64 настай сенатч Фердинанд Маркос Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Филиппиний дарангуйлагч асан Фердинанд Маркосын хүү, бага Фердинанд Маркос тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.
Мэдээллийн алба

Филиппиний дарангуйлагч асан Фердинанд Маркосын хүү, бага Фердинанд Маркос тус улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулжээ.
64 настай сенатч 56 хувийн санал авсан бол, түүний өрсөлдөгч 26 хувийн саналтай байна.
21 жилийн турш засгийн эрх барьсан эцэг Фердинанд Маркос нь 1986 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийгөө ялагчаар зарласныхаа дараа олон нийтийн эсэргүүцлийн ажиллагаа болон цэргийн эргэлтийн улмаас огцорсон.
Түүний засгийн эрх барих хугацаанд Филиппин улс авлигад "идэгдэж", сөрөг хүчин ихээхэн дарамт шахалтад байсан гэж үздэг.
Хүү Маркосын хувьд 2016 онд Ерөнхийлөгч Родриго Дутертегийн үед Дэд Ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн ч ялагдал хүлээж байжээ.
Филиппиний одоогийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Үндсэн хуулийн дагуу улиран сонгогдох боломжгүй, гэхдээ түүний охин Сара Дэд Ерөнхийлөгчийн сонгуульд дээгүүр явааг санал асуулгын дүнгүүд харуулж байна.
Хүү Фердинанд Маркос ийнхүү илт давуу саналаар Филиппиний Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор тухайн бүс нутагт ардчилал алдагдаж, Номхон далайн бүс дэх Хятадын нөлөөг тогтоон барих АНУ-ын хүчин чармайлтыг сааруулж болзошгүй гэж шинжээчид болгоомжилж байгааг "Ассошиэйтед пресс" мэдээллээ.


















