Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

50 ортой төрөх эмнэлэг барих эзэн хаачив

Дорноговь аймагт гурван жилийн өмнө ашиглалтад орох байсан 50 ортой төрөх эмнэлэг өнөөдрийг хүртэл баригдаж ашиглалтад ороогүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
50 ортой төрөх эмнэлэг барих эзэн хаачив
50 ортой төрөх эмнэлэг барих эзэн хаачив. Зураг: МҮОНРТ

Дорноговь аймагт гурван жилийн өмнө ашиглалтад орох байсан 50 ортой төрөх эмнэлэг өнөөдрийг хүртэл баригдаж ашиглалтад ороогүй байна. Тодруулбал, 2012 онд ЭМЯ-ны санхүүжилтээр “Мон Инж Бар” ХХК гүйцэтгэхээр улсын төсвөөс нэг тэрбум 200 сая төгрөг авч барилгын ажлыг эхлэхээр болж.

Гэтэл өнөөдөр тэрбум 200 саяын үнэтэй хоёр давхар блок л өрсөн байх аж. Дорноговь аймгийн хувьд Нэгдсэн эмнэлэг одоогийн байдлаар 25 ортой төрөх тасагтайгаар ажиллаж байгаа юм. Харин энэхүү барилга одоог хүртэл баригдаж ашиглалтад орохгүй дөрөв дэх жилээ угтаж байгаа нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт тулгарч буй хамгийн том асуудал нь болоод байна.

Энэ талаар Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга У.Отгонбаяраас тодруулахад "Аймгийн эрүүл мэндийн газраас 2013 “Мон Инж Бар” ХХК-ийг шүүхэд өгсөн. Энэхүү компанийг өөрийн хөрөнгөөрөө эмнэлгийн барилгын ажлыг бүрэн дуусгах шүүхийн шийдвэр гарсан ч барилгын ажил зогссон хэвээрээ байгаа. Биднийг залгахаар утсаа авдаггүй" гэж ярилаа.

Харин Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягаас энэ талаар лавлахад "Энэ барилгын ажил манай аймагтай ямар ч холбоогүй. Эрүүл мэндийн яам гэрээ байгуулсан учраас бидэнд ямар нэгэн хариуцлага, мэдээлэл байхгүй байна. Харин бидний зүгээс ашиглалтад оруулах шаардлагыг маш сайн тавьдаг. Энэ барилга ашиглалтад орох уу эсвэл энэ чигтээ царцах уу гэдгийг эрүүл мэндийн яам мэднэ" гэлээ. Эрүүл мэндийн сайд Г.Шийлэгдамба Дорноговь аймагт ажиллах үеэр царцаагдсан эмнэлгийн барилгын асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байна.

Тэрбээр хэлэхдээ энэ оны 12 дугаар сард төрөх эмнэлгийг хүлээлгэн өгнө гэжээ.

Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн ачаалал их байгаагаас хүндрэлтэй төрсөн эхийг нэг хонуулаад эмнэлгээс гаргадаг. Харин 50 ортой төрөх эмнэлэг ашиглалтад орвол сувилгаа, эмчилгээ шаардлагатай байгаа эхийг бүрэн тэнхрэхэд шаардлагатай бүх эмчилгээг хийх боломжтой болж Нэгдсэн эмнэлгийн хувьд ч ачаалал нэг дахин буурах аж. Иймд төрөх эхчүүдэд эмнэлэг барих нэрийдлээр "хулгайлсан" нэг тэрбум 200 сая төгрөгийг эргүүлэн төлөх нь “Мон Инж Бар” компанийн Ерөнхий инженер н.Мөнхтүшигийн үүрэг хариуцлага болж байгаа юм.

Хуваалцах