“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал маргааш болно
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн ирэх ням гарагт буюу энэ сарын 25-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.
Мэдээллийн алба

Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) хамтран Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголд анх удаа зохион байгуулж буй 18 дахь удаагийн “ABU Robocon–2019” олон улсын роботын тэмцээн ирэх ням гарагт буюу энэ сарын 25-ны 12:00 цагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ.
Энэхүү тэмцээнийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Худалдаа хөгжлийн банк, “Оюу толгой” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Таван толгой”, Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ) ХК дэмжин оролцож байгаа юм. Үүнээс гадна Японы технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч “Toyota”, “Panasonik”, “Mabuchi motor” зэрэг зургаан компани жил бүр ивээн тэтгэгчээр оролцдог.
МҮОНРТ 2002 онд “Робокон” үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд зохион байгуулснаас хойш 17 жил өнгөрч. Энэ хугацаанд давхардсан тоогоор 6000 гаруй оюутан, залуус “Робокон” тэмцээнээр дамжиж, ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. МҮОНРТ “ABU Робокон” олон улсын роботын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг хоёр жилийн өмнө албан ёсоор авч, тэмцээний дүрэм, журмаа боловсруулсан бөгөөд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц тэргүүтэй баг өнгөрсөн жилийн наймдугаар сард тэмцээний тугийг хүлээж авсан.

“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээнд Монгол, Япон, БНХАУ, Казахстан, Энэтхэг, Египет, Индонез, Пакистан, Шри Ланка, Малайз, Непал, Тайланд, Вьетнам, Камбож, Фижи, Хонконг гэсэн 16 орны 17 багийн 300 орчим тамирчин өрсөлдөнө. Монгол Улс зохион байгуулагч орон тул давуу эрхээрээ хоёр баг өрсөлдүүлж байна.
“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээний хэвлэлийн хурал энэ сарын 23-нд буюу маргааш “Холидэй Инн” зочид буудлын хурлын танхимд болно.



















