Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

5000 орчим жилийн настай хүний араг яс олжээ

Энэтхэгийн археологичид Гужарат мужийн Качийн Ранн хэмээх цөлийн бүсээс 5000 орчим жилийн настай хүний араг яс олжээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
5000 орчим жилийн настай хүний араг яс олжээ
5000 орчим жилийн настай хүний араг яс олжээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэгийн археологичид Гужарат мужийн Качийн Ранн хэмээх цөлийн бүсээс 5000 орчим жилийн настай хүний араг яс олжээ. “Эшиан Эйж” сонины мэдээлж байгаагаар энд 300х300 метрийн харьцаатай тэгш өнцөгт газраас эртний 250 булш олдсон гэнэ. Эдгээрээс хамгийн эртнийх нь манай эринээс өмнөх III зуунд харьяалагдаж байна.

Энэ олдворын нэг онцлог нь зөвхөн эртнийхдээ биш юм. Энэ газарт эрт дээр үед Индийн хөндийн соёл иргэншил оршиж байжээ. Үүнийг "Хараппын соёл иргэншил" гэж нэрлэдэг. Энэ соёл иргэншлийн ул мөрүүдэд нэгдсэн нарийн төлөвлөгөөгөөр баригдсан, сувагжуулалт, усан сангийн гайхалтай системтэй хот суурингийн тууриуд ордог.

Түүнчлэн тэднээс тэнгисийн боомтын үлдэгдэл ч хадгалагдан үлдсэн байдаг. Эртний энэ соёлтой ард түмэн тэнгисийн худалдаа идэвхтэй явуулж байсан болохоор шумерууд энэ улсыг "Мелуххын улс" гэж нэрлэдэг байжээ. Эндээс л Месопотам руу зааны яс болон бусад үнэт зүйлсийг авчирдаг байсан гэлцдэг. Энэ улсаас мөн бичгийн олон дурсгал үлдсэн ч одоог хүртэл тайлж чадаагүй юм.

Качийн Ранн цөл нь Арабын тэнгисийн эрэгт оршдог. Одоогийн намаг балчиг, хужиртай энэ газар хэдэн мянган жилийн өмнө тэнгист усаа цутгадаг домогт их мөрөн Сарасвати байсан гэж геологичид үздэг. Энэ мөрний эргийн дагуу эртний Энэтхэгийн соёл иргэншил бий болсон гэж түүхчид өгүүлдэг.

Харин энэ газраас эртний хүний араг яс илэрсэн нь Энэтхэгийн соёл иргэншлийг бий болгосон хүмүүс чухам ямар угсаатан байсныг олж тогтоох боломжийг нээж байгаа юм. Одоогийн байдлаар Энэтхэгт Индостаны арийн өмнөх хүн ам соёл иргэншлийг бий болгосон, дараа нь манай эриний өмнөх II зууны дундуур аричуудын нүүдэлчин угсаа энд ирсэн, эсвэл Мохенжо-Даро, Хараппа зэрэг агуу хотуудыг эртний аричууд байгуулсан гэх маргаан байдаг.

Тэгвэл одоо эрдэмтэд энэ маргааныг нэг тийш нь болгох нотолгоогоо олсон нь энэ араг яс юм. Эртний хүний араг ясыг Кералийн их сургуульд судлуулахаар илгээгээд байна.

Хуваалцах