ААН-үүдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийг мөрдөцгөөе
хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн хамрагдаагүй 14 мянган ажлын байр бий гэсэн тоон баримт байдаг
Мэдээллийн алба

Дэлхий даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил, хөдөлмөрийн бүхий л түвшинд ажиллаж хувь нэмрээ оруулж байна. Гэхдээ ажил, хөдөлмөр эрхлэхийг хүсэж байгаа ч олон саад бэрхшээлийн улмаас хөдөлмөрлөж чадахгүй байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн олон бий.
Тухайлбал, Үндэсний статистикийн хорооны 2019 оны жилийн эцсийн мэдээгээр Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь нь буюу 107 мянга 75 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 34860 нь Улаанбаатар хотод амьдардаг. Мөн 95 мянга 469 иргэн 18 буюу түүнээс дээш настай байгаа нь нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэний 89.2 хувийг эзэлж байгаа аж.
Хөдөлмөрийн тухай хууль 111 дүгээр зүйлд хөгжлийн бэрхшээлтэй болон одой хүний хөдөлмөр эрхлэлтийн талаар дараах байдлаар тусгажээ.
“111.1. 25, түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь ажил, албан тушаалынхаа дөрөв, түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулна.
“111.2.Аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 111.1-д заасан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр төлбөр төлнө”.
Судалгаанаас харахад, Монгол Улсад 2019 оны байдлаар 2061 аж ахуй нэгж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байна. Харин хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэн хамрагдаагүй 14 мянган ажлын байр бий гэсэн тоон баримт байдаг.


















