888 төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг “Монголдоо бүтээцгээе-Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл” сэдвийн дор болж, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, төслийн эзэд, холбогдох яам, агентлагийн удирдл
Мэдээллийн алба

Сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлэг “Монголдоо бүтээцгээе-Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл” сэдвийн дор болж, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, төслийн эзэд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцлоо.
Засгийн газраас 2014 оныг үйлдвэржилтийн жилээр зарлаж, “Монголдоо бүтээцгээе” төслийн хүрээнд импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэлийн төслийн шалгаруулалт зарлаж, үйлдвэржилтийг дэмжихэд 1 их наяд төгрөг зарцуулахаар болсон. Энэ тавдугаар сард эдгээр төслүүдийг санхүүжүүлэх, ажлыг нь хурдан эхлүүлэх шаардлагатай байна гэж Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ.
Зээл хүсэгч өөрийн сонгосон арилжааны банкинд төслөө өгч судлуулна, Арилжааны банк санхүүжүүлэх саналаа Хөгжлийн банкинд ирүүлснээр санхүүжилт хийгдэх юм. Хөгжлийн банк арилжааны 13 банктай 14 хоногийн өмнө санамж бичиг байгуулсан. Эхний шатанд тэнцсэн 888 төслийг эдгээр банкинд шилжүүлээд байгаа бөгөөд банкууд судалгааны ажлаа эхлүүлээд байна. Зээлийн материал бүрдсэнээс хойш 14 хоногийн дотор шийдвэрлэж, Хөгжлийн банкинд төслийг хүргүүлэх учиртай. Зээлийг төгрөгөөр олгоно, хугацаа таван жил, зээлийн хүү есөн хувиас илүүгүй байх бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас доошгүй байна гэж Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат хэллээ. Эдгээр төслийн эзэд арилжааны банкуудтай тулж ажиллах хэрэгтэйг Ерөнхий сайд зөвлөж байлаа.
Хоёр тэрбум төгрөг буюу түүнээс доош хэмжээний зээлийн хүсэлтийг Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас санхүүжүүлэхээр болсон. Үүнд нийт 579 төсөл бий. Эдгээр төслүүдийн зээлийн нийт хэмжээ 560 тэрбум төгрөг болж байна. Тус сан эдгээр төслүүдийг дотоод дүрэм, журмынхаа дагуу судлан шийдвэрлэнэ. Бусад төслийг хянаж, Ерөнхий сайдын ахалсан үндсэн ажлын хэсэгт шилжүүлж, Засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргана.
Төслийн төсөвт нийт өртгийн гуравны нэгээс багагүй хувийг тухайн төслийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж хариуцах ба гуравны хоёр хувьд арилжааны банкнаас зээл олгоно гэж Хөгжлийн банкны захирал хэллээ.
Засгийн газар үйлдвэрлэгчдийг дэмжиж байгаад оролцогчид талархлаа илэрхийлээд саналаа хэллээ.
Бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эдийг гаалиар оруулж ирэхэд дэмжлэг хэрэгтэй байна, энэ чиглэлд ямар бодлого барьж байгаа, төслийн зээлээ авахад барьцаа хөрөнгө хүрэхгүй гэсэн үндэслэлээр зээл олгохгүй байна, хүссэн хэмжээний зээлээ авч чадахгүй байна, ямар төсөл, аж ахуйн нэгжид зээл олгосон талаарх мэдээллийг ил тод авдаг болмоор байна зэрэг санал хүсэлтийг төсөл санаачлагчид гаргалаа.
Шалгарсан төслүүд арилжааны банкны шалгуурыг даваад гараад ирэхэд санхүүжилт олгоход бэлэн гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэллээ.
Худалдан авалт нь бэлэн, гэрээ хийсэн төслүүдийг тусгайлан судалж, яаралтай зээл олгооч гэсэн иргэний саналыг Ерөнхий сайд дэмжинэ гэлээ. Мөн Хөгжлийн банк арилжааны банкуудтай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийнхээ дагуу дамжуулан зээлдүүлэх гэрээгээ яаралтай байгуулж, зээл олгох явцыг түргэтгэх үүрэг өглөө.
Хөгжлийн банкнаас зээлийн явц, ямар аж ахуйн нэгжид хэчнээн төгрөгийн зээл олгосон болон, ямар төслүүдэд судалгаа хийгдэж байгаа талаарх мэдээллийг долоо хоног бүр олон нийтэд мэдээлж байхыг анхаарууллаа. Төслийн эздийг санал хүсэлтээ Засгийн газрын “11 11” төвд өгч байхыг Ерөнхий сайд зөвлөөд энэ төвд ирсэн санал хүсэлттэй тогтмол танилцаж, анхаарч ажилладаг гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


















