Ажлын хэсэг орон нутагт ажиллав
"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний эхлэл болгож, өнгөрөгч бямба гарагт ХХААХҮЯ, Монголын махны холбоо,
Мэдээллийн алба

"Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний эхлэл болгож, өнгөрөгч бямба гарагт ХХААХҮЯ, Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл, долоон мах төхөөрөх болон боловсруулах үйлдвэрийн төлөөлөл бүхий ажлын хэсэг Дархан-Уул аймгийн "Дархан меат фүүдс" ХХК дээр ажиллалаа. Ажлын хэсэг "Дархан меат фүүдс" ХХК-ийн мах боловсруулах анхан шатны үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, ээмгийг махны үйлдвэрт зураасан код болгох, тоног төхөөрөмж, програм хангамжийн сургалтад хамрагдсан юм. Энэ үеэр тус арга хэмжээг зохион байгуулж буй, хамрагдаж буй байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй ярилцаж, байр суурийг нь сонслоо.
Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэх "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцооны загвар арга хэмжээ"-ний хүрээнд малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүсээс мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамрагдсан, эмийн үлдэгдэлгүй малын махыг хүнсний хэрэгцээнд нийлүүлж, нядалгааны үеийн болон нядалгааны дараах гэмтэлгүй арьс ширийг үндэсний боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй махаар ханган, арьс ширэн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлнэ гэж ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хэсгийн дэд дарга Б.Батхүү хэлж байна.
Арьс ширний түүхий эдэд амьд үе, нядалгааны үеийн, нядалгааны дараах үеийн гэмтэл гэж зонхилон тохиолдож байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө арьс ширэн түүхий эдийг хүлээж авах нэгдсэн сүлжээтэй байсан боловч одоогийн нөхцөлд энэ тогтолцоо алдагдсан. Амьд үеийн гэмтэл нь малын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой тарилга, туулгалт, угаалга, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг үйлчилгээнд малаа тогтмол хамруулаагүйгээс үүсдэг. Нядалгааны үед арьсыг эсгэх, урах, тасдах зэрэг гэмтэл үүсдэг. Уг арга хэмжээний хүрээнд арьсыг технологийн дагуу өвчөх, чанарын хамгаалалт хийх буюу арьсыг хатаах, хөлдөөх, давслах аргад үйлдвэрүүд суралцаж, арьс ширний гэмтэл аль шатанд гарч байгааг тогтоон, уг шатанд гарсан алдааг зассанаар түүхий эдийн гэмтэл буурч, үнэ цэнэ өснө гэж үзэж байгаагаа арьс ширний зөвлөх С.Даваажав хэллээ.
"Дархан меат фүүдс" ХХК нэг ээлжиндээ 350 бод, 2500 бог нядлах, 40 тонн мах шулах, 10 тонн мах дулааны аргаар боловсруулж, 1,5 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2014 онд махны чанар, аюулгүй байдлыг хангасан эрүүл ахуйн олон улсын стандартыг нэвтрүүлсэн, улсдаа махны экспортын хэмжээгээрээ тэргүүлэх үйлдвэр юм. Иран, Узбекстан, ОХУ руу мах экспортолдог "Дархан меат фүүдс" ХХК мөшгих тогтолцоонд нэгдсэнээр илүү баталгаатай, чанартай бүтээгдэхүүнийг дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэх боломжтой болно гэж үзэж байгаагаа тус компанийн ерөнхий захирал М.Энхбаатар мэдэгдлээ.
"Мах маркет" ХХК нь 180 гаруй мэргэжлийн ажилтантай, орчин үеийн техник технологиор тоноглогдсон, хоногт мянган толгой бог мал төхөөрөх, 8-10 тонн мах шулж ангилах, 3-4 тонн хагас боловсруулсан, 2-3 тонн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, 7500 тоннын мах хадгалах хүчин чадалтай хөргүүрийн зоорьтой мах боловсруулах үйлдвэр юм. Тус үйлдвэрийн зөвлөх С.Зоригийн үзэж байгаагаар "Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээ, мөшгих тогтолцоо бүрэн утгаараа хэрэгжсэнээр хүнсний аюулгүй байдал хангагдаж, гар аргаар бэлтгэж буй эрсдэлтэй мах, махан бүтээгдэхүүн зах зээлээс шахагдана гэв.
Улс орон даяар мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх болон малын үржүүлэг, селекцийн ажил, үйлчилгээг хэрэгжүүлэх бүх нийтийн ажил болгон аян хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Уг ажлын хүрээнд 1990-ээд оноос өмнө мал эмнэлгийн практикт хэрэглэж байсан дархлаажуулалт, угаалга, боловсруулалт, туулгалт, ариутгал халдваргүйжүүлэлт зэрэг мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээг хуваарьт төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Нөгөө талаас мэргэжлийн малын эмч л малд вакцин хийж, түүнээс хойш дархлаа тогтох хүртэл малаа нядлахгүй байх нь малын эмийн үлдэгдэлгүй байх энгийн бөгөөд найдвартай арга гэдгийг Дархан-Уул аймгийн Дархан сумын "Ветмон" ХХК-ийн малын их эмч Н.Гэрэлцолмон зөвлөлөө.


















