АНУ Ираны төлөөлөгчдийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейд оролцохыг зөвшөөрөв
Мэдээллийн алба

АНУ Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчи тэргүүтэй төлөөлөгчдийг Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтад оролцохыг зөвшөөрчээ. Вашингтон, Тегераны хооронд зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байгаа ч АНУ НҮБ-ын төв байр байрладаг улсын хувьд хүлээсэн үүргийнхээ хүрээнд Ираны үндсэн төлөөлөгчдөд нэвтрэх боломж олгож байгааг Төрийн департамент мэдэгдсэн байна.
Ираны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн өнгөрсөн жилийнхээс цөөн байх бөгөөд АНУ-д байх хугацаанд нь зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тавина. Түүнчлэн тансаг хэрэглээний болон зарим төрлийн бараа худалдан авахыг хориглох ажээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы ерөнхий хэлэлцүүлэг есдүгээр сарын 22-нд Нью-Йорк хотод эхэлнэ. Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан есдүгээр сарын 23-нд чуулганд үг хэлэх хуваарьтай байна.
Харин АНУ-ын Төрийн департамент Палестиныг чөлөөлөх байгууллагын гишүүд болон Палестины үндэсний захиргааны албан тушаалтнуудад тавьсан визийн хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Үүнд Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас багтаж байгаа бөгөөд тэрбээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанд биечлэн оролцох виз аваагүй байна. Энэ нь АНУ Палестины дээд түвшний төлөөлөгчдөд виз олгохоос татгалзсан хоёр дахь жил болж байгаа юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей Махмуд Аббасыг чуулганд цахимаар үг хэлэхийг зөвшөөрсөн тогтоолыг есдүгээр сарын 17-нд баталжээ.


















