Ажилгүй иргэдийн олонх нь эмэгтэйчүүд байна
Монгол Улсын ажиллах хүчний судалгааны энэ оны дөрөвдүгээр сарын тайлангаас харахад бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрөгч дөрөв
Мэдээллийн алба

Монгол Улсын ажиллах хүчний судалгааны энэ оны дөрөвдүгээр сарын тайлангаас харахад бүртгэлтэй ажилгүй иргэн Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч иргэдийн тоо өнгөрөгч дөрөвдүгээр сарын эцэст 48.5 мянга болсны 25.4 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгүүлсэн ажил хайгчдын 33.9 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 1.2 мян.хүн буюу 3.4 хувиар буурч, өмнөх сарынхаас 0.5 мян.хүн буюу 1.6 хувиар өсчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.9 мянга буюу 53.0 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 0.3 пунктээр өссөн бол аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний 4 сард ажилгүй 35.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 4.1 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 38.6 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 1.0 хувийг магистр, доктор, 29.4 хувийг дипломын дээд болон бакалаврын, 7.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 7.4 хувийг техникийн болон мэргэжлийн, 44.6 хувийг бүрэн дунд, 7.1 хувийг суурь, 2.1 хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 61.2 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд энэ үзүүлэлт Өмнөговь, Төв, Орхон, Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ, Сүхбаатар, Дундговь, Хэнтий, Ховд, Архангай, Дорноговь, Увс, Өвөрхангай, Завхан аймагт улсын дунджаас 1.2-13.8 пунктээр илүү байна.


















