Ажилгүйдлийг бууруулахад 2 тэрбум еврогийн төлөвлөгөө хэрэгжүүлнэ
Өчигдөр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд бизнес эрхлэгчдэд зориулсан жил тутмын илтгэлээ сонордуулсан байна.
Мэдээллийн алба

Өчигдөр Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд бизнес эрхлэгчдэд зориулсан жил тутмын илтгэлээ сонордуулсан байна. Тэрээр энэ үеэрээ ажилгүйдлийг бууруулах 2 тэрбум еврогийн сантай төлөвлөгөө хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн гэдгээ зарлажээ. Хоёр жилийн хугацаатай хэрэгжих тус төлөвлөгөөний хүрээнд 250-аас бага ажилтантай Францын аж ахуйн нэгж компаниуд залуу, эсвэл ажилгүй иргэнийг 6 сар буюу түүнээс дээш хугацаагаар ажлын байраар хангасан нөхцөлд төрөөс татаас авах юм. Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг эрс эрчимжүүлэхээр болжээ. Францад ажилгүйдэл 10.6 хувьд хүрсэн нь Европын холбооны дундаж үзүүлэлт болох 9.8 хувиас ч дээгүүр үзүүлэлтэд тооцогдож байна. Харин Герман улсад ажилгүйдлийн түвшин харьцангуй доогуур буюу 4.2 хувьтай байгаа юм. Францын эрх баригчдын гаргасан ажилгүйдлийг бууруулах төлөвлөгөөнөөс үүдэн ард иргэдэд нь санхүүгийн нэмэлт дарамт учрахгүй гэдгийг Франсуа Олланд батлан мэдэгдлээ. Тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зохион байгуулагдахад жил гаруйн хугацаа үлдээд байна. Энэ сонгуулиар улиран сонгогдохоор зорьж байгаа Франсуа Олланд улсдаа ажилгүйдлийг бууруулбал нэр хүндэд нь сайнаар нөлөөлнө гэх найдлага өвөртөлж байгаа юм. Гэхдээ Францын ард иргэдийн олонх нь энэхүү шинэ санаачилга амжилттай хэрэгжих эсэхэд эргэлзэж байна. Франсуа Олланд Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээж авсан 2012 оноос хойш Францад хөдөлмөрийн насны ажилгүй иргэдийн тоо 650 мянгаар өсөж, 3.6 саяд хүрсэн гэх мэдээ байгаа юм.


















