Ахмад багш нарын шинэ жилийн цэнгүүн боллоо
Дархан-Уул аймгийн ахмад багш нарын шинэ жилийн цэнгүүн өчигдөр боллоо. Тус аймгийн хэмжээнд гавьяаныхаа амралтанд гарсан 1300 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид байдаг.
Мэдээллийн алба

Дархан-Уул аймгийн ахмад багш нарын шинэ жилийн цэнгүүн өчигдөр боллоо. Тус аймгийн хэмжээнд гавьяаныхаа амралтанд гарсан 1300 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчид байдаг. Тэдний дундаас “Гавьяат багш” 4, “Улсын шилдэг багш” 4, “Монгол улсын зөвлөх багш” 21 төрөн гарсан нь Дарханчууд бидний бахархал юм.
Эдгээр эрхэм хүмүүсийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөр шингэсэн боловсролын салбар маань жилээс жилд өргөжин тэлж, өнөөдөр аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 18998 хүүхэд, 43 цэцэрлэгт 7762 хүүхэд, Их дээд сургууль, коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 6374 оюутан суралцагчид суралцаж байна.
Бидний ирээдүй, хойч үе болсон хүүхэд багачуудын төлөө бие сэтгэлээ харамгүй зориулж олон мянган шавийг бэлтгэн ажиллаж ирсэн багш нарын алдар гавьяаг тоолж баршгүй гэдгийг баярын хүндэт зочин аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат хэлсэн үгэндээ онцлов. Тиймээс ч өнөөдөр Найрамдлын Дархан тэмдэг, Тэргүүний ажилтан цол тэмдгээр зургаан эрхэм энгэрээ мялаалаа.
Өөрөөрөө биш шавиараа бахархаж, эгэл сайхан залуу насаа "БАГШ" хэмээх эрхэм алдраар гоёж ирсэн буянтай буурал, ахмад багш та бүхэндээ удахгүй болох шинэ оны мэндийг дэвшүүлж, эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөе.
М.ГҮНЖИЛХАМ
Дархан-Уул аймаг


















