Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Алжир улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хойшлуулжээ

Алжир улсад ирэх долоодугаар сарын 4-ний өдөр болохоор төлөвлөсөн Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчгүйгээс болж хойшлогдож байна гэж “Франс 24” суваг мэдээллээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Алжир улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хойшлуулжээ
Алжир улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг хойшлуулжээ. Зураг: МҮОНРТ

Алжир улсад ирэх долоодугаар сарын 4-ний өдөр болохоор төлөвлөсөн Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшигчгүйгээс болж хойшлогдож байна гэж “Франс 24” суваг мэдээллээ.

Нэр дэвшигчдийн бүртгэлийг хариуцдаг Алжирын Үндсэн хуулийн зөвлөл сонгуульд өрсөлдөх хүсэлтэй хоёр хүний бичиг баримт хүлээн авсан байна. Гэтэл нэр хүнд тийм ч өндөр биш энэ хоёр улстөрчийг нэр дэвшүүлэх боломжгүй гэж шийдвэрлэжээ. Харин төрийн тэргүүнд өрсөлдөх боломжтой улстөрчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан байна.

Түүнчлэн сонгууль зохион байгуулах шинэ хугацааг ч товлож чадаагүй байна. Алжир улсыг өдгөө түр Ерөнхийлөгч Абделькадер Бенсалах удирдаж байна. Парламентын дээд танхимын дарга байсан тэрбээр шинэ Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болтол төр барих үүрэгтэй. Энэ дагуу ирэх долоодугаар сарын 9-нийг хүртэл түр удирдагчаар томилоод байсан билээ.

Алжир улсыг 20 жилийн турш удирдсан Абдельазиз Бутефлика нь улс оронд өрнөсөн олон нийтийн эсэргүүцлийн улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд огцрох хүсэлтээ өгсөн. Үүний дараахан Алжирт Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг долоодугаар сарын 4-нд явуулахаар товлосон юм. Энэ улсад өнгөрсөн сарын 10-наас эхлэн эрх баригч элитүүдийг эсэргүүцсэн жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуулийн хугацааг хойшлуулахаар болсон нь Алжирын зарим иргэдийн дургүйцлийг төрүүлж байгаа юм.

Хуваалцах