Алан хядагчид маш бага мөнгөөр халдлага үйлдэх боломжтой...
Францын засгийн газар саяхан Парис хотноо болсон террорист ажиллагаатай адил халдлага үйлдэхэд доод тал нь 20 мянган евро байхад хангалттай байдаг гэсэн тооцоог гаргажээ.
Мэдээллийн алба

Францын засгийн газар саяхан Парис хотноо болсон террорист ажиллагаатай адил халдлага үйлдэхэд доод тал нь 20 мянган евро байхад хангалттай байдаг гэсэн тооцоог гаргажээ. Иймд Франц улс алан хядагчдыг санхүүгийн эх үүсвэрээ бүрдүүлэх гол аргуудын нэг болох урлагийн бүтээлийн хууль бус наймааг зогсоох, үүнд хяналт тавихыг улс орнуудад уриалж байна.
20-30 мянган евро гэдэг Франц гэх мэт ардчилсан орнуудын хувьд маш бага мөнгө. Гэвч алан хядагчид халдлага үйлдэхэд энэ хэмжээний мөнгийг олохын тулд маш жижиг бизнесийн харилцааг хөгжүүлж чадаж байна. Өөрөөр хэлбэл 2500 еврогийн жижиг арилжааг 10 удаа хийхэд л Парист болсонтой адил террорист халдлага үйлдэх санхүүгийн орчин нь бүрддэг гэсэн үг юм байна. Иймд Франц ч гэлтгүй бусад улс орнууд бичил бизнесийн харилцаагаар санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх нөхцөлд хяналт тавих зайлшгүй шаардлага тулгарч байгааг Францын сангийн яамнаас анхааруулж байна.
Хулгайн аргаар олсон урлагийн бүтээлүүдийг хил давуулан худалдаалах үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах шаардлагатай. Учир нь Ислаиын улс бүлэглэлийн хувьд санхүүжилтээ олох нэг арга нь энэ төрлийн наймаа байдаг бөгөөд урлагийн бүтээл худалдан авагчид тухайн бүтээлийн эх сурвалж, гарвалыг мэддэггүй, шалгаж нягтлахыг ч илүүд үздэггүй учраас энэ төрлийн бизнес алан хядагчдын хувьд амар аргаар мөнгө олох нэг арга нь болсон гэдгийг Францын засгийн газраас сэрэмжлүүлж байна.


















