.


















