Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллалаа

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын албан томилолтын дагуу өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллалаа
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Сэлэнгэ аймагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Засгийн газрын албан томилолтын дагуу өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч Сэлэнгэ аймаг гантай байгаа учраас Аж үйлдвэрийн сайд тус аймгийн зарим сумдад ажиллаж, ургац, үр тарианы байдалтай газар дээр нь танилцсан юм. Мөн тэрбээр эрхлэх асуудлынхаа хүрээнд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилт, ЖДҮ-ийг хөгжүүлэхэд тухайн орон нутгийн хэрэгжүүлж буй бодлоготой танилцаж, иргэдийн саналыг сонсч, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэлэнгэ аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногооны нийт хэрэгцээний 30 хувийг, үр тарианы 50 хувийг улсдаа нийлүүлдэг байна. Түүнчлэн Монгол Улсад 15 мянган ЖДҮ үйл ажиллагаа явуулдагаас 2000 гаруй нь тус аймагт үйлдвэр эрхэлж байна. Тэр ч утгаараа Сэлэнгэ аймгийн сумд тэргүүлэх чиглэлээ газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй байхаар төлөвлөж ажилдаа орсон байна. Д.Эрдэнэбат сайд өнгөрсөн сарын 28-29 нд Сэлэнгэ аймгийн Хушаат, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Алтанбулаг сумдад ажилласан бол үргэлжлүүлээд Шаамар, Дулаанхан, Баруунхараа, Жавхлант Номгон, Зүүнхараа сумдад ажилласан юм.

Сэлэнгэ аймаг нийт тарьсан ургацынхаа 50 хувийг авах боломжтой байна гэв

Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч Сэлэнгэ аймагт гантай байгаатай холбоотойгоор зарим сумдын нөхцөл байдал өмнөх жилүүдийнхээс хүндэрсэн байна. Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатыг ажиллах үеэр орон нутгийн удирдлагууд болон тариаланчид энэ жил ургац хураалтын хувь буурах нь үнэн ч зарим хүмүүсийн мэдээлж байгаа шиг 80-90 хувь ургацаа алдах эрсдэл гарахгүй гэдгийг хэлж байв. Тухайлбал, гантай байгаа зарим сумд өнгөрсөн зун 17-18 центнер ургацыг нэг га талбайгаас хурааж байсан бол энэ жил 8 га болтлоо буурчээ. Гэхдээ сумдын газар тариалан эрхлэгчдийн хэлж буйгаар ямартай ч Сэлэнгэ аймаг нийт тарьсан ургацынхаа 50 хувийг авах боломжтой гэдгийг хэлж байна. Харин тариаланчдын хувьд төр засгаас тариа хураалтад тус дэм үзүүлэх, эргэлтийн хөрөнгийг буй болгох, ирэх жилийн үрийн нөөц бага болох магадлал өндөр байгаа тул эдгээр асуудлуудад анхаарахыг хүсч байна. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд будаагаа бүрэн тушаах шаардлага гарч байгаа гэдгийг ч мөн хэлж байлаа.

Борлуулалтын маркетинг дутагдаж байна

Сэлэнгэ аймгийн 2000 гаруй ЖДҮ-ийн дийлэнх нь ХАА-н чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Тус аймгийн сумд бүгд өөр өөрийн гэсэн аж ахуйтай. Гэхдээ өмнө нь өрхийн аж ахуйн хэмжээнд яригддаг байсан зөгий, хүнсний ногооны аж ахуй эдүгээ үйлдвэрлэлийн чиглэл рүү шилжжээ. Харин тэдэнд нэн түрүүнд тулгамдаж буй асуудал нь борлуулалт. Бүтээгдэхүүнээ аль болох бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргахыг эрмэлздэг боловч “ченжийн” хэв маягаас ангижирч чадахгүй байгаагаа аж ахуй эрхлэгчид хэлж байна. Харин Д.Эрдэнэбат сайдын зүгээс ирэх намрын чуулганаар ЖДҮ-ийн тухай, Үйлдвэр технологийн паркийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг өргөн барихыг дуулгасан бөгөөд зарчмын өөрчлөлт хийхээ илэрхийллээ. Цааш нь Д.Эрдэнэбат сайд “ЖДҮ гэж юу юм бэ гэдгээ нэгдүгээрт тодотгох шаардлагатай. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг ЖДҮ-ээс ялгах ёстой. Үйлдвэрлэлийнх нь хэмжээ, эргэлтийн болон үндсэн хөрөнгөөс шалтгаалж ЖДҮ-ийн статусыг өөрчилнө. ЖДҮ-г ямар зохион байгуулалтаар цаашид хөгжүүлэх вэ гэдэг асуудал хуулийн шинэчилсэн найруулгад орно. Борлуулалтын механизм хамтын ажиллагааны хэлбэр, хөрөнгийн хэмжээ болон зээлийн зориулалтын хөрөнгө энэ хуулиар тодорхой болно” гэв. Мөн Сэлэнгэ аймгийн зарим сумд ХАА-н жишиг парк болж хөгжих өргөн боломж буйг ч дуулгасан юм.

Шаамарын зөгий өрхийн аж ахуйн хэрэглээнээс хальжээ

Ингэж дүгнэх хэмжээнд хүрсэн гэдгийг нутгийн иргэд өөрсдөө хэлж байсан юм. Тухайлбал, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур сумд үр тариагаар улсдаа тэргүүлдэг бол Шаамар сум хүнсний ногоо, зөгийн аж ахуй эрхлэлтээр аймагтаа төдийгүй улсдаа тэргүүлдэг. Анхандаа тус суманд айл болгон хашаандаа ногоо тарьж өрхийн аж ахуйгаас хэтэрдэггүй байсан бол одоо хүнсний ногооны тариалалт нь өрхийн хэрэглээнээс хальж, Шаарамын зөгий гэх брэнд гаргахад ч бэлэн болоод байгаа аж. Шаамарын зөгий гэх брэнд нэр өөрөө алдартай. Гэтэл өөрсдөө энэ нэрээ хамгаалж чадахгүйгээс хүмүүс Шаамарын зөгий гэх мэтээр хотод хулхи зөгийн бал зарах зэрэг асуудал үүсч байгаа гэнэ. Тиймээс өөрсдийн нэрээ хадгалахын тулд Шаамарын зөгийн бал гэдгийг илтгэх сав баглаа боодолтой болох хүсэлтээ тэд Д.Эрдэнэбат сайдад гаргалаа. Мөн зөгий өвөлжүүлэх зоорь, 1000 тонн хүнсний ногоо агуулах зоорь зэрэг хэрэглээ нь улам нэмэгджээ. Зөгийн аж ахуйн эрхэлж буй орон нутгийн иргэдийн 60 гаруй хувь, хүнсний ногоо, нарийн ногоо тариалдаг 200 гаруй өрх нь өөрөө Сэлэнгийн хэрэгцээг хангаад зогсохгүй улсын хэрэгцээг хангах хэмжээнд хүрчихсэн учраас хоёр зоорь барьж өгөөд асуудлыг шийдэхгүй нь тодорхой. Тэр ч утгаараа энэ суманд Аж үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй Хөдөө аж ахуйн парк байгуулах төсөл хэрэгжихэд болохгүй гэх газаргүй болжээ. Энэ шаардлагыг ч Аж үйлдвэрийн сайд онцлон дурьдаж ирэх сард яамнаас ажлын хэсэг явуулан бүх судалгаа тооцоог гаргуулна гэдгээ хэлсэн юм.

Мандал суманд нийт 1000 тоннын багтаамжтай 15 зоорь удахгүй ашиглалтад орно

Д.Эрдэнэбат сайдын Сэлэнгэ аймаг дахь томилолт Мандал суманд ажилласнаар өндөрлөлөө. Тэрбээр Мандал сумын удирдлагууд болон ЖДҮ эрхлэгчид, тариаланчид иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Сэлэнгэ аймгийн Мандал суманд нийт 1000 тоннын 15 ширхэг ногоо хадгалах зоорь барих ажил дуусч энэ сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Дээрх 15 зоориноос 11 нь зуны үлдсэн дөрөв нь өвөл ногоогоо хадгалах зориулалттай юм байна. Нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр баригдаж буй тус зоорийн ажил хийгдсэнээр ногоо эрхлэгчдийн хувьд хадгалах савгүйгээс болоод хямдхан борлуулдаг асуудал байхгүй болно гэж хэлж байна. Иргэд бүлэг хоршооддоо Улаанбаатарын ханшнаас доогуур үнээр хүнсний ногоог нь хадгалуулахаар болоод байгаа юм байна. Үүнээс гадна Мандал Суманд 126 айлын орон сууц, 15.6 км засмал замын ажил гээд дэд бүтцийн хэд хэдэн ажлууд дуусах шатандаа явж байна.

Хуваалцах