Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг жанжин туганд хүндэтгэл үзүүллээ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг ажиллагааны газар орноо зориход бэлэн боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг жанжин туганд хүндэтгэл үзүүллээ
Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн баг жанжин туганд хүндэтгэл үзүүллээ. Зураг: МҮОНРТ

Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагуудын тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх дөрөвдүгээр ээлжийн цэргийн баг ажиллагааны газар орноо зориход бэлэн боллоо. Дэд хурандаа Д.Содномдаржаа захирагчтай цэргийн багийн бие бүрэлдэхүүн Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр болсон юм.

Ёслолын ажлагааг нээж Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Монгол Улсын Зэвсэгт хүчний тайван цагт гүйцэтгэх үүргүүдийн нэг бол Энхийг дэмжих ажиллагаанд оролцох явдал бөгөөд улс орныхоо аюулгүй байдлыг улс төр-дипломатын аргаар хангах төрийн бодлогын илэрхийлэл болж байна. Энэхүү арга хэмжээ нь манай улсын хувьд улс төр, эдийн засаг, гадаад хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой төдийгүй улс орноо сурталчлан таниулах, цэргийн алба хаагчдаа бүх талаар хөгжүүлэх, туршлагажуулах, зэвсэг техникээ шинэчлэн сайжруулах үйл хэрэгт нааштай үр дүн авчирсаар байна. Эх орныхоо захиас даалгаврыг өвөрлөн харь оронд хөлгийн жолоо залахын өмнө Монгол цэргийн оройн дээд сүлд Зэвсэгт хүчний Жанжин туг болон Бүх цэргийн Их хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж, эр цэргийн хийморь золбоогоо сэргээж, зам мөрөө тэгшитгэдэг сайхан уламжлалын дагуу өнөөдөр бид цэргийн багийн бүрэлдэхүүний Жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг зохион байгуулж байна. Цагийн байдлын нөхцөл хүндэвтэр байгаа ч нэгдсэн удирдлага зохион байгуулалттай, нэгдмэл санаа зорилготой үйл ажиллагаагаараа манай энхийг сахиулагчид хэдийнээ тус оронд Монголын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа нь бусад орнуудын цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байна. Та бүхэн эх орон, төр, ард түмэн, Зэвсэгт хүчний удирдлагаас хүлээлгэсэн нэр хүндтэй бөгөөд өндөр хариуцлагатай үүргээ амжилттай биелүүлж, цэргийн алба хаасан хугацааны туршлага, ажиллагааны өмнөх сургалт бэлтгэлийн явцад олж авсан мэдлэг, чадвар, дадлагадаа тулгуурлан мэргэжлийн болон цэргийн хэргийн өндөр ур чадвараа харуулж, цэргийн багийн удирдлагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлж, бие биедээ байнгын анхаарал, халамж тавьж, үүргээ амжилттай гүйцэтгээд ирнэ гэдэгт итгэл төгс байна" гэлээ.


Дашрамд өгүүлэхэд, Афганистан Улс дахь Олон Үндэстэний Эвсэлийн Цэргийн “Шийдвэртэй дэмжлэг ажиллагаа”-ны ХБНГУ-ын тэргүүлсэн умард бүсийн командлал, “Мармал” баазын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 2014 оны 12 дугаар сараас анхны ээлж үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Цэргийн багийн бүрэлдэхүүнд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний нийт 30 гаруй анги байгууллагын 100 гаруй цэргийн алба хаагч Жанжин туг, Бүх цэргийн хар сүлдэндээ хүндэтгэл үзүүлж байгаа бөгөөд цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүний 93% нь өмнө нь энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн туршлагатай бие бүрэлдэхүүн байна. Цэргийн багийн захирагч, дэд хурандаа Д.Содномдаржаа нь Зэвсэгт хүчинд 20 гаруй жил ажиллаж байгаа манай шилдэг офицеруудын нэг юм. Тэрээр Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн юм.

Эх сурвалж: Батлан хамгаалахын яам

Хуваалцах