Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулах үйлдвэр байгуулав
Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг "Мон торгон дэл" ХХК байгуулагдлаа.
Мэдээллийн алба

Монгол Улсад адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг боловсруулан экспортод гаргадаг "Мон торгон дэл" ХХК байгуулагдлаа. Засгийн газрын 36-р тогтоолоор батлагдсан “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрт тусгагдсан гол чухал үйлдвэрүүдийн нэг юм.

Монгол адууны дэл, сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог төдийгүй дэлхийн зах зээлийн 40 хувийг Монголын дээрх бүтээгдэхүүн эзэлдэг. Харин уг үйлдвэр байгуулагдсанаар чанар стандартын шаардлага хангасан хагас боловсруулсан бүтээгдэхүүний зохих стандартын савлагаатайгаар экспортод гарч байна.
Үйлдвэрт одоогоор 60 орчим ажилтан ажиллаж, өдөрт дунджаар 200 кг бүтээгдэхүүн үйлдвэрлэн БНХАУ-д экспортлож байна. Одоогоор хүчин чадал нь өдөрт 500 кг боловсруулах боломжтой аж.
Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл 100 тн, сарлагийн сүүл 60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй юм.
Цаашид эдгээр хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Европын орнуудад экпортод гаргах, боловсруулалтын түвшингээ ахиулан гадаад, дотоодын зах зээл дээр 3-5 нэр төрлийн бүтээгдэхүүн /уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны бийр, сормуус, парик/ үйлдвэрлэн гаргахыг зорьж байна.
Монголын арьс, ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран уг үйлдвэр ширхэгт бүтээгдэхүүний савлагааны MNS 0215:2018 MNS0215:2007 техникийн зохицуулалтыг боловсруулан батлуулж, мөрдөн ажиллаж байна.
Адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг урт, богино хэмжээгээр нь, хар, цагаан, бор өнгөөр нь ангилан ялгаж, угааж ариутган багцалж савлан гаргаж байна.
Эдгээр бүтээгдэхүүн нь ширхэгт бүтээгдэхүүн дотроо хамгийн өндөр чанартайд тооцогдог. Урьд өмнө нь ашиглагддаггүй байсан нөөцийг ашиглан нэмүү өртөг шингээн, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр хөнгөн үйлдвэрийн салбарт бас нэгэн дэвшил, нийгэмд үзүүлж буй үр ашгаараа ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна.


















