326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байна
Үүрэн телефон холбооны компаниудын дараа төлбөрт үйлчилгээ иргэдээс барьцаа төлбөр авдаг ч эргээд энэ мөнгөний үр шим нь иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй талаарх гомдол тасардаггүй.
Мэдээллийн алба

Үүрэн телефоны компаниудын дараа төлбөрт үйлчилгээ иргэдээс барьцаа төлбөр авдаг ч эргээд мөнгөний үр шим нь иргэдэд хүрдэггүй, тус үйлчилгээнийхээ мэдээллийг олон нийтэд ил тод байлгадаггүй талаарх гомдол тасардаггүй. Тийм ч учраас ШӨХТГ өрсөлдөөний тухай хууль, хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд дараа төлбөрт үйлчилгээний барьцаа мөнгөнд хүү тооцох, барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлүүлэх ажлыг үүрэн холбооны оператор компаниудтай ярилцаж шийдвэр гаргасан. Тус ажлын хүрээнд үүрэн телефон холбооны оператор компаниуд хэрэглэгчдийнхээ дунд судалгаа явуулж үе шаттайгаар барьцаа төлбөрийг чөлөөлөх ажлуудыг хийж байна. "Мобиком Корпораци" ХХК дараа төлбөрт үйлчилгээг арваас дээш жил ашигласан хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас буцаан олгож эхэлсэн. Түүнчлэн хэрэглэгчдийн санал хүсэлтийг үндэслэн зургаан жилээс дээш ашиглаж байгаа, тодорхой нөхцөл хангасан, найдвартай хэрэглэгчдийн барьцаа төлбөрийг ярианы төлбөрт суутгах замаар чөлөөлж эхэлсэн байна. 2013 оны 9 сарын байдлаар шаардлага хангасан 9603 хэрэглэгчээс 3885 иргэний 326 сая төгрөгийн барьцааг чөлөөлөөд байгаагаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан ёсоор мэдэгдлээ.


















