Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

А.Ганбилэг: Ази, европын орнуудын дээд хэмжээний уулзалтад хилчид үүргээ сайн биелүүлсэн

АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт манай оронд энэ сарын 12-17-ны хооронд болж өндөрлөлөө. Тус уулзалтын үеэр хилчид хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар Боомтын хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэгээс тодрууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
А.Ганбилэг: Ази, европын орнуудын дээд хэмжээний уулзалтад хилчид үүргээ сайн биелүүлсэн
А.Ганбилэг: Ази, европын орнуудын дээд хэмжээний уулзалтад хилчид үүргээ сайн биелүүлсэн. Зураг: МҮОНРТ

АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт манай оронд энэ сарын 12-17-ны хооронд болж өндөрлөлөө. Тус уулзалтын үеэр хилчид хэрхэн үүрэг гүйцэтгэсэн талаар Боомтын хамгаалалтын хэлтсийн дарга, хурандаа А.Ганбилэгээс тодрууллаа.

-Монгол Улсад Ази-Европын орны удирдлагуудын дээд түвшний XI уулзалт амжилттай боллоо. Үүнд ХХБ ямар үүрэг чиглэлтэй ажилласан бэ?

-Дээрх уулзалтад арван улсын ерөнхийлөгч, 23 улсын Засгийн газрын тэргүүн, бусад түвшний 17, олон улсын байгууллагын нэг, нийт 51 орны 1200 гаруй хүндэт зочин, төлөөлөгчийг долдугаар сарын 12-18-нд “Чингис хаан”, Өлгийн чиглэлд олон улсын агаарын замын боомтоор улсын хил нэвтрэх үеийн хамгаалалтад ажиллалаа. Хил хамгаалах байгууллага АСЕМ-ийн уулзалтад оролцох зочид, төлөөлөгчийн улсын хилээр нэвтрэх үеийн боомтын аюулгүй байдлыг хангах, шадар хамгаалалтад үүрэг гүйцэтгэх, “Жаргалантын ам”-ны хэсгийн хамгаалалтыг зохион байгуулах үүргийг ХХЕГ, төвийн бүсийн хилийн анги, салбаруудын хүч хэрэгслээр зохион байгуулж оролцсон.

-Аюулгүй байдлыг ханган ажиллахад хилийн ангиуд болоод алба хаагчдын үүрэг оролцоо их байсан байх. Тэднийг хэрхэн сургаж бэлтгэв?

-Өндөр дээд түвшиний энэхүү арга хэмжээнд улс орны хэмжээнд жил гаруйн өмнөөс бэлтгэл ажлыг хангасан. Байгууллагаа төлөөлөн үүрэг гүйцэтгэх албан хаагчдыг АСЕМ-ийг зохион байгуулах ажлын хэсэг, дэд хэсгүүд, Хууль зүйн яам, Төрийн тусгай хамгаалалтын газраас гадаад, дотоодод сургалт, дадлагад давхардсан тоогоор зургаан удаа 70 гаруй албан хаагчийг хамруулж, үүрэг гүйцэтгэх талаар тодорхой ойлголт өгч, гадаад орнуудын туршлагаас судлуулсан. Мөн харилцан ажиллагаатай байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөлтүүдийг бодит байдлаар тодотгож, нягт хамтран ажилласнаар өмнөө тавьсан зорилгоо биелүүллээ. Бэлтгэл ажлын хүрээнд 40 гаруй сая төгрөгийн тусгай хэрэгсэл худалдан авч, болзошгүй ажиллагааны үед ажиллах бүлгүүдийн бэлэн байдлыг хангасан.

-“АСЕМ”-ын хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн манай хилчдийн ур чадвар болоод техник хэрэгсэл ямар байв. Ажлын үр дүнг тооцвол?

-Хууль зүйн яамны урилгаар БНСУ-ын “Ханхуа Талес” группийн гурван мэргэжилтэн хүрэлцэн ирж, “Жаргалантын ам”-ны хамгаалалтыг хариуцсан хэсэгт хоёр иж бүрэн телекамерийг байрлуулан, манай албан хаагчдыг сургаж дадлагажуулсан. Уг камер нь өдөр шөнийн цагт 20 хүртэл километрт харах хүчин чадалтай бөгөөд орчин үеийн дэвшилтэт, өндөр хүчин чадал бүхий техник хэрэгсэл ашигласан нь бидний хувьд онцлогтой байлаа. Нэгдсэн дүнгээр ХХЕГ, Хилийн 0218, 0151, 0164, 0252, 0253 дугаар анги, Хилийн 0303 дугаар тусгай салбараас энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулахад үүргээ сайн биелүүлсэн гэж үнэлэгдсэн.

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар.

Хуваалцах