Афганистанд цуврал террорист халдлага гарлаа
Афганистаны зүүн хэсэгт орших Пактиа мужийн Гардез хотод Талибаны зэвсэгт босогчид өчигдөр цуврал террорист халдлага үйлдлээ.
Мэдээллийн алба

Афганистаны зүүн хэсэгт орших Пактиа мужийн Гардез хотод Талибаны зэвсэгт босогчид өчигдөр цуврал террорист халдлага үйлдлээ. Эхний халдлага нь тус хотын цагдаагийн төв байранд автомашинтай тэсрэх бөмбөг дэлбэлж, үүний улмаас 41 цагдаагийн албан хаагч амиа алдаж, 160 хүн гэмтэж бэртсэн байна.
Гэмтэж, шархадсан иргэдийн дотор 48 цагдаагийн албан хаагч байжээ. Харин хоёр дахь террорист халдлага уг мужтай хил залгаа орших Газни мужид гарсан байна. Амиа золиослогч этгээд тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн автомашинтай хотын захирагчийн ажлын албаны байранд нэвтэрч, тэсрэх бөмбөг дэлбэлжээ.

Уг халдлагын уршгаар 30 хүн амиа алдсаны ихэнх нь аюулгүй албаны ажилтан байжээ. Афганистаны Дотоод хэргийн яамнаас мэдээлж байгаагаар цуврал халдлагыг "Талибан" бүлэглэлийн хамгийн өндөр зохион байгуулалтын, харгис үйл ажиллагаа явуулдаг "Хаккани" сүлжээ нэртэй бүлэг зохион байгуулсан байна.
Афганистан-Пакистан дахь Талибаны зэвсэгт босогчдын үйл ажиллагаа хавар, намрын цагт ер нь идэвхждэг. Талибаны зэвсэгт этгээдүүд ч энэ 2 халдлагыг үйлдсэн болохоо мэдэгдээд байна.


















