Адууны дэл, сүүлийг боловсруулж 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
Монгол адууны дэл, сүүл урт, өтгөн байдаг учраас дэлхийд чанараараа тэргүүлдэг.
Мэдээллийн алба

Өнгөрсөн онд Монгол Улсад 4.2 сая адуу тоологдсон. Жилд 300-350 мянган адууг хүнсэнд хэрэглэдэг тооцоолол байна. Монгол адууны дэл, сүүл урт, өтгөн байдаг учраас дэлхийд чанараараа тэргүүлдэг. Харин үүнийг дотооддоо бүрэн боловсруулж чадвал нэг адууны сүүлийг 100 орчим мянган төгрөгөөр гадны улсад худалдаалах боломжтой гэж "Мон торгон дэл” адууны дэл, сүүлний үйлдвэрийн Үйлдвэрийн дарга н.Ганхуяг хэллээ.
Mongolian National Radio · Адууны дэл, сүүлийг боловсруулж 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой
Дээрх үйлдвэр адууны дэл, сүүл, сарлагийн саваг, тэмээний эр ноосыг хэмжээ, өнгөөр нь ангилан угааж ариутган багцлаад гаднын улсад экспортолж байна. Цаашид үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлснээр уран зургийн бийр, эмэгтэйчүүдийн гоо сайхны хэрэглэл, сормуус, хиймэл үс, морин хуурын чавхдас зэрэг бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бүрэн боломжтой.
Манай улсын хэмжээнд жилд дунджаар адууны дэл 300 тн, адууны сүүл 100 тн, сарлагийн сүүл 60 тн, сарлагийн саваг 30 тн, тэмээний эр ноос 400 тн бэлтгэх түүхий эдийн нөөцтэй. Харин түүхий эд боловсруулах үйлдвэрүүдээ төр засгаас дэмжих хэрэгтэй байна гэж үйлдвэрлэл эрхлэгчид хэлж байна.


















