А.Тлейхан: Хэрэглэгчээ дээдэлж ажиллах шаардлагатай
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун, Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ болон холбогдох хэлтсийн бусад мэргэжилтнүүд Дархан-Уул, Орхон-Уул аймагт ажиллаж, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Мэдээллийн алба

Энэ сарын 14-16-ны өдрүүдэд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Э.Түвшинчулуун, Үнэ тарифын зохицуулалтын хэлтсийн дарга Б.Болор-Эрдэнэ болон холбогдох хэлтсийн бусад мэргэжилтнүүд Дархан-Уул, Орхон-Уул аймагт ажиллаж, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд Дархан дулааны цахилгаан станц ТӨХК-д ажиллах үеэрээ "Эрчим хүчний зохицуулах хороо хуулинд заасан чиг үүргийнхээ дагуу эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч хоёрын эрх ашгийг тэнцвэртэй хангаж ажиллах үүрэгтэй. Харин эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа та бүхэн хэрэглэгчдээ сонсож, тэднийг дээдэлж, санал гомдлыг нь барагдуулж ажиллах ёстой шүү” хэмээн сануулж байсан юм. "Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК нь Дархан хотын 10518 айл өрх, 1512 аж ахуйн нэгжүүдэд жилд дунджаар 480-500 мянган Гкал дулааны эрчим хүч түгээж 6.5-7.0 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг аж. Гэвч эдийн засгийн хямралаас болж тус компаниас уур худалдан авдаг байсан томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож, уурын борлуулалт эрс багасчээ.
Энэ үеэр Дархан хотод үйл ажиллагаа явуулдаг "Эко ноос” ХХК-ийн төлөөлөл Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагуудтай уулзахаар Дархан дулааны цахилгаан станц дээр ирсэн байлаа. "Эко ноос” ХХК-ийн менежер Д.Ганзориг "Манай компани хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэхээр шинэ техник технологийг эх орондоо нутагшуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэвч уурын үнэ өсч, цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй байна. Тиймээс уурын үнийг хөнгөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргалаа. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Эдийн засгийн хямралтай үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, ажиллах шаардлагатай. Эрчим хүчний зохицуулах хорооноос чиглэл авч, үнэ тарифыг уян хатан байлгах, хамтын гэрээгээр зохицуулах боломжтой” гэдэг хариу өгсөн юм.
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо


















