А.Өнөржаргал: Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш
жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон жюү жицү бөхийн ДАШТ-д мастерс ангилалд зодоглосон
Мэдээллийн алба

“ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргал Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод болсон жюү жицү бөхийн ДАШТ-д мастерс ангилалд зодоглосон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл жүжигчин Өөскө тэмцээнээ өндөрлүүлсэн бөгөөд ДАШТ-д өрсөлдсөн сэтгэгдлээ өөрийн фэйсбүүктээ хуваалцжээ.
Тэрбээр “Сайн байна уу. Найзуудаа өдрийн мэнд.
Амьдрал хэмээх зах хязгааргүй их далайд
Хүн бүр л өөр өөрийн хүсэл мөрөөдлийн зүг
Завиа чиглүүлэн сэлүүрдэнэ...
Бид өөрсдийгөө хаана аваачихаа мэдэх учиртай гэж хэлсэн аавын үг үргэлж миний тархинд хадаастай. Би одоогоос таван жилийн өмнө Жюү жицүгийн спортоор хичээллэж эхэлснээс хойш чамгүй хэдэн тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж, хурцалж, тэмцэж сайхан хамт олон, баг тамирчин, найз нөхөдтэйгээ нэг зорилготой, нэг сэтгэлтэй байхын жаргал зовлонг амсаж үгээр хэлэхийн аргагүй нэг л тийм гайхалтай зүйл байдгийг биеэрээ мэдэрсэндээ баяртай байна...
Тэр зүйл бол ялагдал...
Ялалтын суурь ч юм шиг
Эргээд намайг хөтлөх том зорилгын минь гараа ч юм шиг...
Сайхан өдрүүд өнгөрлөө...
Спорт бол зөвхөн залуу насандаа хийдэг зүйл биш
Амьд хүний хийх ёстой зүйл юм гэдгийг ухаарсандаа миний сэтгэл хангалуун байна...
Баяртай Абу Даби эргэн уулзахын ерөөл тавья” гэжээ.


















