Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ажиллагсдын ёс зүйн зөвлөл байгуулагдав

“Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1 дэх хэсэг, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажиллагсдын ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 20-нд Ерөнхий захирал тушаал гаргаж МҮОНРТ-и

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Ажиллагсдын ёс зүйн зөвлөл байгуулагдав
Ажиллагсдын ёс зүйн зөвлөл байгуулагдав. Зураг: МҮОНРТ

“Олон нийтийн радио телевизийн тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1 дэх хэсэг, МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажиллагсдын ёс зүйн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2014 оны 3 дугаар сарын 20-нд Ерөнхий захирал тушаал гаргаж МҮОНРТ-ийн “Ёс зүйн зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ. Үүнд: “Ажиллагсдын ёс зүйн зөвлөл”-ийн даргаар ММ агентлагийн Ахлах редактор Д.Оргил, нарийн бичгийн даргаар МҮОНР-гийн Утга зохиолын нарийн бичгийн дарга Д.Байгалмаа, гишүүдээр МҮОНР-гийн Нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан, МҮОНТ-ийн Утга зохиолын нарийн бичгийн дарга Г.Золжаргал, MN2 телевизийн Ерөнхий редактор Ж.Эрдэнэцогт нар томилогджээ.

“Ажиллагсдын ёс зүйн зөвлөл”-ийн дарга ММ агентлагийн Ахлах редактор Д.Оргилтой шинэ зөвлөлийн талаар цөөн хором ярилцсанаа та бүхэнд хүргэе.
- МҮОНРТ-ийн “Ажиллагсдын ёс зүйн зөвлөл”-тэй боллоо. Эхний ажлын талаар...
Манай байгууллага өөрөө 700 гаруй ажилтан, албан хаагчтай, телевизийн салбартаа хамгийн ууган байгууллага. Хэдийгээр 2008 онд “Ажиллагсдын ёс зүйн дүрэм” батлагдсан ч түүнийг хэрэгжүүлэх “Ёс зүйн зөвлөл” нь байгуулагдаагүй байсан тул ажилтан албан хаагчидтай энэ талын хариуцлага тооцох нөхцөл нь бүрдээгүй байсан гэсэн үг. Харин одоо МҮОНРТ-ийн ажилтан албан хаагч хэн ч байсан ёс зүйн дүрмийн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд “Ёс зүйн зөвлөл”-өөс дүгнэлт гаргах юм. Нэг үгээр хэлвэл энэ зөвлөлийн үйл ажиллагаа хүний хувь заяатай холбоотой асуудалд оролцох учраас маш хариуцлагатай ажил гэдгийг бид ухамсарлаж байгаа. Тийм ч учраас эхний ээлжинд “Ёс зүйн зөвлөл” албан ёсоор байгуулагдсан гэдгийг МҮОНРТ-ийн нийт уран бүтээлчид, ажилтан албан хаагчдад мэдэгдэж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Ажиллагсдын ёс зүйн дүрэм”-ийг сурталчилж танин мэдүүлэх ажлыг хийнэ. Цаашдаа 2008 онд батлагдсан ёс зүйн дүрмийг одоогийн цаг үетэй нь нийцүүлж өөрчлөн шинэчлэх хэрэгцээ шаардлага ч байна гэж зөвлөлийн гишүүд үзэж байгаа. Гэхдээ энэ асуудлыг Үндэсний зөвлөл, МҮОНРТ-ийн Захирлуудын зөвлөлтэй хамтран шийдэх байх.

- Ер нь ямар зарчмаар ажиллах вэ?
Зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллага гэлтгүй хувийн хэвшлийн бусад томоохон байгууллагууд ч хүртэл өөрсдийн “Ёс зүйн дүрэм”-тэй болсон. Манай байгууллагын хувьд үндэсний, олон нийтийн статустай, тусгайлсан хуультай цорын ганц хэвлэл мэдээллийн байгууллага тул бодлого үйл ажиллагааны, мэргэжлийн гээд олон онцлог байна. Тухайлвал хүнтэй хэрхэн яаж харьцахаас эхлээд зан харилцааны, цаашлаад мэргэжлийн ёс зүй, тэр дундаа сошиал медиа буюу олон нийтийн цахим сүлжээнд ямархуу байдлаар санал сэтгэгдлээ үлдээх вэ гэдгээ хүртэл бодолцох хэрэгтэй болж байна. Хэдийгээр цахим ертөнц тухайн хүний хувийн орон зай байж болох ч гэлээ миний дээр хэлсэнчлэн ажил мэргэжлийн онцлогоос хамаараад тухайн сэтгэгдэл, бичвэрийг олон нийт уншаад хувь хүний гэхээсээ илүүтэй MNB-н байр суурь гэж хүлээж авах талтай. Тиймээс энэ мэт хөдөлмөрийн, зан харилцааны, ёс зүйн гээд бүхий л харилцааг дүрмэндээ тусгахыг зорьж ажиллана. Мэдээж хэрэг тодорхой зүйл заалт бүхий чамбай “Ёс зүйн дүрэм”-тэй байхад зохих зарчим, шаардлага тавьж ажиллахад хаа хаанаа илүү ойлгомжтой, амар хялбар байх болно.

- “Ёс зүйн зөвлөл”-тэй болсноор ямар ач холбогдолтой вэ?
Ёс зүйн хэм хэмэээг зөрчсөн эсэх дүгнэлтийг зөвхөн Ёс зүйн зөвлөл гаргана гэхээсээ илүүтэй нийт уран бүтээлчид албан хаагчид өөрсдөө мөн идэвхитэй оролцоотой байх хэрэгтэй юм. Учир нь дан ганц уран бүтээлчдийн зан харилцаа, мэргэжлийн ёс зүйгээс гадна шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудын ёс зүйн хэм хэмжээ ч яригдаж байгаа. Тиймээс дүрмээ маш сайн уншиж судлах шаардлагатай шүү гэдгийг хэлмээр байна. Жишээ нь: “Тухайн уран бүтээлчийн мэдлэг мэдээлэл, хувийн үзэл бодлыг нь үл хүндэтгэн хүсээгүй ажлыг нь хийлгэхээр шийдвэр гаргагч хүн албан тушаалаараа далайлгавал, хэл амаар доромжилвол ч гэдэг юм уу... энэ бүх тохиолдолд уран бүтээлчид “Ёс зүйн зөвлөл”-дөө хандаж байх шаардлагатай юм.

“Ажиллагсдын ёс зүйн зөвлөл”-ийн талаар уран бүтээлчдийн үзэл бодлыг сонирхуулж байна.
МҮОНР-гийн Хурд агентлагийн редактор С.Мөнгөнтуяа “Олон нийтийн радио, телевизийн ажиллагсдын ёс зүйн зөвлөл ажлаа эхэлж байгаад баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Мэдээж салбар бүрт, ажил мэргэжил бүрт ёс зүй, хариуцлагын асуудлыг чухалчилж байна. Ялангуяа олон нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг манай хамт олны хувьд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ёс зүйн хэм хэмжээгээ сахин ажиллах нь юу юунаас чухал гэж бодож байна. 2008 онд МҮОНРТ-ийн ажиллагсдын ёс зүйн дүрмийг баталж ажилтны ёс зүйн зарчим, тавих шаардлагуудыг тусгасан байдаг. Энэ дүрмээ эргэн харж, шаардлагатай бол шинэчлэн баяжуулж, ёс зүйгээ зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авч байхыг ч тодорхой болгох хэрэгтэй байх”.

МҮОНТ-ийн Уран бүтээлийн I нэгдлийн редактор Д.Бямбацэцэг “Ёс зүйн зөвлөл нь уран бүтээлчид, сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг, ёс зүйн алдаа гаргахгүй байхын тулд тухайн уран бүтээлчид юуг анхаарах ёстой гэдгийг нэн тэргүүнд боловсруулж танилцуулж, ойлгуулах ёстой байх. Яагаад гэвэл уран бүтээлчид уран бүтээл хийх явцдаа янз бүрийн эрсдэлд орох боломжтой. Магадгүй хууль эрхзүйн мэдлэг дутмагаасаа болоод алдаа гаргаж болзошгүй гэх мэт. Тиймээс уран бүтээлчиддээ хандаж илүү танин мэдүүлэх сургалт явуулах хэрэгтэй. Телевизийн урлагийн энэ өрсөлдөөн дунд биеэ зөв авч явах, ур чадвартай байх, бусдаас мэргэжлийн өндөр түвшинд байх, ёс зүйтэй байхад нь “Ёс зүйн зөвлөл” туслагч, зөвлөгч, хамтрагч нь байгаасай гэж хүсэж байна. Алдаа гаргуулахгүй байхын тулд юу хийх үү гэдгээ маш сайн боловсруулаасай. “Ниргэсэн хойно нь хашгирах нь” гэдэг шиг алдаа гаргасан хойно нь хэн нэгэнд хариуцлага тооцсоноос, алдаа гаргахаас нь өмнө уран бүтээлчдэд ийм нийтлэг алдаа байна гэж мэдээлэл өгч судалгаан дээр суурилж юу хийхээ сайн тодорхойлж ажиллаасай гэж хүсэж байна”.

ММ Агентлагийн Ахлах редактор Т.Үүрцайх “Монголын хуульчид анх удаа өөрийн дотоод хяналтын байгууллагатай болж, хуульчдын ёс зүйн асуудлуудыг шийддэг болсон. Энэ бол олон нийттэй харилцдаг, ёс зүйн хэм хэмжээ өндөр байх ёстой мэргэжлийн бүлгийнхний хувьд үлгэр жишээ гэж хэлж болох анхны том алхам болсон юм. Сэтгүүлчдийн байгууллагуудад өнөөдрийн байдлаар ус агаар шиг хэрэгтэй зүйл бол энэ. Үүний эхлэл болгож МҮОНРТ “Ёс зүйн зөвлөл” байгуулсан нь бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд, тэнд ажиллаж байгаа сэтгүүлч, мэргэжилтнүүдэд жишээ болж, түрүүнд нь алхаж чадсан гэж бодож байна. Тусдаа баримтлах хуультай, ёс зүйн дүрэмтэй МҮОНРТ-ийн сэтгүүлчдийн хувьд ур чадвараас гадна ёс зүйн хэм хэмжээ, зарчимаараа бусдаас өндөр байх шаардлага байгаа учраас энэ зөвлөл чухал үүрэгтэй. Нөгөө талаар сэтгүүлчдийг хууль шүүхийн өмнө очиж, асуудал хүндрэхээс өмнө байгууллага дотроо шийдэх нь тэдэнд бас “хамгаалалт” болж өгөх чухал ач холбогдолтой байх болов уу гэж бодож байна”.

Хуваалцах