Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Мөнхбат: Цэрэг эрс та бүхнээр Монголын бүх залуус бахархсан шүү

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд, БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон залуусын төлөөллийг Монголын Залуучуудын холбооноос өнөөдөр "Эр зоригийн алдар", "Цэргийн алдар" медалиар шагнаж урамшууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Мөнхбат: Цэрэг эрс та бүхнээр Монголын бүх залуус бахархсан шүү
А.Мөнхбат: Цэрэг эрс та бүхнээр Монголын бүх залуус бахархсан шүү. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Москва хотын Улаанталбайд, БНХАУ-ын Бээжин хотын төв талбайд цэргийн ёслолын жагсаалд оролцсон залуусын төлөөллийг Монголын Залуучуудын холбооноос өнөөдөр "Эр зоригийн алдар", "Цэргийн алдар" медалиар шагнаж урамшууллаа. Өнөөдрийн арга хэмжээнд Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат, цэргийн ёслолын жагсаалд оролцсон бүрэлдэхүүнийг удирдан чиглүүлсэн БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар оролцож шагналыг гардуулсан бөгөөд эхний удаад нийслэлийн цэргийн хүрээний 40 цэргийн алба хаагч шагналаа хүлээн авлаа. Үлдсэн алба хаагчдыг Монголын Залуучуудын холбооноос нийслэлийн дүүрэг, орон нутгийнхаа салбаруудаар дамжуулан гардуулах юм байна.

Хоёр их гүрний төв талбайд Монгол цэрэг эрсийн дайчин уламжлал, сүр хүчээ гайхуулаад ирсэн алба хаагчдад хандаж МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат “Бид омогших түүхтэй өвөг дээдсийн үргэлжлэл. Тэр л дайчин удмын үргэлжлэл өнөө ч дайчин чанараа алдалгүй цог хийморь, хүч төгөлдөр гэдгээ олон улсад дахин гайхууллаа. Та бүхнээр монголчууд бүгдээрээ бахархаж байна. Ялангуяа, залуус мань үнэхээр их бахархаж суусан юм шүү” гэсэн юм.

Манай залуусыг цэргийн ёслолын жагсаалд оролцоод ирсний дараа ОХУ болон БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд нарын зүгээс Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонд “Дайчин цэрэг эрсээ цэргийн ёслолын жагсаалд оролцуулсанд талархлаа. Монголын цэрэг эрчүүд сүр хүчит, жавхаалаг сайхан алхлаа” хэмээн талархлын захидлыг ирүүлсэн байдаг юм. ОХУ, БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалд байлдагчаас хурандаа хүртэлх цолтой 18-40 хүртэлх насны залуус жагссан. Ингэхдээ ОХУ-д болсон цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд командлан алхсан бол БНХАУ-д болсон цэргийн ёслолын жагсаалыг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Б.Хаш-Эрдэнэ нар командлан алхсан юм.

Хуваалцах