Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

75 сая иенийн зээлийн төслийг гишүүд дэмжлээ

Зээлийн хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, энэ талаарх дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
75 сая иенийн зээлийн төслийг гишүүд дэмжлээ
75 сая иенийн зээлийн төслийг гишүүд дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө.

Манай улсад өсөн нэмэгдэж байгаа өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх хэрэгцээг хангах, тэднийг чадавхижуулах, инженер бэлтгэх дээд боловсролын салбарт өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, энэ чиглэлээр мэргэжлийн багш, сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх зорилгоор төслийг хэрэгжүүлэх гэж байгаа ажээ.
75 сая ам.доллартай тэнцэх иенийн зээл нь жилийн 0,2% хүүтэй, 20 жилийн хугацаанд буцаан төлөх, үүнээс эхний 6 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй аж. Уг төслийн хүрээнд хос хөтөлбөр буюу эхний хоёр жилийг Монголдоо, үлдсэн хоёр жилийг Японд суралцан төгсөх хөтөлбөрт 320 оюутныг хамруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Япон улсад магистрын сургалтад 100 багш, докторын сургалтад 60 багшийг хамруулах юм байна. Зэргийн бус буюу урт, богино хугацааны сургалтыг 321 удаа зохион байгуулж, мэргэжлийн сургуульд 200 оюутныг илгээж суралцуулах юм байна. Түүнчлэн хоёр талын хамтарсан 20 судалгааг хийхээр төсөлд тусгагдсан байна.“Инженер, технологийн дээд боловсрол” төсөл нь энэ онд эхэлж 2023 оны 3 дугаар сард дуусах юм байна.

Зээлийн хэлэлцээрийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, энэ талаарх дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуваалцах