Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Афганистаны зэвсэгт хүчин аюулгүй байдлаа хангах чадамжтай гэж НАТО мэдэгдэв

Афганистаны Засгийн газар болон зэвсэгт хүчин нь олон улсын цэргийн дэмжлэггүйгээр өөрийн аюулгүй байдлыг хангах хангалттай хүч, чадалтай болсон гэж НАТО үзэж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Афганистаны зэвсэгт хүчин аюулгүй байдлаа хангах чадамжтай гэж НАТО мэдэгдэв
Афганистаны зэвсэгт хүчин аюулгүй байдлаа хангах чадамжтай гэж НАТО мэдэгдэв. Зураг: МҮОНРТ

Афганистаны Засгийн газар болон зэвсэгт хүчин нь олон улсын цэргийн дэмжлэггүйгээр өөрийн аюулгүй байдлыг хангах хангалттай хүч, чадалтай болсон гэж НАТО үзэж байна. Өнөөдрийн байдлаар Афганистанд олон улсын 9000 орчим цэрэг байрлаж байгаагаас 3500 орчим нь АНУ-ын цэрэг. НАТО болон АНУ энэ оны есдүгээр сарын 11-нээс өмнө үлдсэн бүх цэргээ Афганистанаас гаргах юм.

2001 онд АНУ-ын тэргүүлсэн олон улсын эвсэл Афганистанд терроризмын эсрэг дайн эхлүүлснээс хойш хоёр жилийн дараа буюу 2003 онд НАТО Афганы аюулгүй байдлыг хангахаар цэргээ оруулж байсан юм.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Бид 20 жилийн турш Афганистаны аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Мөн бид их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийг Афганы ард түмэн ойлгож байгаа байх. Афганистан хүчирхэг, чадварлаг аюулгүйн хүчнийг бүрдүүлэх, нийгэм, эдийн засгаа сайжруулахын төлөө урт зам туулсан. Одоо Афганчууд улс орныхоо энх тайван, тогтвортой байдлыг бүрэн хариуцах цаг иржээ” гэж ярьсан байна.

НАТО цэргээ гаргасан ч Афганы Засгийн газарт зөвлөх энгийн мэргэжилтнүүдээ илгээх, аюулгүйн хүчнийг нь санхүүжүүлэх, Кабул, Талибаны хооронд энхийн хэлэлцээ хийхэд дэмжлэг үзүүлэх зэргээр Афганистаныг олон талаар дэмжих юм байна.

АНУ-ын хувьд есдүгээр сарын 11-нээс өмнө цэргээ бүрэн гаргах, Афган дахь терроризмыг хяналтдаа байлгах гэдэгт цэргийн эрх мэдэлтнүүд нь судалгаа хийж, төлөвлөгөө боловсруулж буй юм байна.

Ирэх сарын 14-нд Жозеф Байден, Йенс Столтенберг нар уулзалт хийнэ. Энд Афганы асуудлыг авч хэлэлцэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Кабулд төвтэй Засгийн газар нь хот суурин газруудад засаглаж байгаа боловч Талибан хөдөлгөөн хөдөө орон нутгийг хянаж байна.

Энэ 7 хоногт л гэхэд Лангман мужид их хэмжээний хохирол дагуулсан зэвсэгт халдлага болсон. Энэ байдлаас улбаалж АНУ болон НАТО-гийн цэрэг Афганыг орхихоор тус улсын аюулгүй байдал улам дордож, Талибуудын үйл ажиллагаа сэргэх вий гэсэн болгоомжлол олон улсын хүрээнд байгаа юм.

Хуваалцах